Евро 2020 тэмцээний финалын тоглолт сонирхолтой болж эцсийн мөчид торгуулийн цохилтоор Италийн шигшээ баг хожин хоёр дахь удаагаа Европын аваргын цомыг өргөлөө. Энэ жилийн Евро маш олон олон рекорд амжилтууд эвдэгдсэн сонирхолтой, үзүүштэй тэмцээн болж өндөрлөлөө. Нийт 51 тоглолт явагдсан бөгөөд 142 удаа “хаалганы тор” хөдөлсөн байна.Энэ удаа бид та бүхэнд энэ жилийн Еврод маш том итгэл найдвар хүлээлгэсэн ч харамсалтай нь түүндээ хүрээгүй 11 тоглогчийг танилцуулах гэж байна.
Хаалгач: УКУРЧАН ЧАКИР
Тэмцээн эхлэхийн өмнө Туркийн шигшээ цахиур хагалах багуудын нэгээр нэрлэгдэж байлаа. Гэвч Туркчууд эсрэгээрээ маш муу тоглолт үзүүлж хэсгийн бүх тоглолтдоо хожигдож мултарсан билээ. Туркчуудын хаалгыг манаж байсан Укурчан Чакир хаалгандаа нийт найман гоол алдсан нь түүнийг ямар тааруу тоглосныг илтгэнэ. Өдгөө 26 настай түүнийг энэ удаагийн тэмцээнд өөрийгөө батлан харуулах болно гэж ихэнх хөлбөмбөг судлаачид үзэж байсан ч хангалттай сайн биш байлаа.
Хамгаалагч: РУБЕН ДИАС
2020-21 оны улирлын Прьемер лигийн шилдэг тоглогч Португал хамгаалагч Рубен Диас энэ удаагийн тэмцээнд хүлээлтэд хүрсэн тоглолтыг үзүүлж чадсангүй. Португалын шигшээ баг энэ Еврод нийт дөрвөн тоглолт хийж хаалгандаа долоон гоол алдсан гэх маш тааруу үзүүлэлттэй тэмцээнээ өндөрлүүлэв. Хэдий тэдний довтолгоо болж байсан ч хамгаалалт тийм ч сайн байж чадсангүй. Европын Аваргаа хамгаалагч Португалчууд энэ удаагийн Еврог шөвгийн 16-аас өндөрлүүлсэн гэдгийг хөлбөмбөг сонирхогчид та бүгд андахгүй болов уу.
Хамгаалагч: АНТОНИ РУДИГЕР
Өнгөрсөн улирлын Аваргуудын аварга Антони Рудигер энэ удаагийн Еврод Германы шигшээ багийнхаа хамтаар нилээн хүлээлттэй зорьж ирсэн ч шөвгийн 16-д Английн шигшээ багт хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Рудигер ч клубтээ үзүүлдэг нөлөөгөө шигшээ багтаа үзүүлж чадсангүй. Тэрээр маш муу тоглолтыг үзүүллээ. Гэвч тэд 2022 оны Дэлхийн Аваргад хүчтэй эргэн ирэх нь дамжиггүй биз ээ.
Хамгаалагч: ЯАН БЕДНАРЕК
Өнгөрсөн улирлын Английн Прьемер лигийн шилдэг хамгаалагчдын тоонд багтахаар хэмжээний тоглолт үзүүлсэн Беднарек Польшийн шигшээ багийн гол тоглогч болоод байсан. Яан Беднарек харин энэ Еврод хүлээлтээс доогуур тоглож Польшийн шигшээ багийнхаа хамтаар хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Залуу тоглогчийн хувьд цаашдаа олон тэмцээнд шигшээ багтайгаа хүч үзэх нь гарцаагүй. Удахгүй топ клубын хамгаалалтыг сахих тоглогч гэж сайшаагдаж байгаа ч энэхүү тэмцээнээр өөрийгөө баталж хараахан чадсангүй.
Хамгаалагч: БЕНЖАМИН ПАВАР
2018 оны Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний нээлт болоод байсан Павар энэ жилийн Европын Аваргад тийм ч сайн тоглолт үзүүлж чадсангүй дуусав. Өнгөрсөн дэлхийн аварга Францчууд шөвгийн 16-т Швейцарийн шигшээ багт пеналтиар хожигдсон нь тэмцээний хамгийн том сенсаци байлаа. Тэдний хувьд хамгийн том асуудал нь хамгаалалт байсан бөгөөд үндсэн цагт Швейцарийн шигшээ багт гурван гоол алдсан гэх тааруу амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Хагас хамгаалагч: БРУНО ФЕРНАНДЕШ
Өнгөрсөн улирлын Манчестер Юнайтэд клубийн шилдэг тоглогч Бруно Фернандеш энэ удаагийн тэмцээнд Криштиано Роналдотай хэрхэн зохицож тоглох уу хэмээн олон сэтгүүлч, аналистүүд ярилцан өндөр хүлээлттэй ирсэн. Гэвч Бруно талбай дээр үр нөлөө багатай тоглолтыг үзүүлж шигшээ багтаа тус хүргэж чадсангүй. Өнгөрсөн улиралд тэрээр Манчестер Юнайтэд клубийг бүх л талаараа чирж байсан нь том хүлээлт үүсгэсэн билээ.
Хагас хамгаалагч: ЭДЕН АЗАР
Сүүлийн хоёр улирал гэмтлийн улмаас нилээн хэдэн тоглолтыг өнжсөн. Клубтээ форм муу байсан ч тэрбээр шигшээ багтаа онцгой сайн тоглолтыг үзүүлдэг нэгэн билээ. Тэрээр Бельгийн шигшээ багийнхаа төлөө 111 тоглолтод оролцож 32 гоол оруулаад байгаа юм. Харамсалтай нь энэ тэмцээнд бэртэл гэмтлээсээ шалтгаалж төдийлөн багтаа тус нэмэр үзүүлж чадсангүй.
Хагас хамгаалагч: СӨРЖ НАБРИ
Байерн Мюнхен клубийн төлөө өнгөрсөн улиралд тун сайн тоглолт үзүүлж чадсан тэрбээр шигшээ багийнхаа дундын шугамын гол тоглогчдын нэг аль хэдийнээ болоод байсан. Гэвч энэ удаагийн тэмцээнд маш хангалтгүй тоглолтыг үзүүлж дөрвөн тоглолтод оролцож нэг ч гоол, гоолын дамжуулалт өгөөгүй байна. Залуу тоглогчийн хувьд даагаа нэхэх он жилүүд олон бий бол уу.
Довтлогч: КИЛЛИАН МБАППЕ
Дэлхийн шилдгүүдийн нэг болоод буй Францын шигшээ багийн номер нэг довтлогч Киллиан Мбаппе энэ удаагийн Еврод маш хангалтгүй тоглож нэг ч гоол оруулаагүй тэмцээнээ дуусгажээ. Францын шигшээ эрт тэмцээнээ өндөрлүүлсэн нь Киллиан Мбаппегийн муу тоглолттой маш холбоотой юм. Тэднийг одоо 2022 оны ДАШТ л хүлээж байна. Аваргаа хамгаалагч гэдгээрээ Францчуудын хувьд онцгой тэмцээн байх бол уу.
Довтлогч: ЧЕНГИЗ УНДЕР
Туркийн шигшээ энэ жилийн Еврод багаараа маш тааруу тоглосон. Туркийн авьяаслаг олон ч залуу тоглогчдын нэг бол гарцаагүй Ченгиз Ундер болоод буй. Дөнгөж 23 нас шүргэж яваа залуу довтлогчийн хувьд туршлага хуримтлуулсан тэмцээн болсон болов уу. Багаасаа л Италийн лигт од болон гялалзаж байсан залуу. Одоо Английн Лэйстер Сити клубт хүчин зүтгэж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд талбай дээр төдийлөн олон боломж олдоогүй юм. Гэвч түүнийг энэ жил багтаа маш том тус нэмэр үзүүлэх болно гэж таамаглаж байсан ч талаар боллоо.
Довтлогч: ТИМО ВЕРНЕР
Энэ улиралд Челси клубынхээ хамтаар Аваргуудын лигт манлайлсан Вернерийг энэ жилийн Еврод өөрийгөө батлан харуулах болов уу гэсэн таамагтай байсан ч өөрт олдсон боломжоо ашиглаж чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Нийт гурван тоглолтод оролцож 108 минутыг талбай дээр өнгөрүүлж нэг ч гоол, гоолын дамжуулалт өгөөгүй байна. Түүний хувьд бас нэгэн бүтэлгүй тэмцээн нь энэ байлаа.