"Наадмын амралтын дараа халдвар, нас баралт нэмэгдэх эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2021.07.10-нд нийтлэгдсэн

COVID-19

"Наадмын амралтын дараа халдвар, нас баралт нэмэгдэх эрсдэлтэй"

Сovid-19-ийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.


-Covid-19-ийн халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Наадмын олон хоногийн амралт эхэлж, хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байх шиг байна?

-Халдварын тархалт маш өндөр түвшинд хүрсэн энэ үед бүх нийтийн амралт олон хоног үргэлжлэхээр боллоо. Эерэг талаас нь харвал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд халдварын тоо буурах хандлагатай байгаа. Гэхдээ буурч байгаа боловч тохиолдлын бодит тоог харвал маш өндөр тоо. Сүүлийн хоёр долоо хоногт хөдөлгөөнт дунджийг харвал халдварын тоо, нас баралт буурах тал руугаа байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүнд өвчтөний хувь бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Цаашид биднийг ямар нөхцөл байдал хүлээж байгаа, нас баралт, халдвар хэдийд буурна гэдгийг хэлэх боломжгүй нөхцөлд байна. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа учраас бидний таамаг тодорхой үр дүнд хүрнэ гэхэд их хэцүү байна. Наадмын энэ олон хоногийн амралтаар зорчих хөдөлгөөн  нэмэгдэх, бидний таашгүй мутаци хувилбарууд бүртгэгдэх, вакцинжуулалтын явц цаашид ямар байх зэрэг олон хүчин зүйлүүд бий. Хамгийн эрсдэлтэй нь олон хоногийн амралтын үеэр иргэд орон нутаг руу явах нь халдвар ямар ч хэмжээнд орон нутагт тархах эрсдэл маш өндөр.

Орон нутгийн бүх нэгдсэн эмнэлгүүд covid-19-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа ийм үед алслагдсан орон нутаг руу иргэд явах нь халдвар тараах, өвдвөл эмнэлгийн тусламж авч чадахгүй ийм нөхцөл үүсэхээр байна.

Хэдийгээр Засгийн газраас иргэдээ аялж, зугаалж, амрах боломжоор хангасан ч иргэд өөрсдөө хүний бөөгнөрөл үүсгэхгүй, төв суурин газраар явахгүй байх, гэр бүлийн хүрээнд амралтаа зөв өнгөрүүлэх шаардлагатай байна. Ийм шаардлагыг мэргэжлийн байгууллага  байнга зөвлөж байгаа ч иргэд олноороо цуглах, халдвар тараах эрсдэл өндөр байгаа нь наадмын олон хоногийн амралтын дараа халдварын тоо, нас баралт нэмэгдэх эрсдэлүүд байна. Тиймээс орон нутаг руу зорчихдоо төв суурин газраар орохгүй, олноороо цуглахгүй байх, халдвар хамгааллын заавар зөвлөмжийг маш сайн сахих хэрэгтэй байна. Covid-19-ийн эрсдэлээс гадна цаг уур, хур борооны эрсдэл зэргийг тооцох хэрэгтэй.

"0-17 НАСНЫ 30 МЯНГАН ХҮҮХЭД ХАЛДВАР АВСАН"

-Орон нутаг руу явах хоёр тунтай иргэд шинжилгээ өгөхгүй нэвтрэх боломжтой. Гэхдээ хоёр тунтай ч халдвар авах эрсдэлтэй гэдгийг иргэд сайн ухамсарлахгүй байх шиг?

-Вакцины хоёр тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон ч гэсэн Альфа, Дельта зэрэг мутацийн нөлөөгөөр вакцины хамгаалалтыг бууруулж байгаа учраас халдвар авах эрсдэлтэй. Гэхдээ вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт ч гэсэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар хөнгөн өвчлөх, нас баралт бага байна гэдгийг олон улсын судалгаанууд бий.

-Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийн халдвар авах нь нэмэгдэж байгаа нь вакцинд хамрагдаагүйтэй холбоотой юу?

– Хүн амын ихэнх хувь нь вакцинд хамрагдаад ирэхээр вакцингүй хэсэг нь халдварт өртөх эрсдэл нь өндөр болж байна. Жирэмсэн хүмүүсийн өвчлөл нэмэгдэж байгаа нь вакцингүй хэсгийн өвчлөл нэмэгдэж байна гэсэн үг. Нөгөө талдаа вакцин үр дүнтэй шүү гэдгийг харуулж байгаа шалгуур юм болов уу гэж би бодож байгаа юм. Сүүлийн үед жирэмсэн эхчүүд халдвар авах нь буурах хандлагатай байна. Энэ нь хүмүүсийн анхаарах сайжирч, өөрсдийгөө халдвараас хамгаалах, вакцинд хамрагдаж эхэлсэн зэрэг нөлөөлсөн.

Жирэмсэн эхчүүдийн вакцинд хамрагдалт бас хангалтгүй байна. Урьдчилсан тооцооллоор 27 мянга орчим жирэмсэн хүн вакцинд хамрагдахаас 4000 орчим нь л вакцинд хамрагдсан байна. Жирэмсэн эх эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэх учраас вакциндаа хамрагдаасай гэж уриалж байгаа юм.

Насанд хүрэгчид халдвар авснаа ямар нэг шинж тэмдэг илрэхэд мэдэх боломжтой бол хүүхдүүд халдвар авсан нь мэдэгдэхгүй, шинж тэмдэг илрэх нь бага байгаа учраас хүүхдүүдээр дамжуулаад халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амаар дамжиж халдвар тархах эрсдэл нэмэгдээд байна. Хөдөө орон нутагт зорчихдоо хүүхдүүдээс нэгийг сонгож ПСР, түргэвчилсэн шинжилгээ өгөх нь зүйтэй. 12-15 насны хүүхдүүдийн 50 хувь нь вакцинд хамрагдсан бол 15-17 насны хүүхдүүдийн 60 хувь нь вакцинд хамрагдсан байна. Тиймээс цаашид жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг вакцинд хамруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.  12-17 насны 300 мянган хүүхэд байгаа. Энэ насныхан вакцинд хамрагдахаар цаана нь 900 мянга орчим хүүхэд бий.

Хүүхдийн өвчлөлийг авч үзвэл, нийт халдвар авсан хүүхдүүдийн 44 хувь 5-11 насны хүүхдүүд, 0-17 насны нийт 30 мянган хүүхэд халдвар авсан байна.

"ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНД БҮРЭН ХАМРУУЛАХГҮЙ БОЛ СҮРГИЙН ДАРХЛАА ҮҮСЭХГҮЙ"  

-Хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулчихсан байхад яагаад халдвар буурахгүй байна вэ. Сүргийн дархлаа хэзээ тогтож, халдвар буурах вэ?

-Нийт хүн амдаа харьцуулбал Монголын хүн амын 35 хувь нь 0-17 насны хүүхдүүд. Хүүхдүүд вакцинд бүрэн хамрагдаагүй үед бид бүх нийтийн сүргийн дархлааг ярих ямар ч боломжгүй болж байгаа юм. Олон улсад хүн амын 60-90 хувь нь халдварлаж, дархлаа тогтсон үед нийтийн дархлаа үүснэ гэсэн тооцоолол бий. Монголчуудын хувьд насанд хүрсэн хүн амыг 100 хувь вакцинд хамруулбал нийтийн дархлаа 65 хувьд хүрнэ.

Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээ бүрэн хамруулж байж л нийтийн дархлаа үүснэ. Одоогоор нийт хүн амын 54 хувийг вакцинд хамруулсан. Сүүлийн үед вакцинд хамрагдах явц удааширсан.

Хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, вакцин хийлгэхгүй гэх нэг хэсэг, нэгдүгээр тундаа хамрагдаад хоёр дахь тундаа хамрагдаагүй маш олон хүмүүс байна. Энэ хүн ам вакцинд хамрагдаж байж 0-11 насны вакцинд хамрагдахгүй хүүхдүүдээ халдвараас сэргийлнэ гэсэн үг. Вакцинд хамрагдсан бүлэг, халдвар авч эдгэсэн бүлэг нь вакцинд хамрагдаагүй  хүн амаа хүрээлж хамгаалах ёстойг л нийтийн дархлаа гээд байгаа юм. Хүрээлээд хамгаалахад дамжиж халдвар тархахгүй гэсэн үг. Энэ боломжийг бүрдүүлж байж бид нийтийн дархлааг ярина эсвэл бүгд өвдөх эрсдэл үүсч байгаа юм. Цар тахал гэнэт алга болохгүй, хоруу чанар нь улам нэмэгдэж байгаа энэ үед. Вакцинд идэвхтэй хамрагдах шаардлагатай.

-Вакцинжуулалт эхэлснээс хойш вакцины талаар элдэв яриа, мэдээллийг хүмүүс их ярих болсон. Яагаад заавал Хятад вакцин, өөр вакцин нь ийм үр дүнтэй гэх мэт таамаглал мэдээллүүд вакцин хамрагдалтад их нөлөөлж байх шиг?

-Монгол Улсын Засгийн газар бүх төрлийн вакциныг эрэлхийлж, хайсан. Хамгийн олдоцтой, хүн амаа вакцинжуулах эхний сонголт нь Синофарм вакцин, Ковакс хөтөлбөрийн хүрээнд зарим нэг вакцинууд орж ирсэн. Вакцин эхлүүлэхдээ эрсдэл өндөртэй хүмүүсээс эхлүүлж байсан. Энэ нь ч мөн зөв арга байсан гэдэг нь олон судалгаа, мэдээлэл дээрээс харагдаж байна. Эрсдэлт бүлгээ хамгаалж чадсан нь тодорхой үр дүнд хүрсэн.

Вакцинжуулалт эхлэхэд вакцины олдоц их байсан бол сонголтоор авах боломж байсан. Засгийн газарт вакцин авах мөнгө байсан ч вакцины үйлдвэрлэл, захиалга гээд олон хүчин зүйл шалтгаалсан.

Вакцинжуулалт бид эрт эхлүүлсний үр нөлөө өнөөдөр гарч байна. Хэрэв бид вакцинжуулалтыг эхлүүлээгүй байсан бол халдварын тархалт маш өндөр, нас баралт багадаа 16 мянга хүрэх байсан гэсэн тооцоо, судалгаанууд гарсан. Судлаачдын гаргасан тооцооллоор вакцинжуулалт нас баралтаас 92 хувь хамгаалсан, хүндрэлүүдээс сэргийлж байна. Үүнийг дан ганц манай судалгаа биш дэлхийн маш олон судалгаа харуулж байна. Хятадын вакцин нас баралт, хүндрэлийг бууруулж байгаа ч мутацийн халдвараас сэргийлж чадахгүй байна. Би өдөр бүрийн халдварын нөхцөл байдлын мэдээллүүдийг харж байхад 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй, нэгдүгээр тундаа хамрагдсан, хоёр тундаа хамрагдаад 14 хоноогүй байх жишээтэй. Өдийд долдугаар сард ийм өндөр нас баралт бүртгэгдэж байгаад харамсаад байгаа юм. Хоёр тундаа хамрагдах бүрэн боломжтой байсан. Вакцинд хамрагдсан бол амь насаа хамгаалах боломж байсан ч юм бил үү гэж харамсаад байгаа юм. Зөвхөн өчигдрийн тохиолдлын тав нь вакцинд хамрагдаагүй, нэг нь нэг тунтай, нэг нь вакцин хоёр тунд хамрагдаад 14 хоноогүй байсан. Нэг хүн нь 90 настай, нэг нь цусны хавдартай хүн байсан байх жишээтэй. Өдөр бүрийн тоон мэдээллийг харж байхад вакциндаа хамрагдсан бол л гэж бодогдох юм.

"III ТУН ХИЙХ АСУУДАЛД МАШ БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ"

-Вакцинд хамрагдаагүй бүлгийг вакцинд хамруулахад тухайн иргэдийн ухамсар, сонголт чухал. Гэхдээ вакцины татан авалт дээр анхаарах хэрэгтэй юм уу гэж харагдаад байна. Сая 12-17 насныхныг вакцинд хамруулж эхлээд тасарчих жишээтэй?

-Вакцины нийлүүлэлт тодорхой цаг хугацаа авна. Наадмын өдрүүдэд бас тодорхой вакцин бууна. Тэгэхээр боломжоороо вакцины татан авалтаа хийгээд, аль болох цаг алдалгүй вакцинд хамруулахыг л зорьж байна. Өмнөх туршлагуудыг харж байхад вакцины хоёр дахь тунг бид хадгалж үлдэж байгаа. Ямар ч нөхцөл үүсч болох учраас. Вакциныг аль болох тасалдуулахгүй, саарахгүй явбал хүүхдүүдийн вакцинд хамрагдалт өндөр байх төлөвтэй байна. Дэлхийн нийт улс орны вакцинд хамрагдсаныг харахад вакцин нийлүүлэлт, тээвэрлэлт, захиалга гээд олон зүйлээс шалтгаалж вакцины хамрагдалт бага байхад Монгол Улс харьцангуй өндөр байгаа. Вакцины үр нөлөөгөөр нас баралт харьцангуй бага байгаа бөгөөд дэлхийн үзүүлэлт 2,5 байгаа бол Монгол Улсынх 0,5 хувь байх жишээтэй.

-Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авч байгааг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Ямар ч тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай гэдгийг л бид хэлж байгаа юм. Хоёр тунд хамрагдсан байсан хүмүүс халдвартай хүнтэй контактлавал өөрөө өвдөхгүй ч тараах эрсдэл өндөр. Вакцин хийлгээд дархлаа тогтоогүй бол эрсдэлтэй. Ямар нэг хэмжээгээр огт вакцин хийлгээгүй хүмүүсийг бодвол дархлал тогтсон ч халдвар авах эрсдэлтэй. Харьцангуй хүндрэл багатай, түргэн эдгэж байгаа ч огт нас барахгүй, хүндрэхгүй гэж ойлгож болохгүй. Хувь хүн бүрийн хавсарсан өвчинтэй эсэх зэрэг эрсдэл зэргээс хамаарна.

-Дэлхийн зарим улс орнууд бүүстер тун буюу III тунг хийх талаар яриад эхэллээ. Монгол Улсын хувьд III тунг хийх талаар судалж байгаа юу?

-Бүүстер тун дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. ДЭМБ эсвэл олон улсын нөлөө бүхий байгууллагууд зөвлөмж өгсөн тохиолдолд судалгаатай, судалгаагүй хийж болох байх. Бусад тохиолдолд бүүстер тун хийх асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Бүх вакцинууд яаралтай журмаар батлагдсан, цаашид ч судлагдаад явж байгаа тохиолдолд болгоомжтой хандах ёстой. Гэхдээ вакцин хийлгэхгүй өвдсөн дээр үү, вакцин хийлгээд өвчлөлөөс сэргийлэх үү гэдэг л асуудал. Бүүстер цөөхөн судалгааны сэтгүүлд хэвлэгдсэн байгаа. Covid-19 цар тахал өөрөө бүрэн судлагдаагүй учраас цаашид вакцин хийгээд халдвар буурвал  шинэ вакцин хийх үү гээд олон зүйлийг судлах шаардлагатай. Хэрэв бүүстер тун хийлгэхээр бол өмнө нь хамрагдсан хоёр тунгаа хийлгэх үү, өөр вакцин хийлгэх үү гээд эцэслэгдсэн зүйл байхгүй байгаа.

Монгол Улсын хувьд вакцины дархлаа тогтоц, үйлчлэл зэргийг бид тодорхой мэдээлэл, судалгаануудыг цуглуулж байгаа учраас шаардлагатай бол заавал ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын зөвлөмжийг хүлээхгүйгээр бүүстер тунг ч хийж болно.

Судалгаанууд үргэлжилж байна. Covid-19 халдвар өөрөө мутацид орж өөрчлөгдөх, тэр хэрээрээ хоруу чанар өөрчлөгдөх гээд олон зүйлийг нягталж судалж байж шийдэх ёстой. ДЭМБ зөвшөөрөөд зөвлөмж өгвөл бүүстер тун хийхэд ямар ч асуудалгүй. Эмнэлзүйн судалгааг маш сайн, нарийн хийж байж бүүстер тунгийн тухай бодох ёстой.

"МУТАЦИЛАГДСАН ВИРУСЭЭС АЙХААС ИЛҮҮ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙН БАРИХ НЬ ЧУХАЛ"

-Монголд мутацид орсон ямар хувилбарууд бүртгэгдсэн бэ. Дэлхийн олон оронд дельта хувилбар эрчимтэй тархаж,  халдварлах чадвар, хүндрэл зэрэг нь илүү байна гэдэг мэдээллүүд их явж байна?

-Монголд Япон улс руу явуулсан шинжилгээ, ПСР-т суурилсан шинжилгээ зэрэгт үндэслэн үзэхэд 80-90 хувьд нь Альфа мутаци орж ирсэн гэж үзэж байгаа. Дельта мутацийн хувьд мөн л Япон улс руу явуулсан сорьцоор зөөвөрлөгдөн орж ирсэн. Харин ПСР-т суурилсан шинжилгээгээр одоогоор тархалт бүртгэгдээгүй байгаа. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд тусгаарлалтад байсан учраас нийтийн дунд тархаагүй гэж харж байгаа. Гэхдээ ямар мутаци орж ирээд сүйрүүлчих вий гэж бодохоос илүү ямар ч тохиолдолд халдвар хамгааллын дэглэм барих,  вакцинжуулалт, хөл хөдөлгөөнийг хязгаарлахад анхаарах ёстой гэдгийг л бид байнга зөвлөмж болгож байгаа. Халдвараас сэргийлэх нь хувь хүний л хариуцлагын асуудал. Дельта гэлтгүй аливаа нэгэн мутаци нь вакцинаас дайжих нөлөөллүүд үзүүлж байгаа. Ямар ч төрлийн хувиралд орвол вакцин хийлгэж, эсрэг биет үүссэн хүмүүсээс дүрээ хувиргаж, амьд үлдэх вэ гэдэг л биологийн хуулиар яваад байна. Ямар ч вакцины хувьд тодорхой хэмжээний үр нөлөө нь буурч байгаа. Мутаци үүснэ гэдэг нь аль болох вакцинтай хүнээс дайжиж, бусдад дамжихдаа мутацид ороод байна гэсэн үг. Вирус батлагдсан тохиолдлуудын тоо олон байх тусмаа мутацид орно. Хүнээс хүнд дамжих бүртээ мутацид ороод байгаа юм. Тэгэхээр вакцинжуулаагүй хүн ам их байвал тэнд халдварын тархалт нэмэгдээд байвал хувиралд ороод, мутацийн тоо нэмэгдээд байгаа юм. Одоо Монголд тархаад байгаа вирусийн саармагжуулах эсрэг биетийг тодорхойлох судалгаануудыг хийж эхэлсэн.

-Халдвар аваад эдгэсэн хүн дахин халдвар авах магадал бий юу. Монголд халдвар авч, эдгээд дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн үү?

-Халдвар аваад эдгэсэн хүмүүс дахин халдвар авсан тохиолдол бараг л байхгүй. Маш ховор тохиолдол байгаа ч эргэлзээтэй асуулт их дагуулж байгаа. Эдгэсэн хүмүүс хэдий хугацаанд дархлаа үүсэх вэ гэдэг дэлхийд, манайд ч тодорхойгүй судлагдаж байгаа. Халдвар авсан хүмүүсийг эдгэж гарангуут нь вакцин хийлгэж байгаа. Хоёр тун хийлгээд халдвар авсан бол дахин вакцин хийхгүй, хэрэв нэг тунтай бол 21 хоногийн дараа гэх мэт зохицуулалт бий. Дархлал тогтоц хэр хугацаанд үргэлжилж байгаа нь бүрэн нотлогдсон зүйл байхгүй. Харин ПСР-ын хариу эргэлзээтэй байгаа тохиолдлууд бий. Түргэвчилсэн эерэг гарахад, ПСР сөрөг гарах, өөр эмнэлэгт өгөхөд өөр хариу гарах зэрэг тохиолдлууд бий. Хэдэн зуун мянган шинжилгээ хийж байгаа учраас тэр дунд хуурамч, сөрөг хариу гарах тохиолдол гарна. Тэгэхээр ПСР бас 100 хувийн магадлалтай биш. Covid-19-ийн цар тахалтай холбоотой дүгнэлт, мэдээллүүдийг 100 хувь гэж хүлээж авахад  маш хүндрэлтэй. Тархалт, сөрөг нөлөөлөл, мутаци, хоруу чанар гээд  өөрчлөгдөж, хувирч байна. Өнөөдрийн байгаа нотолгоо, мэдээлэл дээр суурилж л зөвлөгөө, мэдээллийг өгч, цаашид яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна.

-ХӨСҮТ-ийн зүгээс вакцинтай холбоотой ямар судалгаануудыг хийж байна вэ. Онцлох ямар үр дүн гарч байна вэ?

-Вакцинжуулалт хийгдээд явж байгаа учраас вакцины үр нөлөө ямар байна вэ гэдгийг бид бусад улс орноос түрүүлж гаргах боломжтой. Хүн амын тэдэн хувь вакцинд хамрагдсан байхад нөлөөлөл нь ямар байна, мутацийн нөлөө яаж буурсан, нас баралтад нөлөөлж байгаа эсэх зэрэг судалгаануудыг хийх боломж бүрдэж байгаа. Энэ ч үүднээс вакцинжуулалтын дараах дархлал тогтоц, хүндрэл, нас баралт зэргийг гаргаад явж байна. Дэлхийн улс орнууд мэдээлж буйтай адилхан л дүгнэлтүүд гарч байна. Вакцин нас баралтаас сайн сэргийлж байна, халдвар авахаас төдийлөн сайн сэргийлж чадахгүй ч хүндрэл, нас баралт бага байна гэдэг нь маш чухал. Судалж гаргасан мэдээлэлд суурилж л иргэдэд зөвлөмжөө хүргэж байгаа. Наадмын олон хоногийн амралтын өдрүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахихыг уриалж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж