Японы нийслэлд covid-19 халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул “Токио 2020” олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар болсныг өчигдөр /2021.07.08/ Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото мэдэгджээ.
Токиогоос гадна Канагава, Сайтама, Чиба гэсэн хөрш мужуудад ч мөн олимпийн уралдаан тэмцээнүүдийг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон байна.
Тус улсын Засгийн газар Токио хотод наймдугаар сарын 22-ныг хүртэл онцгой байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргаад байгаа аж. Үүнээс өмнө “Токио 2020” зуны олимпийг 50 хүртэл хувийн суудал дүүргэлттэйгээр дотоодын хөгжөөн үзэгчдийг нэвтрүүлэхээр шийдвэрлэж байв.
Харин Паралимпийн наадмыг хэрхэн зохион байгуулахыг ирэх сард шийдвэрлэхээр болжээ. Олимпийн наадмын ихэнх тэмцээн уралдаанууд Токио хотод болох бол цөөн тэмцээнүүд хөрш мужуудад зохион байгуулагдах юм.
Зөвхөн Токио хотод өчигдөр covid-19 халдварын 896 шинэ тохиолдол нэмэгджээ. Харин өнгөрсөн долоо хоногт Япон улс даяар өдөрт 600 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байв. Одоогийн байдлаар Япон улсын хүн амын 14.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Эмч, мэргэжилтнүүд covid-19-ийн “Дельта” хувилбар “Токио 2020” наадмын үеэр дэгдэж болзошгүйг анхааруулж байгаа аж.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ