Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Сухали Шахин саяхан “This Week in Asia” сэтгүүлд Афганистаны ирээдүйн талаар ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа Талибанд Хятадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дурдсаныг хэвлэлүүд онцолсон байна.
Сухали Шахин ярилцлагадаа Афганистаны эдийн засгийг хөл дээр нь босгоход Хятадын хөрөнгө оруулалт чухал байгааг онцлоод, шаардлагатай аюулгүй байдлын баталгаа өгөхөө амлажээ.Мөн тэрбээр Шинжаан Уйгурын салан тусгаарлагчид болон Аль Кайда зэрэг бусад террорист байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн хориглохоо амласан байна.Түүнчлэн Талибанчууд Афганистаны газар нутгийн 85 хувийг захиргаандаа оруулаад байгааг дурджээ.
Афганистан нь зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр, кобальт, лити зэрэг ашигт малтмалын арвин их нөөцтэй бөгөөд энэ их баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгцээтэй байгаа билээ.
АНУ-ын цэрэг Афганистанаас гарах ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн бөгөөд наймдугаар сард бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа. АНУ-ын Засгийн газар цэргээ татаж эхлэх үеэр Талибан хөдөлгөөн Афганистаны нутагт хяналтаа тогтоохоор Кабулын талтай байлдаж эхэлсэн юм.
“Есдүгээр сарын 11-ний террорист халдлага”-ыг Аль Кайда бүлэг зохион байгуулсны дараа Афганистаны дайн эхэлж байв. Тухайн үед Талибанчууд Афганистаныг захирч байсан бөгөөд Аль Кайда бүлгийг газар нутагтаа орогнуулсан хэмээн АНУ тэдний дэглэмийг түлхэн унагасан юм. Харин одоо 20 жилийн дараа Талибанчууд дахин Афганистаныг хяналтдаа авахаар зэхэж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: SCMP, Bloomberg