Манчестер Юнайтед болон Английн шигшээ багийн довтлогч Маркус Рашфорд Евро-2020 тэмцээний финалын тоглолтод шийдвэрлэх торгуулийн цохилт алдсандаа уучлалт гуйж мөн өөрийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хүмүүст үгээ хүргэжээ.
Маркус Рашфорд, Жэйдон Санчо, Букайо Сака нар шийдвэрлэх торгуулийн цохилтуудаа алдсан билээ.
Рашфорд торгуулийн цохилт алдсаны дараа түүний Уитингтон хот дахь ханын зургийг уурссан фэнүүд сүйтгэжээ. Өчигдөр/2021.07.12/ Английн шигшээн дасгалжуулагч Гарет Саутгет арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан фэнүүдийг уучилж болохгүй гэдгийг онцолж, тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон болон Английн хөлбөмбөгийн холбоо фэнүүдээ буруушаажээ.
Маркус Рашфордын мэдэгдлийг товчлон хүргэвэл:
“Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Одоо мэдэрч байгаа зүйлээ хэрхэн үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Би унтаж байхдаа ч торгуулийн цохилтоос гоолдож чадна. Гэхдээ яагаад тэр цохилтыг оруулж чадсангүй вэ? Тэр үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлэх боломжгүй ээ. 55 жилийн дараах Английн анхны финал. Ганцхан торгуулийн цохилт түүх бүтээх байлаа. Миний хийж чадах ганц зүйл бол намайг уучлаарай. Би тэр мөчийг өөр байсан ч болоосой гэж хүсч байна. Багийнхаа тоглогчдоос уучлалт гуйя. Энэ зун надад туршлага боллоо. Би бүхэл өдрийн турш шүүмжлэлийг хүлээн авч чадна. Миний торгуулийн цохилт сайн байгаагүй. Би оруулах ёстой байсан. Үүндээ уучлалт гуйж байна. Гэхдээ би хэн гэдгээсээ, хаанаас ирснээсээ хэзээ ч уучлалт гуйхгүй. Гурван арслантай өмсгөл өмсч, 10 мянган үзэгчийн дундаас намайг дэмжиж буй гэр бүлээ харах шиг бахархалтай мөч өөр байхгүй. Би тэр өдрийг мөрөөдөж ирсэн. Намайг дэмжсэн эерэг утгатай мессежүүд олон ирсэн ялангуяа Уитингтоноос ирсэн мессежүүдийг уншаад нулимс урслаа. Намайг Маркус Рашфорд гэдэг. Би өмнөд Манчестерийн Уитингтон, Уитеншейвээс ирсэн 23 настай хар хүү. Надад янз бүрийн утгатай мессеж илгээсэн та бүхэнд баярлалаа. Би улам хүчтэйгээр эргэн ирнэ” хэмээжээ.
Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн мөн торгуулийн цохилт алдсан гурван өнгөт арьст тамирчдаа өмөөрөн “Хэрэв та нар цахим хүчирхийлэл үйлдэж байвал та нар Английн фэнүүд биш. Бидэнд та нар хэрэггүй” гэжээ.
Холбоотой мэдээ