Евро 2020: Хагас шигшээ тоглолтууд #1 | News.MN

Евро 2020: Хагас шигшээ тоглолтууд #1

Евро 2020: Хагас шигшээ тоглолтууд #1

Евро 2020: Хагас шигшээ тоглолтууд #1

24 багтайгаар эхэлсэн 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс 22 баг хасагдаж ердөө хоёр баг үлджээ. Финалын тоглолтод Итали болон Английн шигшээ багууд үлдэж долдугаар сарын 11-ний шөнө 03.00 цагаас тоглохоор болоод байгаа билээ. Тэгвэл бид финалын тоглолтоос өмнө хоёр багийн хагас шигшээ тоглолт хэрхэн явагдсан талаар нийтлэлийг хүргэж байна. 

Энэхүү тулаанд Италийн шигшээ пеналтиар хожиж дөрөв дэх удаагаа Европын аварга финалд шалгарсан билээ. Тэдний хувьд том тэмцээний финалд 10 дахь удаагаа хүрч байгаа нь энэ. ЕАШТ-ий гурван удаагийн аварга Испаничууд харин энэ удаагийн тэмцээнээ хагас финалд хүрээд дуусгалаа. Тэд Евро 2020-д нийт 13 гоол оруулж тэмцээнээ өндөрлүүлсэн нь сонирхолтой. Харин Италичуудын 12 гоол оруулж финалд хүрсэн байна. Италийн шигшээ багийн довтлогч Федерикио  Киеса сүүлийн гурван тоглолтдоо хоёр гоол оруулаад байгаа аж.

Тоглолтын хувьд анализ хийвэл: 

Тоглолтын агуулгын хувьд бүх талаараа Испаничууд илүү байлаа. Тэд 71 хувьтай бөмбөг эзэмшиж 16 цохилт гүйцэтгэсэн бол эсрэгээрээ Италичууд 29 хувьтай бөмбөг эзэмшиж  долоон цохилт л гүйцэтгэсэн байна. Гэвч тоглолтын эцсийн ялагч Итали байлаа. Хөлбөмбөгийн үр дүнд статистик хамаагүй гоол л бүхнийг шийддэг гэдгийг энэхүү тоглолтоос харж болох юм. 

Бидний өмнө онцолж байсанчлан өмнөх тоглолтод хэрхэн ялсан нь чухал биш одоогийн тоглолтод хэн бэлэн, бэлтгэлтэй байх вэ гэдэг нь тодорхой харагдав. Тоглолтоос тоглолтод учраа олж байсан Испаничууд Итали дээр агуулгын хувьд хамгийн сайн тоглолтоо харуулсан ч эцсийн дүндээ торгуулийн цохилтоор ялагдлаа.

Тоглолтын эхнээс л Испаничууд тоглолтыг найруулж, довтолгоонд идэвхтэй байлаа. Харамсалтай нь гүйцэтгэх тал дээрээ тийм ч амжилттай байж чадсангүй. Эсрэгээрээ харин Италичуудын хамгаалалтыг магтах нь зүйтэй. Энэ Евро дээр тэдний хамгийн сайн болж байгаа, магадгүй энэ финал хүртэл ирэхэд хамгийн том нөлөөлсөн хүчин зүйл нь тэдний хамгаалалт байлаа. Бонуччи, Киеллини гэх хоёр ихэр цамхагийг аргалах мөн дээр нь Доннарумагийн өөдөөс гоол хийнэ гэдэг бусад багуудын хувьд маш том асуудал байлаа. Доннарума энэ Еврод хэсгийн тоглолтодоо нэг ч гоол алдаагүй бөгөөд хасагдах шатанд ердөө гурван гоол алдаад байгаа гэсэн “аймшигтай” статистик гаргаад байна. Төдийлөн олон цохилт хаалга руу нь ирээгүй байсан бол энэ удаагийн тоглолтод олон цохилт ирж, хэд хэдэн гоолын боломжийг үгүй хийснийг нь дурдах нь зүйтэй.

Мөн Италийн шигшээ багийн хамгаалагч Леонардо Спиназзола Бельгийн шигшээ багийн эсрэг тоглолтод ACL-аа гэмтээж харамсалтайгаар тэмцээнийг орхисон. Тэрээр нилээн хэдэн сар талбай дээр гарах боломжгүй болсон билээ. Ийнхүү зүүн жигүүрийн хамгаалагчаа алдсан ч түүнийг орлож Эмерсон Испаний эсрэг гаран тэрээр дажгүй орлож чадсан. Гэхдээ багийнх түлхүүр тоглогчоо алдсан нь Италичуудын хувьд том цохилт болж буй нь тоглолтын агуулгаа харагдаж байлаа. Харин Довтолгоо тал дээр төдийлөн идэвхтэй байж чадаагүй ч олдсон цөөхөн боломжоо гоол болгож чадлаа. 

Испанийн хувьд энэ Евро дээр довтолгоо тал дээр маш сайн байсан бөгөөд өмнөх тоглолтуудад нийт 13 гоол хийсэн гэх амжилтаар Еврог тэргүүлж байгаа юм. Энэхүү тоглолтод ч мөн адил өөрсдийнхөө хүссэнээр тоглолтоо найруулж, хамгаалалт, довтолгоо сайтай байсан ч харамсалтай нь хожил байгуулж чадсангүй. Испаний хувьд өмнөх тогтолтдоо Щвейцарын багтай таарч мөн нэмэлт цагт чөлөөт цохилтоор шийдэгдэж хожил байгуулсан билээ. Магадгүй энэ давуу талаараа Италичуудыг хожих байх хэмээн таамаглаж байсан ч талаар боллоо.

Довтлогчдын асуудал

Испаничууд энэ удаад гараандаа нилээд их өөрчлөлтийг оруулсан. Бидний өмнөх нийтлэлээр довтлогчдын гоол оруулах чадамж сул тал байх болов уу гэж байсанчлан Луис Энрикэ довтлогчдоо гаргахаас эмээсэн. Алваро Мората, Херард Морэно нарыг сэлгээнд суулгаж энэ тэмцээнд анх удаагаа довтлогчгүй тоглосон. Агуулга талаас тоглолт сайн байсан ч гоол оруулах тал дээр довтлогчийн орон зай үгүйлэгдэж байлаа. Тэр орон зайг Мората сэлгээгээр орж ирээд нөхсөн бөгөөд тоглолт дуусахаас өмнө тоог тэнцүүлж чадсан билээ. Гэхдээ анхнаасаа Мората, Морэно нар тэмцээний турш Луис Энрикэд итгэл төрүүлэхүйц чанартай тоглож байсан бол чухал тоглолт дээр тэднийг суулгаж, том өөрчлөлт оруулахгүй байх байлаа. 

Багийн тоглолт үр дүнг авчирдаг

Италичууд 2018 оноос 33 тоглолт дараалан хожигдоогүй гэсэн үзүүлэлтээ хадгалж чадлаа. Үнэхээр сайн байгаа баг эцсийн үр дүндээ яаж ийгээд хождог гэдгийг нотолж чадсан. Өмнөх тоглолтуудыг бодвол хүнд тоглолт байсан ч Испанийн тэр их довтолгоог тэсч ердөө нэг гоолыг л алдсан. Энэ нь тэднийг ямар ч нөхцөл байдал бэлэн байгааг, хамгаалалт, багийн зохион байгуулалт ямар өндөр байгааг нь илтгэнэ. Өмнөх нийтлэлүүдээр онцолж байсанчлан багаар тоглож байгаа, тактик зохион байгуулалттай баг нэг гол хүн нь бэртсэн ч тоглолт нь нурдаггүй гэдгийг нотлов. Италичууд финалд бэлэн!

Тоглолтоос гарсан факт:

  • Итали улс ийнхүү Испаныг хожсоноор том тэмцээний хүрээнд 10 дахь удаагаа финалд шалгарч байгаа бөгөөд Европын аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа финалд шалгараад байна.
  • Испаний хувьд Евро 2020-д нийт 13 гоол оруулж тэмцээнээ өндөрлүүлсэн нь Еврогийн түүхэнд хамгийн их гоол оруулсан баг болж байна. 
  • Италийн шигшээ багаас таван тоглогч хоёроос дээш оруулаад байгаа нь 2000 оны Францаас хойш хоёр дахь тохиолдол болоод байна. 
  • Алваро Мората энэхүү тоглолтод цорын ганц гоолыг хийснээр Испаний түүхэнд Еврогийн тэмцээнд зургаан гоол оруулсан анхны тоглогч болж байна. Өмнөх тоглогч нь тэрээр Фэрнандо Торрес байсан бөгөөд таван гоолтой тэргүүлдэг байжээ.
  • Испаний хагас хамгаалагч Педри томоохон тэмцээний түүхэнд 18 буюу түүнээс доош настайдаа зургаан тоглолт дараалан оролцсон анхны Европын тоглогч болов.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-07-10 192.82.73.160

Италийн хөлбөмбөгчид еропын аврага болжээ!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж