Бүсээ чангалахаас өөр аргагүй юу? 

Хуучирсан мэдээ: 2021.07.14-нд нийтлэгдсэн

Бүсээ чангалахаас өөр аргагүй юу? 

Бүсээ чангалахаас өөр аргагүй юу? 

Шатахууны үнэ дахин өсөх магадлал өндөр байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, дахин буурдаггүй бичигдээгүй хууль Монгол Улсад үйлчилдэг. Энэ нь ядруухан амьдарч буй монголчуудад нэрмээс болох нь ойлгомжтой.

Өнгөрсөн зургадугаар сард шатахууны үнэ литр тутамд 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Энэ нь зорилготой тараасан мэдээлэл болж таарч, бодит амьдрал дээр биелэлээ олж буй бололтой. Долдугаар сар эхлэв үү, үгүй юү шатахуун импортлогчид шатахууны үнээ 300 төгрөгөөр нэмсэн.

Литр шатахуунаас 800 төгрөг алдаж байгаа гэх монополь голдуу компаниуд литр тутмын үнээ нэг удаад 300 төгрөгөөр нэмээд зогсохгүйг энэ сарын 2-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “дуулгасан”. Эндээс өнгөрсөн зургадугаар сарын таамаг нэмэгдэл болох 600 төгрөгөөс үлдсэн 300 нь одоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, бидэнд бүсээ чангалахаас өөр сонголт үлдээгүй бололтой.

Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамаардаг. АМХЭГ шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах чиглэлээр арга хэмжээ авсаар ирсэн.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан билээ. Мөн оны зургадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан ч улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 бензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тус тус тогтвортой барив.

Өдгөө шатахууны үнийг тогтвортой барих 2-3 төрлийн хувилбар судалж буйгаа холбогдох албаныхан хэлсэн ч өнөөдрийн байдлаар яаж, хэрхэн бууруулах талаар тодорхой мэдээлэл алга.

Шатахууны үнийн өсөлтийг цаашид барьж дийлэхгүй, үнэ нэмэгдэх нь ердөө цаг хугацааны асуудал гэдгийг холбогдох албаныхан урьдчилан анхааруулсан. Шатахуунаа 100 хувь импортлодог манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр газрын тосны ханшийн өсөлт, бууралтаас үнэ нь хамаардаг.

Аялал зугаалгаар орон нутгийг зорьсон иргэд зарим аймаг, сумдад Аи 92 шатахууны олдоц муу, байгаа цөөн газраас нь хэдэн цагаар дугаарлаж зогсож байж олж авч буй мэдээлэл өгч байна.

Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар, Covid-19-ийн “Delta” хувилбарын тархалт эрчимжиж буй нь эдийн засгийн сэргэлт удааширч, газрын тосны эрэлтийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол үүссэн хэвээр байна. Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ баррель тутамдаа 76 ам.долларт хэлбэлзэж байгаа бөгөөд үнэ нь 10 гаруй хувиар өсөөд буй юм.

“RBC Capital Markets”-ын тооцоолсноор, OПЕК+-ийн Өргөтгөсөн бүлэг наймдугаар сард нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээг 500 мянгаас нэг сая баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Мягмар гаригийн арилжаагаар WTI төрлийн газрын тосны үнэ 1.07 хувиар өсч, баррель нь 76.30 ам.доллар болсон байна. Харин Брент төрлийн газрын тосны үнэ 1.14 хувиар өмч, 76.30 ам.доллар болсныг "Oil price" мэдээлэв.

“Goldman Sachs”-ийн шинжээчид энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бол “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байгааг танилцуулсан билээ.

Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA) 2021 оны газрын тосны эрэлтийн таамгийг өдөрт 270 мянган баррелиар бууруулж, 5,4 сая баррель болгосон. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улирлын хүлээлтээс бага байсан нь БНЭУ-д газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой байв.

Дэлхийн газрын тосны үнэ ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлсэн тохиолдолд, Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал, мөн Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол гэсэн тодорхой хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтойг шинжээчид хэлж буй юм.

Хэдийгээр он гарсаар газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээлд тодорхойгүй байдал хэвээр тул үнэ өссөн ч  удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж буй зах зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК+ үзэж буй юм.

“Global petrol prices”-ийн мэдээллээр, 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар ОХУ-д Аи-92 шатахууны литр тутмын үнэ 1950 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 1918 төгрөг байв. Өнгөрсөн Мягмар гариг (2021.07.13)-ийн байдлаар АИ-92 шатахууны үнэ өдөрт 0.5 хувиар өсч, тонн нь 2145 төгрөг болжээ. Харин дизель түлшний үнэ литр нь 1836 төгрөг байна.

БНХАУ-д долдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Аи-92 шатахууны литр тутмын үнэ 3270 төгрөг, дизель түлшний литр тутмын үнэ 2883 төгрөг тус тус байжээ. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш шатахууны үнэ нийт 12 удаа нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж