Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2017 оноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн байна.
Тодруулбал, жолоодох эрх сэргээх ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нийт 67481 жолоочоос Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудаар эрх хасагдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр эрх хасагдсан, эрх хязгаарлагдсан төлөвт байгаа 26950 иргэний мэдээлэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй аж.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1, 14.7.3.2, 14.7.13, 14.7.30, 14.7.32 дах заалтуудыг тус тус зөрчиж, эрхээ хасуулсан 40531 жолоочийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлвийг “Хүчинтэй төлөв”-т шилжүүлсэн байна. Мөн Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн гурав дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан.
2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24.00 цагаас өмнө төлбөрөө төлөөгүй нийт хоёр сая 879 мянга 186 удаагийн торгуулийн мэдээллээс өршөөлд хамрагдахгүй 20611 удаагийн торгуулийг хасч, хоёр сая 804 мянга 815 удаагийн торгуулийн 50 хувийг, торгох шийтгэл оногдуулсан нийт 53760 удаагийн торгуулийн зөрчлийн оноог сэргээжээ.
Холбоотой мэдээ