Үндэсний Их баяр наадмын ес хоногийн амралт үргэлжилж байна. Энэ өдрүүдэд нийслэлээс орон нутгийг чиглэсэн иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж буй. Цагдаагийн байгууллагаас аялал зугаалгаар явж буй иргэдийг хурдаа тохируулахыг санууллаа.
Эрүүгийн цагдаагийн албаны хурандаа Б.Баттулга “Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд орон нутгийн замд осолд орох нь их байна. Шалтгаан нь хурд хэтрүүлэх. Ихэнх нь "Prius" маркийн автомашинтай хөдөлгөөнд оролцдог. Гэвч тус автомашин нь хөнгөн учраас том оврын ачааны машин зөрөхөд онхолдох тохиолдол их байна. Иймд иргэд та бүхэн очих газартаа яаралгүй замдаа хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулахыг зөвлөж байна” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны статистик мэдээллээр хүний амь хохирсон зам тээврийн ослын дийлэнх нь орон нутагт бүртгэгддэг. Өнгөрсөн жил авто ослоор амиа алдсан 430 хүний 86.7 хувь нь анхны тусламж авч чадаагүй бол 13.3 хувь нь л осолдсон даруй тусламж авчээ. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон нутгийн замд хурд хэтрүүлдэг нь ослын шалтгаан болж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа юм.
Холбоотой мэдээ