Италийн шигшээ баг түрүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаанууд

Хуучирсан мэдээ: 2021.07.13-нд нийтлэгдсэн

Италийн шигшээ баг түрүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаанууд

Италийн шигшээ баг түрүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаанууд

Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд хоёр хоног өнгөрчээ. 1968 оноос хойш ЕАШТ-ий тэмцээнд түрүүлээгүй байсан Италичууд аваргын цомыг Ром хотноо залаад байгаа. Тэгвэл бид бүхэн энэ удаад Италийн шигшээ баг энэ тэмцээнд сайн байсан гол шалтгаануудыг хүргэж байна.


Сайн сэтгэл зүй

Гурван жил шахуу ялагдал гээчийг амсаагүй Итали энэ тэмцээнд үнэхээр өндөр сэтгэл зүйтэй орж ирсэн. Шигшээ багийнхаа түүхэн дэх хожлын цувралыг үргэлжлүүлсээр буй Аззуричуудын бодолд тэднийг зогсоох баг үгүй байсан. Энэ нь тэмцээн эхлэх үеэс л ажиглагдаж бүх өрсөлдөгчдийнхөө эсрэг довтолж тоглож байв. Хүчирхэг довтолгоотой Бельги, 55 жилийн дараа том тэмцээний шигшээд тоглож буй Англичуудын эсрэг ч тэд довтолсоор л байв. 

Магадгүй тэд өрсөлдөгчдөөсөө “бэргэж” өөрсдийн тоглолтын үндсэн хэв маягийг эвдсэн бол байдал өөрөөр эргэх байсныг ч үгүйсгэхгүй. Энэ бүхэнд мэдээж хэрэг дасгалжуулагч Роберто Манчини гол үүрэг гүйцэтгэсэн. 

Талбайн жанжин

Италийн шигшээ багт энэ жилийн хувьд тийм ч олон супер одод байсангүй. Гэхдээ энэ багийг зангидах талбай дээр багийнхнаа удирдах нэг чухал эрхэм байсан нь Жиоржиа Кьеллини. 37 настай хашир хамгаалагч багийнхныгаа зоригжуулж, багаа удирдахдаа хэнээс ч дутахааргүй “мэргэжилтэн”. Тэмцээн эхлэхийн өмнө түүнийг сэлгээнд суух болов уу гэж таамаглаж байсан ч “харих” болоогүй шүү гэдгээ энэ удаагийн тэмцээнээр харуулав. 

Хэсгийн хоёр дахь тоглолтод бэртэл аван сэлгээнд суусан ч азаар уг бэртэл нь хөнгөн байсан. Ювентусын хослол хамгаалалтад хэнийг ч дагуулахгүй супер байж довтолгоо ч мөн Бонуччи, Кьеллини нараас эхэлж байсан.

Гайхалтай хаалгач

Өдгөө ердөө 22 настай залуу хаалгач Жианлужи Доннарума Италийн шигшээн төдийгүй тэмцээний гол баатар байлаа. Ердөө 17 насандаа алдарт АС МИЛАН клубын хаалгыг манах болсон Доннарумаг миний хувьд хэтэрхий өндрөөр үнэлэгдсэн нэгэн хэмээн боддог байв. Гэтэл тэр энэ удаагийн тэмцээнд өөрийгөө хангалттай харуулж хоёр ч тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэх үед багаа ялалтад хөтөлсөн.

Үүгээр зогсохгүй нуруулаг, тэсрэлттэй, ур чадвар өндөртэй учир эсрэг баг нь чөлөөт цохилт, булангийн цохилт гүйцэтгэх үед Аззуричууд айх зүйлгүй байсан. Хувийн биш байршсан хамгаалалт хийж байсан тэд Доннарумагийн ачаар сөрөг довтолгоонд ч хурдан шилжих боломж олдож байлаа.

Нууц хөзөр

Хэсгийн тоглолтуудад сэлгээнд сууж байсан Фэдэрико Кьеза тэмцээн дуусах үед ялангуяа шигшээ тоглолтод Италийн довтолгооны гол хүн болон хувирсан байв. Бүтэн талбай туулах чадвар, ур чадвар сайтай түүнд дасгалжуулагч Роберто Манчини бөмбөгний бүх эрх мэдлийг өгсөн байсан.

Ювентус клубдээ ч тогтмол гараанд гарахгүй байсан Кьеза энэ Еврогоор өөрийгөө дэлхийн хэмжээний супер од болсон гэдгээ баталсан. Австри болон Испанийн багуудын эсрэг чухал гоолуудыг оруулсан Кьезагийн үнэ тэмцээний дараагаар “тэнгэрт хадах” нь дамжиггүй.

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж