Тэрбумтан Элон Маск сансрын аялалын салбарт эн тэнцүүхэн өрсөлдөж яваа тэрбумтан Ричард Брэнсоны гэрт шөнийн 03:00 цагт өөрийн биеэр очиж, огторгуйг шүргэх өглөөний түүхэн нислэгт нь амжилт ерөөсөн гэнэ.
Тухайлбал, өчигдөр/2021.7.11/ өглөө Ричард Брэнсоны "Virgin Group" компанийн "Spaceshiptwo" пуужин онгоц анх удаа бүтэн баг тээж 88 км өндөрт ниссэн билээ. Ричард Брэнсоны төлөвлөгөө ёсоор бол дараа жил гэхэд "Virgin Group" жуулчдыг агаар мандлаас гаргах аялал зохион байгуулдаг анхны компани болох юм. Тэрбээр өмнө нь сансрын нислэгийг хүн бүрд нээлттэй болгох том зорилготой хэмээн ярьсан билээ.
Харин Элон Маск бол "Space X" компаниа арай өөр зорилгоор нээсэн хүн. Түүний гол зорилго бол сансрын аялал зохион байгуулах биш, Ангараг гаригт хүн суурьшуулах юм. Гэхдээ тэрбээр Брэнсоны үйл хэргийг үргэлж дэмжсээр иржээ. Тиймдээ ч Элон Маск "Spaceshiptwo" пуужин онгоц хөөрөхөөс хоёрхон цагийн өмнө амжиж Брэнсонд өөрийн биеэр амжилт хүссэн байна.
Тэд уулзалтаа түүх болгон үлдээхээр хамтдаа зураг даруулан цахим хуудсандаа байрлуулжээ. Зураг дээр тэд Брэнсоны гал тогоонд хөл нүцгэн байх агаад “Найзтайгаа хамт гайхалтай өглөөг угтлаа” хэмээн бичжээ.
Харин түүнээс хойш хэдхэн цагийн дараа Брэнсон хоёр нисгэгч, гурван ажилтантайгаа хамт газраас хөөрсөн бөгөөд Элон Маск хөөрөх талбайгаас түүнийг харж зогсжээ.
Эх сурвалж: INSIDER