Бельгид энэ оны гуравдугаар сард 90 настайдаа цар тахлаар нас барсан эмэгтэй Англид үүссэн Альфа /B.1.1.7 / хувилбар, Өмнөд Африкт үүссэн Бета /B.1.351/ хувилбараар зэрэг халдварласан байсныг илрүүлжээ.
Энэ тухай Европын конгрессийн Клиник микробиологи, халдварт өвчний хурал дээр онцлон хэлэлцэж, цар тахлын вирусийн хоёр хувилбараар зэрэг халдварласан анхны тохиолдол хэмээн дүгнэжээ.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар талийгаач эмэгтэй вакцин тариулаагүй байсан бөгөөд гуравдугаар сард халдвар авч, Брюсселийн ойролцоо эмнэлэгт эмчлүүлж байжээ. Түүний яаж халдвар авсан нь одоохондоо ойлгомжгүй байгаа ч эмч нарын таамагласнаар тэрээр хоёр өөр хүнээс халдвар авсан байж болзошгүй юм.
Эмнэлэгт хэвтэж байхад түүний хүчилтөрөгчийн түвшин тогтвортой байсан ч биеийн байдал маш түргэн муудаж, тав хоногийн дотор нас баржээ. Харин мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар хоёр өөр хувилбарын халдвар өвчтөнд хэрхэн нөлөөлж, биеийн байдлыг маш хурдан муутгасныг тайлбарлахад нэн ярвигтай гэнэ.
Хэдийгээр одоохондоо дээрхтэй төстэй байдлаар хоёр өөр хувилбараар нэгэн зэрэг халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч энэ явдал чухал анхааруулга болж байна. Өдгөө олон улсад цар тахлын дөрвөн хувилбар зонхилж байгаа билээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ