Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. "Ньюс" агентлаг болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Монгол Улсад Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 600 гаруй хүн амиа алдсанд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн мэдэгдэл хийж, гарын үсэг цуглуулж эхлэв.
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 8-ны өдөр өндөрлөлөө. Covid-19 цар тахлын үед Монгол Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр буюу 83 өдөр чуулав.
Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцэж, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, Монгол Ардын намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв. Тус намын Бага хурлын 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн байх тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэсэн.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар батлав.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НЗДТГ, ажлын хэсгийнхэн богино хугацаанд сайн ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдуулан санаачилсан 19 хуулийг баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд НЗДТГ, НИТХ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох яамд идэвхтэй ажиллах нь зүйтэй. Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа.
Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэй болгох, талцал хуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна” гэв.
Хүлээлт үүсгээд байсан Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн долоо хоног байлаа. УИХ-ын чуулганы долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, 49 гишүүн дэмжсэнээр хуулийг баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдана хэмээн заасан байдаг. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулиар 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас өмнөх цагт хамаарах хэргүүд багтаж буй юм.
ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан.
Өршөөлийн тухай хуулиар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдана. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 39156 этгээд хамрагдана.
Олны танил эрхмүүдээс С.Баярыг хугацааны өмнө суллагдав. Санжийн Баярыг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох тухай 439 дүгээр хаалттай хорих ангийн санал, прокурорын дүгнэлттэй материалыг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны долдугаар сарын 5-ны өдөр хэлэлцсэн.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай хуулийн шаардлага хангасан гэж үзэж, хоригдол С.Баярыг 1 жил 2 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаанд хяналт тогтоож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад хүлээлгэн өгөв.
Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй ч ес хоног амрахаар шийдвэрлэж, иргэд хөдөө орон нутгийг зорьж буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудаас Covid-19-өөс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, нэг дор битүү орчинд олноор бөөгнөрөхгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Дээрх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Иймд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлуулав.
Хууль хэрэгжиж эхэлснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах юм.
Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөг нэмж дансанд байршуулдаг байсан.
2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээвэрлэх зардал 20 мянган төгрөг болж, 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм.
"Пфайзер Бион’Тех үйлдвэрийн Комирнети вакцины татан авалттай холбоотой 2021 оны долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 12-17 насны хүүхдийн 1 дүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлууллаа.
12-17 насны хүүхдийн вакцины 2 дугаар тунгийн болон жирэмсэн, хөхүүл эхчүүд, бусад зорилтот бүлгийн хүн амын вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.
Холбоотой мэдээ