АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр /2021.07.09/ утсаар ярьжээ. Төрийн тэргүүн нар сүүлийн үед гарсан “ransomware” төрлийн кибер халдлагын гэмт хэргүүдтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцсан байна.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “Kaseya” программ хангамжийн компанийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашигладаг олон зуун байгууллагын мэдээллийн санг хакерууд барьцаалж, 70 сая ам.доллар нэхсэн юм.
Мөн үүнээс өмнө дэлхийн хамгийн том махны үйлдвэрлэгч “JBS” компанийн Умард Америк, Австрали дахь үйлдвэрүүд, АНУ-ын шатахуун түгээх компанийн дамжуулах хоолойн дэд бүтэц зэрэг стратегийн ач холбогдол бүхий томоохон байгууллагуудыг хакердаж, их хэмжээний мөнгө авсан билээ.
АНУ-ын тагнуулын байгууллагууд дээрх халдлагуудын цаана ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хакерын бүлэг байгаа гэсэн байр суурьтай байгаа. Тэгвэл Байден өчигдөр Путинтай утсаар ярихдаа ОХУ-ын засгийн газар оролцоогүй байж болох ч тус улсын газар нутаг дээрээс халдлага гарч байгаа нь тодорхой болсон учир гэмт хэрэгтнүүдийнхээ эсрэг ямар нэг арга хэмжээ авахыг хүссэн байна. Хэрвээ Оросын тал кибер гэмт хэрэгтнүүдийнхээ эсрэг арга хэмжээ авахгүй бол АНУ хариу арга хэмжээ авахаа ч илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ