Хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт ард иргэд ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэндээ Ардын Хувьсгалын түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Дэлхий дахиныг хамарч, Монголын нийгэм, монголчуудын амьдралд хүндрэл, эрсдэл үүсгээд буй коронавирусийн цар тахалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан.

Гэвч Монгол Улсын мянга мянганаар тоологдох түүхэнд алтаар бичигдэх хуудас нь болж үлдсэн, зуунаар хэмжигдэх түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал заавал онцлон тэмдэглэж, ертөнц дэлхийд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ хэмээн үзсэний учир энэхүү Хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж байгаа юм.

Та бид эх оронч, тэмцэгч, баатарлаг дээдсийн үр сад нь билээ. Нүүдэлчдийн эзэнт гүрэн, төрт ёсыг хоёр мянга хоёр зууны тэртээ Төв Азийн цээжинд анх түрүүн цогцлоосон Хүннүчүүд бидний өвөг дээдэс билээ.

Бадрах Монголын тулгар төрийг эмхлэн байгуулж, монгол гэрийн ханын шийрийг дөрвөн тивд дэлгэн тэлсэн аугаа Эзэн богд, Мянганы суут хүн Чингис хааныхаа дэлхийн түүхэнд үлдээсэн өвөөр бид бахархдаг.

Харийн дарлалыг сөрөн тэмцэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олж, дэлхий ертөнцөд сэрсэн Монголыг тунхаглан зарласан Богд хаан, жанжин Сүхбаатар  тэргүүтэй эх орончдын эр зориг, мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон.

Хүн төрөлхтний нийтлэг хөгжилтэй хөл нийлэн алхах соёл иргэншлийн үрийг тарьж, ургуулан цэцэглүүлж, НҮБ-ын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан баатарлаг, хөдөлмөрч ахмад үеийнхний шандас шавхсан зүтгэл, дуслуулсан хөлсний үнээр өнөөгийн бидний Монгол эх орон минь төвхнөсөн билээ.

Буурал түүхийн маань эдгээр гайхамшигт хуудсуудаас 1921 оны Ардын хувьсгалаар эхэлсэн, өнгөрсөн нэгэн зууныг онцгойлон авч үзэхийн учир шалтгаан дараах 3 хүчин зүйлээр тайлбарлагдана.

Энэ зуун бол нэгдүгээрт, Монголчуудын СЭРГЭН МАНДЛЫН, хоёрдугаарт ТУСГААР ТОГТНОЛЫН, гуравдугаарт БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН зуун байлаа. 

XX зууны эхэн гэхэд бадран мандаж байсан Монголын эзэнт гүрэн бууран доройтож, бусдын эрхшээлд ороод 200 илүү жилийн нүүрийг үзэж байлаа. Монгол төрийн хэргийг Манж Чин гүрний төлөөний түшмэл эрхлэн шийдэж, сурах сургууль, эмчлүүлэх эмнэлэггүй, эдийн засаг нь дарлан мөлжигч улс гүрний түүхий эдийн хавсарга төдий болж, үгээгүй ядуу, дорд дорой байдал нийт монголчуудыг нөмөрсөн гаслант цаг үе ноёрхож байсныг түүх гэрчилнэ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд олж авсан өөртөө засан тохинох эрхийг ердөө 2-хон жилийн дараах 1913 оны Орос, Хятадын гэрээгээр хүчээр устган үгүйсгэхийг оролдсон. Дахиад хоёр жил өнгөрөхөд буюу 1915 онд Хиагтын гэрээгээр Хятадын эрхшээлд орших Автономит улс болгон хувиргасан юм.

1919 он гэхэд Хятад цэрэг Монголыг эзэлж, Автономит эрхээ бүрмөсөн алдав. Улмаар Хятадын гамин, Оросын цагаантнуудын давхар түрэмгийлэл Монгол орныг нөмрөөд байлаа.

Чухам ийм эмгэнэлт түүхийн гашуун цаг үед жанжин Сүхбаатараар удирдуулсан эх орончид маань Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглах эрх чөлөөний тэмцлийг эхлүүлсэн юм.

Хүн амын дөнгөж 1.0 хувь нь монголоороо уншиж бичдэг, халдварт өвчин нийтлэг тархсанаас шалтгаалан хүн амын цэвэр өсөлт зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтэрсэн тийм цаг үед Ардын хувьсгал ялсан.

Гэсэн ч “Дэлхийн боловсролоос гээгдсэн” монгол үндэстэн 1970 он гэхэд бүх хүн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болж, ЮНЕСКО-гоос батламж гардан авч байлаа. Хүн амаа эрүүлжүүлэх бодлого, үйл ажиллагааг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсан нь нийгмийн дэвшлийн төдийгүй үндэсний сэргэн мандалтын эх сурвалж болсон юм.

Ардаа асрах, эх үрсээ энэрэх, ахмадаа ачлах хүмүүнлэг энэрэнгүй бодлогын үр дүнд монголчууд бүх нийтээр эрүүлжиж, өсөн өнөржиж 1921 он гэхэд 500 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Монгол орон өдгөө 3.5 саяулаа болоод байна.

Орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын үндэсний тогтолцоо төлөвшиж, иргэд нь дэлхийн түвшний боловсрол мэдлэгийг эзэмшиж, дэлхий дахинтай хэм тэгш харилцаж, иргэнээ сансарт нисгэж, сонгодог урлагаар дэлхийд цахиур хагалж, их спортын дэвжээнд олимпийн аваргыг төрүүлсэн нэгэн зууны түүхээ бид Сэргэн мандлын зуун гэж нэрлэх бүрэн үндэстэй.

Ийнхүү мөхлийн ирмэгт ирээд байсан Монгол орон сэргэн мандсан түүх бол өнгөрсөн зууных билээ.

Ардын засаг төрийг тогтоон, шинэ улс гэрээ эмхлэн цэгцлэх их үйл хэргийн зэрэгцээ тусгаар тогтнол, бүрэн эрхээ дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх эх орончдын маань зүтгэл тэмцэл 1945 оны Ялтын гэрээгээр Монгол Улсын статус квог Их гүрнүүд хүлээн зөвшөөрснөөр бүрэн биеллээ олсон түүхтэй.

Том гүрнүүдийн ашиг сонирхлын хэрэгсэл болж байсан Монгол орны тусгаар тогтнолын хувь заяа нааштай шийдэгдсэний учир шалтгаан нь дэлхийн II дайны жилүүдэд Монгол Улс нь ЗХУ болон Холбоотон гүрнүүдийн талд баттай зогсож, фашизм, милитаризмын эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулж, дэлхийн түүхийг бичилцэж чадсантай салшгүй холбоотой байсан юм.

Ялтын гэрээний энэхүү заалтыг 1945 оны аравдугаар сард болсон бүх ард түмний санал асуулгаар Монголын ард түмэн баталгаажуулж, тусгаар тогтнолынхоо төлөө бүрэн санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь түүхэн чухал үйл хэрэг болсныг та бид мэднэ. Улмаар 1961 онд Монгол төрийн далбаа НҮБ-ын тэнгэрт мандсанаар Монгол хэмээх улс гэр дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт, нэр хүндтэй гишүүн нь болж, хөгжин дэвших замдаа баттай орсон билээ.

Өдгөө Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Хоёр хөрш ОХУ, БНХАУ болон дэлхийн томоохон улс орнуудтай Стратегийн болон Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой мөн тохиож байна. Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд  өөрийн хувь нэмрийг оруулж байна.

Ингэж өвөг дээдсийнхээ тулгыг нь тулж, галыг нь бадраасан улс гэрийнхээ бүрэн эрх, тусгаар тогтнолыг тунхаглаж, эх орондоо эзний ёсоор амьдрах монголчуудын олон зууны тэмцэл чухамхүү өнгөрсөн зуунд биеллээ олсон билээ.

Ердөө 5-хан сая малтай, түүнийхээ ашиг шимийг шүтэн амьдарч байсан монголчууд нэгэн зууны дотор түүхэн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, орчин үеийн дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлэн алхаж дэлхийн бусад улс орны адил ардчилсан нийгмийн цогцлоож чадсанаараа бид бахархах эрхтэй

Ардын хувьсгал ялж байх тэр цаг мөчид үндэсний банк, санхүү, худалдаа бие даасан байдлаа бүрмөсөн алдаж, гаднынхны ноёрхол тогтсон байв. Үндэсний үйлдвэргүй, зам, тээвэр, дэд бүтэц огт хөгжөөгүй, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал нь үндсэндээ бүрэн хэмжээгээр алдагдаад байлаа.

Тиймээс Ардын засгийн эхний жилүүдэд гаднын хараат байдлаас ангижрах, үйлдвэрлэлийн салбарын эхийг тавих, зам, тээвэр, барилга, холбоо харилцааны байгууламжуудыг барих, банк санхүү, төсөв татварын цоо шинэ тогтолцоо бүрдүүлэх зэрэг нэн төвөгтэй зорилт тулгарсныг амжилттай шийдвэрлэсэн билээ.

Улмаар ахмад үеийнхэн маань олон зууны хоцрогдол, мөнгө, санхүүгийн бэрхшээл, гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байршил зэрэг эмзэг нөхцөлд эдийн засгаа өөд татах бүхий л бололцоо, арга хэрэгслийг амжилттай ашигласан юм. Төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамтад нь шийдэж чадсан нь хурдацтай дэвшлийн үндсэн хөшүүрэг болсон түүхтэй.

Мал аж ахуйгаа цоо шинээр эрхлэн хөтөлж, газар тариаланг эзэмшин, агаарын, авто болон төмөр зам, холбооны шинэ сүлжээ, Эрдэнэт, Шарын гол, Багануур, Бор-Өндөр, Хөтөл гээд үйлдвэрлэлийн шинэ салбарыг эзэмшсэн. Түүнчлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд гээд шинэ хот сууринг байгуулан, орон сууц, эмнэлэг, сургууль, соёл, ахуйн барилга байгууламжийг сүндэрлүүлсэн. Мод боловсруулах, нэхмэл, оёдол, арьс шир, мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүний зэрэг хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсаны үр шимийг өнөө үеийн бид ч хүртсээр байна.

Өдгөө Монгол орон үйлдвэрлэл, бизнесийн шинэ арга хэлбэрүүдийг эрхлэн эзэмшиж байгаа. Орчин үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлэн, шинжлэх ухаан, техникийн шинэ эриний зорилтыг улс орноо тогтвортой хөгжлийн замд баттай оруулах ирээдүйн зорилготойгоо нягт уялдуулан хэрэгжүүлж байна.

Ийнхүү урьд өмнө хэзээ ч үзэгдэж харагдаагүй их бүтээн байгуулалт өрнөж, улс орон маань үсрэнгүй дэвшил, хөгжлийн замаар замнасан зуун бол өнгөрсөн зуун байлаа.

Эрхэм нөхөд өө,

Ардын хувьсгал хийх цагийн тохироо бүрэлдэн бий болж байсан 1920 оны арван хоёрдугаар сард гаргасан “Монголын шинэ ардын засаг байгуулах үндсэн журам” хэмээх баримт бичигт “Засгийн газар бүр эхнээс адагт хүртэл ганц ганцхан хүн бус, хэд хэдэн хүмүүс ард олны сонгуулиар тавигдаж, эд нар нь засгийн хамаг хэрэг үйлсийг зөвлөлдөн бүтээж байна. Ард олны өмнө шалгагдаж байх бөгөөд хэрэв гэм гаргавал ардын шүүлтийн цаазаар яллагдана” гэхийн зэрэгцээ “Ийнхүү ардын засгийн хамаг үйлдвэр явдал нь олон түмний засгийг сонгох лугаа адил сонгосон тогтмол хугацаагаар тавигдсан, ардын төлөөлөгчдийн Их хуралдааны шалгалтад байх амой” хэмээн заасан байна.

Энэ бол Ардын засаг бүр анхнаасаа ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэх, ард түмнээс сонгогдсон Их хурал буюу төлөөллийн ардчиллаар төрийн эрхийг барих хэлбэрийг сонгож байсны баримт юм.

Улмаар Улсын Хурал буюу парламентат засаглалыг сонгох үзэл санааг баттай баримталж, 1921 оны есдүгээр сард Улсын Түр Цагийн Хурлыг байгуулан, уг хурлын дүрэмд ард нийтийн сонгуулиар Улсын Хурлын төлөөлөгчдийг сонгох болон асуудлыг хэлэлцэх, ирц бүрдүүлэх, олонхийн саналаар батлах дэг ёсыг хүртэл нарийвчлан тогтоосон байдаг. Эдгээр үзэл баримтлал Тангаргын гэрээ, Нутгийн захиргааны дүрэм зэрэгт олон баримт бичигт бүрэн тусгалаа олсон юм.

1921 онд Засгийн газрын шийдвэрээр Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг Магсар хурц, Цэвээн Жамсранов тэргүүтэй тухайн үеийн шилдэг сэхээтнүүдээр бүрдүүлэн томилоод, Англи мэт ардын эрхт, хэмжээ цаазат улсуудын Үндсэн хуулийг нарийвчлан судалж, хэв загвар болгон авч ашиглахыг чиглэл болгосон байдаг нь тэр үед парламентын засаглалыг сонгохыг эрмэлзэж байсны бодит нотолгоо юм.

Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол Улсын “Улсын хурлын дүрэм”-ийн Хоёрдугаар зүйлд “Энэхүү Улсын Их Хурал нь ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол Улсын дээд эрхийг хадгалах газар болно” хэмээн тов тодорхой заасан байхаас гадна Үндсэн хуулийг батлах, Засгийн газрыг эмхлэн байгуулах, Их Хурлын гишүүдийн эрх, үүрэг, хурлын дэг зэргийг багтаасан нь өдгөөгийн Улсын Их Хурлын тухай хуулийн үзэл баримтлалтай агуулга нэг байгаа юм.

Онцлох нэгэн зүйл гэвэл 1924 оныг хүртэл Богд хаант буюу хэмжээт эрхтэй Бүгд найрамдах засаглалын чиг баримжааг тууштай баримталж байсны баримт нотолгоонууд түүхийн шарласан хуудсуудад тов тодорхой үлджээ. Улмаар 1924 оны зургадугаар сард баталсан “Бүгд Найрамдах засгийг байгуулсан тухай” тогтоолд Богд хаан таалал төгссөнийг дурдаад, үүнтэй холбогдуулан “Бүгд Найрамдах Ард Улсын засгийг явуулбал зүйтэй болох ба Да жунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй, улсын дээд эрхийг Улсын Их Хурлын дүрмийн ёсоор тус Хуралд хадгалж, Хурлын чөлөө цагт Засгийн газар хадгалах“ хэмээн тодорхойлсон байдаг.

Энэхүү үзэл баримтлал 1924 оны Анхдугаар Үндсэн хуульд туссан юм. Хуулийн Хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” гэжээ.

1914 онд байгуулагдсан Богд хаант Монгол Улсын Дээд, Доод хурал буюу парламентын хэлбэр ийнхүү анх удаа Үндсэн хуулийн хэмжээнд тунхаглагдсан юм.

Улсын анхдугаар Их хурлаар анхны Үндсэн хуулиа баталсны зэрэгцээ хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд Найрамдах засаглалыг сонгосон. Ард олныхоо сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчлан, төрийн байгууламжийн нэгдмэл хэлбэрийг тогтоосон. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрх эдлүүлэх, эвлэлдэн нэгдэх, эрдэм боловсролд суралцах гэх мэт хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн улс төрийн ардчилсан тогтолцооны үндэс суурийг тусгасан билээ.

1940 оны Үндсэн хуульд засгийн дээд эрхийг барих газар нь Улсын Их Хурал бөгөөд түүний чөлөө завсар мөн эрхийг Улсын Бага Хурал барина гэж заасан. 1960 оны Үндсэн хуульд төрийн эрхийг барих дээд байгууллага нь Ардын Их Хурал бөгөөд гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна гэсэн билээ.

Эдгээр Үндсэн хуулиудын иргэдээ ангиар ялгаварлах, иргэнийхээ эрх, эрх чөлөөг хязгаарлах, социалист чиг баримжааг мөрдлөг болгосон, төрийн дээр намыг гарган тавьсан, нэг намын дангаар ноёрхлыг Үндсэн хуулиар тунхагласан гэх мэт Монголын нийгмийг гажуудалд хөтлөх үзэл санаа тусгагдсан байдаг нь түүхийн үнэн. Гэсэн хэдий ч бүхэлдээ Монгол орны тухайн цаг үед дэвшигдсэн түүхэн зорилтуудыг шийдвэрлэх, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хангахад зохих ач холбогдол, үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Ерөөс аливаа хэрэг явдлыг тухайн цаг үеийн дэлхий дахины хийгээд Монгол орны улс төрийн амьдралын түүхэн нөхцөл, гадаад дотоод уялдаа холбоонд нь авч үзэх ёстой. Оноо алдааг нь дүгнэж, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг элдэв өнгө будаггүйгээр үнэн мөнөөр нь гарган тавьж, олон түмэнд зөв ойлголт өгөх нь чухал юм. Их хэлмэгдүүлэлт, зүүнтэн баруунтны нугалаа, сэхээтний төөрөгдөл гэх мэт түүхийн гашуун сургамжууд ч үүнд хамаарна.

Ийнхүү 3 Үндсэн хуулийг баталж, мөрдсөн 70 жилийн түүх 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр өрнөсөн Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр нэг нам ноёрхсон тоталитар дэглэмийг халж, ардчилсан шинэтгэл хийх замд эргэлт буцалтгүй орсон билээ.

1990 оны долдугаар сард олон намын оролцоотой, анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, түүний үр дүнд үндэслэн парламентат ёсны төрийн эрх барих байнгын ажиллагаатай дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Улмаар шинэ, ардчилсан Үндсэн хуулийн төслөө боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн баталснаас хойш бид 30 дахь жилтэйгээ золгох гэж байна.

Шинэ Үндсэн хуулиараа бид парламентын засаглалыг сонгон, Монгол Улс бол ардчилсан улс болохыг, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхагласан. Хүний эрх, эрх чөлөө, шударга байдал, тэгш ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаарх ард олон, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын байр суурь, өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан туршлага сургамж, улс орны хөгжлийн шинэ зорилтуудад үндэслэн Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг төр тогтвортой, түмэн олон амгалан, засаглал нь харилцан хяналт-тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь боловсронгуй болж, төвлөрлийг сааржуулж, төр улсаа, ирээдүйн зам мөрөө цэгцлэн засах эрхэм зорилгоор хийсэн билээ.

Өдгөө Монгол Улс, монголчууд улс орондоо жинхэнэ эзэн нь байж, асуудлаа бие даан шийдэж, дэлхийн соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй алхаа нийлүүлэн урагшилж байна. Бидэнд шийдэж чадаагүй зүйл, шийдвэл зохих асуудал, өнөө маргаашийн хүндрэл бэрхшээлийн аль аль нь бий. Гэхдээ бид зөв замаар яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

 Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бид мөхлийн ирмэгээс сэрсэн Монголынхоо 100 жилийн ойг ёслон тэмдэглэж, дараагийн шинэ зуун руу алхан орох гэж байна.

Шинэ зуунд бид ШИНЭЭР СЭРГЭН МАНДСАН ШИНЭ МОНГОЛЫН түүхийг эхлүүлж, хөгжил дэвшлийн гэгээн ирээдүйн гэрэлт замыг засах ёстой.  

Олсноо бататгаж, алдсанаа залруулах, зөв зүг рүү тууштай урагшлах нэг л сонголт бидэнд бий. Улс орон маань өөдлөн дэгжихийн босгон дээр ирлээ, сэргэн мандлын шинэ замдаа бид орох нь гэсэн итгэл, сайн цаг сайхан ирээдүйд тэмүүлсэн хүсэмжлэл нийт нийгэм, Монголын ард түмэнд нэгэнт бий болжээ. Энэ их итгэл найдварыг биелүүлэх нь ард түмнээ төлөөлөн төрийн эрхийг барьж буй энэ цагийн төрийн түшээд бидний журамт үүрэг, үндсэн хариуцлага байх болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн Эрх зүйн хувьсгалыг үр дүнд хүргэж, парламентат ёсоо бэхжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал зорилт юм. Зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударгаар ард иргэддээ хүртээгдэж, тогтвортой хөгжлийн бүх нөхцөл хангагдсан шинэ Монголыг цогцлоох үүрэг хариуцлага та бидэнд ногдож байна.

Эдийн засагт тогтолцооны хувьсгал хийх, Ази, Дорно дахины хөгжлийн шилдэг загвараас суралцаж, Монголын онцлогт нийцсэн, экологийн болон экспортын чиг баримжаатай, алсын хараатай Монгол хөгжлийн загвартай болж, түүгээр тууштай замнах нь нэн чухал байна.

Хоёр хөрш болон гуравдагч хөрш, дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон найрамдал, хамтын ажиллагааны уламжлалт харилцаагаа улам бататгаж, тэдний тус дэм, хөрөнгө оруулалтыг Монголынхоо хөгжилд зориулах, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах нь хөгжил дэвшлийн нэгэн чухал хөшүүрэг байх болно.

Монгол хэмээх ертөнцөд дуурсгалтай улс үндэстэн оршин байхын баталгаа болсон үндэсний соёл, түүхээ эрхэмлэн дээдлэх, хойч үедээ уламжлуулах нь бидэнд ногдсон хариуцлага юм. Түүнчлэн монгол ёс заншлаа мэддэг, сахин дагадаг, хүмүүнлэг боловсролтой монгол иргэнийг төлөвшүүлэх нь Та бидний хойч үеийнхний өмнө хүлээх эрхэм үүрэг билээ.

 “Мандтугай” гэдэг үг зөвхөн эх оронд л тохирно. Тиймээс энэ үгийг эзэн хаан байлаа ч сууж сонсох эрхгүй гэсэн мэргэн үг байдаг.

Тиймээс Хөх тэнгэрийн дор Монгол эх орон минь мөнх оршиж, угтан тосож буй шинэ зуунд ШИНЭ МОНГОЛ БАДРАН МАНДТУГАЙ гэсэн ерөөлийг Монгол түмэндээ өргөн дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж