2021 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2021.07.11) шөнө 03.00 цагаас Уэмбли цэнгэлдэхэд явагдана. Шигшээ тоглолтод Англи, Италийн шигшээ багууд тоглохоор үлдээд байгаа билээ.
Тус хоёр баг хоорондоо нийт 27 удаа тоглосон бөгөөд Итали 11, Англи найм, үлдсэн найман тоглолт дээр тэнцсэн байдаг. Италийн хувьд энэхүү тэмцээнд 12 гоол оруулсан гэх аймшигтай статистиктай байгаа бол Английн хувьд хаалгандаа ердөө ганцхан гоол алдсан гэх супер амжилттайгаар энэхүү финалд шалгараад байна. Энэ удаа бид та бүхэнд хоёр багийн сэлгээнээс багтаа үр нөлөө үзүүүлэх, гоолдох магадлалтай тоглогчдыг танилцуулахаар бэлтгэлээ.
Аль ч багийн спортод сэлгээний тоглогч гэдэг маш чухал байдаг. Жишээлбэл, эсрэг багийн төлөвлөгөөг нураах, унтарсан тоглолтыг сэргээх гэх зэрэг маш чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тийм ч учраас бид энэ удаа хоёр багийн сэлгээний тоглогчдыг онцолж байгаа юм. Түүх сөхвөл 2016 оны Европын Аваргын финалын тоглолт Португал, Францын шигшээ багуудын хооронд явагдаж, үндсэн цаг гоолгүй тэнцсэн юм. Улмаар нэмэлт цагт Португалын шигшээ баг сэлгээ оруулан Ренато Санчесийг суулган, довтлогч Эдерийг оруулсан юм. Ингэснээр Эдер тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоол оруулж, Португалын шигшээ баг аваргын цом өргөсөн түүхтэй билээ.
Ингээд Английн шигшээ багаас эхэлье. Тэд энэ удаагийн Европын Аваргад нийт 10 гоол оруулаад буй. Үүний нэгийг нь сэлгээнээс тоглолтод оролцсон тоглогч оруулжээ. Нийт гоолын дөрөв нь эхний хагаст орсон бол үлдсэн зургаа нь хоёрдугаар хагас болон нэмэлт цагт бүртгэгдсэн байна.
Сэлгээний онцлох тоглогчид: Англи
Маркус Рашфорд
Английн Манчестер Юнайтэд клубын гарааны довтлогч тэрбээр энэ удаагийн Европын Аваргад сэлгээнээс тоглож байгаа юм. Одоогоор дөрвөн тоглолтод оролцож, 86 минутыг талбай дээр өнгөрүүлээд байна. Хараахан гоол, гоолын дамжуулалт бүртгүүлж амжаагүй байгаа ч түүнийг онцлох нь зүй ёсны хэрэг болов уу. Хэдий 23 настай ч түүний тоглолт Английн шигшээ багт зайлшгүй хэрэгтэй билээ. Тэрбээр өмнөх улиралд Премьер лигт 3011 минутыг талбай дээр өнгөрүүлж, 11 гоол, есөн гоолын дамжуулалт гэх супер статистик үзүүлсэн юм. Европа лигийн финалд ч тоглоод үзсэн тэрбээр Английн шигшээ дундаа шаггүй туршлагатай тоглогчдын нэг маргаангүй мөн юм.
Жордан Хендерсон
Ёстой хал үзэж, халуун чулуу долоосон тоглогч бол тэр. Хендерсон 2010 оноос хойш шигшээ багийнхаа төлөө хүчин зүтгэж буй бөгөөд нийт 63 тоглолтод оролцоод байгаа аж. Түүний арвин их туршлага шигшээгийн залуу тоглогчдод асар их нөлөө үзүүлж байгаа болов уу. Дээр дурдсанчлан энэ удаагийн тэмцээнд Английн шигшээ багаас сэлгээгээр орж ирсэн ганцхан тоглогч гоол оруулаад байгаа гэсэн билээ. Тэрхүү гоолын эзэн бол Жордан Хендерсон. Тийм учраас түүнийг онцолж байна. Тэрбээр энэ Еврод одоогоор дөрвөн тоглолтод сэлгээнээс оролцож, 106 минут тоглоод байгаа юм. Финалд түүний туршлага маш том хэрэг болох нь гарцаагүй.
Фил Фоден
Английн Манчестер Сити клубын залуу тоглогч. Хэдий 21 настай ч аль хэдийнэ Ситигийн гол тоглогчдын нэг болсон гэхэд буруудахгүй болов уу. Ситигийн хамтаар өнгөрсөн улиралд Премьер лигийн аварга болж, дээрээс нь Аваргуудын лигийн финалд үлдсэн тэрбээр өнгөрсөн улиралд нийт 50 тоглолтод оролцож, 16 гоол бүртгүүлсэн байна. Английн багийн ирээдүй болоод буй Фил Фоден шигшээ багийнхаа төлөө есөн тоглолтод оролцож, аль хэдийнэ хоёр гоол оруулаад амжжээ. Шигшээ тоглолтдоо ч мөн адил сайн тоглолт үзүүлж, аваргын цом өргөхийг үгүйсгэхийн аргагүй юм.
Сэлгээний онцлох тоглогчид: Итали
Италийн шигшээ багийн хувьд тун чиг сайн тоглолт үзүүлж, финалд шалгарч байна. Тэд энэ удаагийн тэмцээнд одоогоор зургаан тоглолтод 12 гоол оруулаад байгаа юм. Үүний гурван гоол нь тоглолтын эхний хагаст бүртгэгдсэн бол үлдсэн найман гоол нь хоёрдугаар хагаст оржээ. Хожигдол гээчийг огтхон амсаагүй яваа баг бол италичууд. Тэдний сэлгээг ч магтах хэрэгтэй болов уу. Гараа сэлгээ тэнцвэртэй, хүчирхэг байсаар өдийг хүрч байна.
Доменико Берарди
Өдгөө 26 настай Италийн Сассуоло клубын довтлогч. Тэрбээр энэ жилийн Еврод одоогоор 5 тоглолтод оролцож, 309 минутыг талбай дээр өнгөрүүлээд байна. Хараахан гоол оруулж амжаагүй ч хоёр гоолын дамжуулалт өгөөд байгаа нь сайн хэрэг.
Тэрбээр 2018 оноос хойш шигшээ багтаа дуудагдсан бөгөөд 16 тоглолтод оролцож, таван гоол оруулсан амжилттай байна. Тийм ч учраас түүнийг онцолж байна. Берарди өнгөрсөн улиралд нийт 30 тоглолтод 17 гоол оруулаад буй бөгөөд Европын Аваргын дараа буурь сэлгэж магадгүй тоглогчдын тоонд багтаад байгаа тоглогч юм.
Маттео Пессина
24 настай Италийн Аталанта клубын хагас хамгаалагч Маттео Пессина. Маргаангүй Еврод гялалзаж буй залуусын нэг. Тэбрээр Италийн шигшээ багийн дундын шугамын сэлгээний гол тоглогч болоод буй. Энэ Европын Аваргад 4 тоглолтод 191 минутыг талбай дээр өнгөрүүлсэн юм. Тэрбээр өөрийгөө ирээдүйтэй залуу гэдгээ баталж, аль хэдийнэ хоёр гоол оруулаад байгаа билээ. Финалын тоглолтод ч сэлгээний чухал тоглогчдын нэг байх нь гарцаагүй. Энэ жил шигшээ багтаа дуудагдсан бөгөөд аль хэдийнэ есөн тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулаад байгаа юм. Тэрбээр шөвгийн 16-д Австрийн шигшээ багийн эсрэг хожлын гоол оруулж, дэлхий нийтэд өөрийгөө таниулсан залуу билээ.
Мануел Локателли
Энэ Еврод шигшээ багийнхаа хамтаар өсвөр үеэ төлөөлж ирсэн залуу тоглогчдын нэг бол тэр. Сассуоло клубт хүчин зүтгэдэг, дөнгөж 23 нас шүргэж яваа тоглогч билээ. Тэрбээр хэсгийн тоглолтод Швейцарийн шигшээ багийн эсрэг хоёр гоол оруулж, шуугиан дэгдээсэн юм. Энэ Европын Аваргын тоглолтод дубл хийсэн цөөн тоглогч бий. Тэдний нэгээр нэрлэгдэнэ гэдэг хэр ирээдүйтэй залуу вэ гэдгийг нь баталж буй хэрэг. Тэрбээр финалын тоглолтын хувь заяаг шийдэх чадвартай, аюултай тоглогч гарцаагүй мөн юм. Магадгүй ирээдүйд Европын топуудын дундын шугамыг бүрдүүлэх тоглогч биз ээ. Локатэлли хэсгийн тоглолтуудад Вэраттигийн эзгүйд гараанд гарч, мундаг тоглолт үзүүлсэн.
Холбоотой мэдээ