"Эмчийн дундаж цалин 843 мянган төгрөг байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

"Эмчийн дундаж цалин 843 мянган төгрөг байна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаныхан өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтны төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суулт зарласан эрүүл мэндийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суулт зарласан эрүүл мэндийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж байна

Posted by News.mn on Thursday, July 8, 2021

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Иргэдийнхээ амь насны төлөө цөхрөлгүй тэмцэж байгаа эмч нартаа талархал илэрхийлье. Хүн төрөлхтөн дөрвөн сая гаруй хүнээ цар тахлаар алдлаа. Дайнтай адилтгах хэмжээний томоохон сорилттой нүүр тулж байна.

Засгийн газар бүхэн өөр өөрийн зовлон жаргалтай нүүр тулсан. Энэ хүндрэл бэрхшээлийг албан хаагчид  өргөсөн тангарагтаа үнэнч байж хамтдаа даван туулах ганцхан сонголттой. Нийт иргэдийн 64.5 хувь нь эхний тун, 54.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Энэ бол эмч нарын түүхэнд бичигдэх гавьяа юм.

Хэрвээ вакцинжуулалтыг эрчимжүүлээгүй байсан бол иргэдийн 70 гаруй хувь нь халдварт өртөх байсныг эрүүл мэндийн салбараас танилцуулсан. ДЭМБ-аас бүрэн тунд хамрагдсан дөрвөн хүний гурав нь эрсдэлээс хамгаалах төлөвтэй гэсэн судалгааг гаргасан.

Өнгөрсөн гурван сарын хугацаа амар байгаагүй. Сонгууль, шаталсан улстөржилт, одон медаль гардуулснаас болж тархалт нэмэгдсэн. Вакцин хийгээгүй байсан бол Монгол Улс туйлын хүнд байх байсан. Намайг ажил авахад бизнес зогсож, эдийн засаг хасах зургаан хувийн алдагдалтай байсан.

Саяхан УИХ-аар төсөвт тодотгол хийлээ.  Өөрөөр хэлбэл, төсөв хүрэхээ больсон гэсэн үг. Монгол Улсын жилийн төсөв 10 их наяд төгрөг байдаг. Манай улсын төсөв нүүрс, алт зэс, төмрийн хүдрээс хамааралтай байдаг. Цар тахлын эсрэг томоохон  тэмцэлд улс бүхий л нөөцөө шавхсан. Хүүхдийн мөнгөнд дөрвөн их наяд төгрөг зарцуулагддаг. Вакцинжуулалтад 300 гаруй тэрбум төгрөг, PCR шинжилгээнд өдөрт 500 сая төгрөгийг зарцуулж байна. Зарим шаардлагатай хөрөнгө орруулалтыг танаж 735 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмж олгохоор болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын ажилчдад мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор болсон. Үүнийг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд шийднэ. Эм тариа бусад тоног төхөөрөмж хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар болсон. 125 тэрбум төгрөгийг PCR-д төлөвлөсөн. Нэмэлтээр 2000 орыг дэлгэж 110 тэрбум төгрөгийг гаргана.

Улсын төсвөөс гаргасан нэмэлт санхүүжилтийг хамгийн чухал зүйлдээ зарцуулах нь зөв. Ирэх жил дээрх хэмжээний мөнгийг “даахгүй” байж магадгүй.

Эмнэлгийн ажилчны цалинг нэмэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээрээ буюу эмнэлгийн удирдлагууд дотроо цалингаа нэмэх шилжилт хийсэн. Энэ дагуу сайн ажиллахыг нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад Ерөнхий сайдын хувьд албан ёсоор үүрэг өгөх нь зүйтэй байх.

Эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байх ёстой. Эрүүл мэндийн салбарынхан нийгмийн сэтгэлзүйд огт автаж болохгүй. Бид зөвхөн цаашлаад яах вэ гэдэг стратегийн өмнө байх ёстой. Шаардлагатай бол амь насаа зориулах хэмжээний цаг хугацаатай тулгарахад сэтгэлзүйн хувьд бэлэн байх ёстой. Хэдийгээр халдвар нүдэнд харагдахгүй байгаа ч гэлээ дайнаас ялгаагүй. Эрдэнэт хүний амь нас эрсдэж буй цаг үе юм шүү.

Шаардлагатай буй тоног төхөөрөмж болон дэлхийн түвшинд ажиллахад боломж бололцоо, цалин хангамжид зориулан Засгийн газар бүх зүйлийг хийх болно. Гэхдээ бид төсвөө бүрдүүлэхийн тулд цар тахлаа даван туулах ёстой болж байгаа юм. ДЭМБ бидэнд одоогоор хоёр зүйлийг зөвлөсөн. Нэгдүгээрт, вакцинжуулалтад бид томоохон үр дүнг гаргаж чадлаа ялангуяа эрүүл мэндийн салбарынхан. Цаашлаад 12 наснаас дээш хүүхдүүдээ вакцинжуулах ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй. Вакцины үр дүнг мэргэжлийн хүний хувьд та бүхэн ойлгуулах хэрэгтэй. Тухайлбал, хөнгөн тусаад мэдэгдэхгүй явж байгаа хүмүүс байгаа тухай. Сургаар дүгнэлт гаргадгаа болих цаг больсон. Цар тахал бол хамрын ханиад биш юм.

Хоёрдугаарт, халдвар хамгааллын дэглэмд Монгол Улс алдаа гаргаж байна. Хөл хорио тавиад хөдөлгөөн нээхэд хөдөлгөөний эрчим хурдацтай нэмэгддэг. Цар тахал бол зөвхөн эрүүл мэндийн салбарынхны сорилт биш. Уул уурхай, хөдөө аж ахуй, бизнес эрхлэгчдийн сорил юм. Хүн бүхэн цар тахлын өмнө хариуцлагатай байх хэрэгтэй.

Энэ вирус хэзээ ч таны эрүүл мэндэд заналхийлж магадгүйг цаг тутам анхаарч, дасан зохицож, урагшлах тактик руу шилжих зайлшгүй шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарынхан цаашдаа стратеги, тактик аа гаргаж ажиллах нь зүйтэй. Эмч нар та бүхэн  эрүүл мэндийн салбарынхаа төлөө, унаж туйлдсан эдийн засгаа сэргээхийн төлөө өдөржин, шөнөжин ажиллаж байгаад Засгийн газрын тэргүүнийхээ хувьд талархлаа илэрхийлье.

Хүн бүхэн эрүүл энх байх болтугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ 72.9 ХУВЬ НЬ ЗЭЭЛТЭЙ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Дельта вирус дэлхийн бусад орнуудад давамгайлж эхэлж байна. Дельта вирусийн дараагийн хувилбар дельта плас гэх мэтчилэн мутацилагдсан вирусийн тархалт нэлээд эрчимтэй явагдаж байна. Монгол Улсад судалгааны ажил хийгдсэн. Судалгаанд манай улсад 90 орчим хувьд нь альфа вирус давамгайлж байна. Үлдсэн арван хувьд нь  хувилбарууд явагдаж буй гэсэн судалгааны дүн гарсан.

Юун түрүүнд эрүүл мэндийн ажилчдын салбарын цалингийн шатлал, түвшин бага байгааг ойлгож байна. Энэ бол цаашид хийх нэг алхам. Ингэхийн тулд төрийн үйлчилгээний шатлалд өөрчлөлт оруулахаар ЭМЯ, Сангийн яамтай хамтран ажлын хэсэг байгуулан судлаад эхний шатандаа явж байна.

Дараагийнх нь нийгмийн асуудлын хүрээнд орон сууцжуулах ажлыг явуулна. Үүний тулд Худалдаа хөгжлийн банкаар олгож буй зургаан хувийн ипотекийн зээлийг авах хүсэлтэй ажилчдад оочер дугаар харгалзахгүй болгосон. Мөн банкуудтай хамтран зээлийн батлан даалт болон Засгийн газрын тогтоол батлуулах ажлыг эхлүүлнэ. Банкуудтай хамтран санамж бичиг байгуулж байна.

Эрүүл мэндийн салбарт цахимжих асуудал тулгамдаж байна. Манай улсад 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Бүгд өөрийн гэсэн программтай. Хоорондоо өгөгдөл солилцдоггүй. Үүн дээр Засгийн газрын тэргүүн ажлын хэсэг байгуулсан. Эрүүл мэндийн салбарыг богино хугацаанд бүрэн цахимжуулах ажлын хэсгийнхэн ажлаа үргэлжлүүлж байна. Эрүүл мэндийн салбар 50 мянга гаруй ажилтантай. Үүнээс 13 мянга гаруй нь эмч.

Эмч нарын дундаж цалин 843 мянган төгрөг, нэмэгдэл илүү цагаа нэмэхээр 1.3 сая төгрөг орчим байна. Сувилагч нарын цалин 712 мянга төгрөг, бусад ажилчдынх 510 мянга төгрөг байгааг судалгаагаар гаргасан.

Нийт эрүүл мэндийн салбарын 72.9 хувь нь зээлтэй байна. Үүний 10.3 хувь нь орон сууцны зээлтэй. Түрээсийн байранд 30 хувь нь, 17.5 хувь нь өөрийн гэсэн орон сууцтай гэсэн дүн гарсан.

Гүйцэтгэлийг эрчимжүүлэх ёстой. Бид 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлээр санхүүждэг ажлыг эхэлсэн. Цар тахалтай холбоотой зарим эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэл хийгдэхгүй байгаа асуудал гарсан. Гэсэн  ч хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ёстой.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч Н.АНХБОЛД:

-Цалин нэмэгдүүлэх хөдөлгөөнийг албан ёсоор тэргүүлэн ажиллаж байна. Олон хоног зовлон бэрхшээл тууллаа. Монгол Улсын дундаж цалин 1.390 сая төгрөг байна. Эрүүл мэндийн салбарт зөвхөн эмч нар байдаггүй. Хүн амын эрүүл мэндийг хамгаална гэдэг багийн ажил байдаг. Цар тахлын тулаанд орж буй эмч, ажилчдынхаа цалин хөлсөд анхаараач ээ. Цар тахлын голомтод ажиллаж буй эмч нар энгийн иргэдээс 8-10 дахин илүү халдварын эрсдэлтэй байна. Улаан бүсээс халдвар авсан эмч нар маш бага цалин, листийн мөнгөөр өөрсдийгөө дэмнэж байна.

Цалин хөлсийг улсын дундаж цалинтай дүйцүүлэн олгох боломж байна уу. Энэ жилийн ЭМЯ-тай байгуулсан хэлэлцээр өмнө байгуулсан хэлэлцээрээс дордсон хэлэлцээр боллоо. Бид халдварын улаан бүсээс ар гэртээ халдвар тээгээд очиж байгаа.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.АРИУНАА:

Холбооны дэргэд салбарын 56 мянган эмч, ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх, ажлын хэсэг түр хороо байгуулагдсан. 3000 гаруй эмч нар өвдчихөөд байна. Хүний нөөцийн хомсдолд орлоо. Нэг эмч гурваас дөрвөн хүний ажлыг хийж байна. Ажлын ачааллаас илүү сэтгэл зүйн дарамтад орж байна. Хэдий цар тахлын үед улс орны эдийн засаг хүнд байгаа ч тэвчих болох зардал буюу барилга байшингаа хэмнэх нь зүйтэй. Баяр наадам яах вэ дарга аа. Талбай дээр бид ингээд байж байна. Төр засгийнхан бидний үгийг сонсч буй ч гарц хэрэгтэй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭНЭ ЦАГ ҮЕД ДОГОЛДОХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

2022 оны улсын төсвөөс өмнө шийдэлд хүрэх нь зөв. Эмч нар ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Өөр хуулийн гарц байхгүй. Засгийн газар УИХ-ын баталж өгсөн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Та бүхэн эхлээд иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавиарай. Үйлдвэрчний эвлэлийнхэн та бүхнийг харгалзан үзээд 2022 оны улсын төсвөөс өмнө бидэнд гарц хэрэгтэй. Одоо буцаж хуралдаад төсвийг задална гэж байхгүй. Ерөнхий сайдын хувьд эрүүл мэндийн салбар энэ цаг үед доголдохыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Эрүүл мэндийн салбарынхан Ерөнхий сайдынхаа үгэнд хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна. Бид энэ цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байх цаг үе. Энгийн үед тангараг яриад ийм үед зовлон ярьж болохгүй. Энэ салбарын эмч ажилтан албан хаагчдад ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд нь нөлөөлөх оролдлого хийхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Ийм асуудлыг би мэдэж байгаа. Үүнийг эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж үзнэ. Шаардлагатай бол Эрүүгийн хуульд заасан хамгийн өндөр арга хэмжээг авах саналыг оруулна.

Уулзалтад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, зүүм програмаар 250 гаруй эмч ажилчид болон танхимд 30 хүн эмч нарыг төлөөлөн оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж