Замын-Үүд дэх гаалийн газраас баяр, наадмын өдрүүдэд амралтгүй ажиллах санал хүргүүлсэн ч БНХАУ-ын тал хүлээн аваагүй учир долдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэл амрахаар болсон байна. Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газраас тодруулахад:
"Монгол Улсад ороод ирсэн байгаа ачаатай автомашинуудын гаалийн бүрдүүлэлтийг хийж байна. Гаалийн газраас амралтгүй ажиллах чиглэл өгч, хоёр улсын хэлэлцээрийн дагуу ажиллах хүсэлт явуулсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй. Замын-Үүд дэх гаалийн байгууллага өнөөдөр, маргааш (2021.07.11-12) гаалийн бүрдүүлэлт хийж, амрахгүй ажиллаж байна. Энэ сарын 16-наас хил нээгдэж, хуваарийн дагуу ажиллана" гэв.
Цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байгаа юм. Түүнээс болж иргэдийн ачаа бараа саатаж, олон сар хүндрэл учирсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгээр тус боомтод бүтэн цагаар ажиллаж, үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн билээ. Тэр дагуу Замын-Үүд дэх гаалийн байгууллага ажиллах хүсэлт өгсөн ч боломжгүй гэсэн хариу авчээ.
Холбоотой мэдээ