Аалзны тор шиг сүлжилдсэн гэр хорооллын гудамжаар жорлонгийн өмхий үнэр хамар цоргино. Зуны улиралд тэсэхэд бэрх энэ үнэрийг хашааны мухар сахисан ноход л тэснэ. Ялаа, батгана шавж, хуучирч муудсан модон жорлонгоос тавхан алхам ч хүрэхгүй зайд нэг метр ч хүрэхгүй төмөр гинжинд дөнгөлүүлсэн нохой сүүдэр бараадаж ядна. Аргаа барахдаа л нүх ухаж газар дор шигджээ. Халууцаж цангахдаа хэлээ унжуулж, аахилна. Эзэд нь камер харсных уу, гэнэт нохойгоо санав уу “Басар, басар ус уу”, “Алив Басарт хоол өг”, “Басарыг өөр газарт уях уу”, “Басар нааш ир” гэж толгойг нь илж сүйд болох нь нэг л хуурмаг. Бас жорлонгийн хажууд олон жил эздээсээ өөр хүнийг танихгүй уяатай нохой гэнэт л “Од” болох нь тэр. Эздийнхээ бараанаар сүүлээ шарвагануулах нохой хир даг болсон төмөр таваг руугаа байн байн харах нь өрөвдмөөр. Хамгийн сүүлд хэзээ хоол идсэнийг нь эздээс нь өөр хүн мэдэхгүй.
Айлын эзэгтэйн хэлснээр нохойгоо шар будаа, цувдаагаар өдрийн гурав хооллодог гэнэ. Гэвч эзний ярьж байгаа шиг нохой өдрийн гурван хоол иддэг “царайгүй”. Хэдийгээр нүд халтирам тураалтай биш ч нэг л ядруу, туранхай. Бас гунигтай. Харц доогуур сарвуугаа дэрлэн хэвтэнэ.
Тухайн айлын эзний хэлснээр Басар нохойгоо тэжээгээд 10 гаруй жил өнгөрчээ. Гөлөг байхаас нь л тэжээсэн гэнэ. Нохой нь олон жил гинжинд хүлээтэй амьдарсан гунигтай тавиландаа эвлэрч дассан байдалтай, танихгүй хүн харсан ч тоохоо больж. Захын нэгэн айлаар ороход л ийм дүр зураг угтлаа.
Уяатай нохдын нүдний гал унтарч, цаанаа л гунигтай. Зарим нь ааш нь догширч хүн барьж идэхэд ч бэлэн араатан болсон байдаг нь бас л тэжээж байгаа хүний буруу гэдгийг хэн ч анзаардаггүй. Олон жил уяанд сойлгож, хоолгүй өлбөрсөн ноход эцэст нь араатан болдог.
ХАРГИС ЭЗНИЙ ГАРААС МУЛТАРСАН АЗТАЙ САВАР
Өнөөдөр гэр хорооллын мянга мянган айлын нохой хашаа манах л үүрэгтэй “амьд дохиолол” шиг жорлон, хашааны захад метр ч хүрэхгүй гинжтэй насыг барж байна. Хашааны эзэд нохойндоо хоосон яс, угаадас өгч хааяа гэдэс, шар будаа чанаж өгдгөө амьтан тэжээж байна гэж эндүүрч гинжинд хүлж тамлаж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Анзаарсан ч тоодоггүй. Дээр нь нохойндоо агсрах хүмүүс ч цөөнгүй.
Харгис эзнийхээ балгаар эрэмдэг болсон ноход ч маш их. Харамсалтай нь аврагдах тохиолдол өдрийн од шиг. Азтай савруудын нэг болох Баавгай.
Золоор амьд үлдсэн ч хойд хоёр хөлөөрөө гишгэж чадахгүй, чирж явдаг болжээ. Түүнийг өмнөх эзэн нь зодож нүдсээр эцэст нь гудамжинд гаргаж хаясныг шинэ эзэн нь хэлж байв.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны оршин суугч Ч.Отгонзаяа “Манайх амьтан тэжээдэггүй л дээ. Гэхдээ гөлөг байхаасаа л манай хашаа руу орж ирдэг байсан юм. Анх хөрш айлын гөлөг болохыг ч мэдээгүй. Нэг л өдөр эзэн нь цагдаа нар дагуулан нохойныхоо гэрчилгээг үзүүлээд сүр дуулиантай авч явсан. Баавгайг бандгар гөлөг байхад нь хоёр сар гаруй хооллож тэжээсэн болохоор дасчихдаг юм билээ. Эзэн нь нэг хэсэг нохойгоо машиндаа авч явж, хооллож их л анхаардаг байсан юм. Гэхдээ хүүхдүүд худлаа ярихгүй, баавгайг эзэн нь зодож, үсэн дээр нь бохь наагаад байна гэж үргэлж хэлдэг байсан. Айлын нохой болохоор яах ч аргагүй байдаг юм билээ.
Гэтэл нэг өдөр гэрлүүгээ орж явтал Бандгар хүзүүвчгүй, эцэж турсан гудамжинд сарвуугаа дэрлээд хашаа руугаа хараад сууж байсан нь дэндүү өрөвдөлтэй. Эзэн нь нохойгоо эрэмдэг болохоор нь хүзүүвчийг нь салгаж, хашаанаасаа гаргаад хаясан. Баавгай ч хүзүүвчгүй болж манай нохой болсноос хойш дахин машины дуугаар хашаа руугаа гүйгээгүй. Эзэндээ ч их дургүй болсон байна билээ. Гэхдээ л нохойгоо харахаар өрөвддөг юм.
Бандгар гөлөг байхыг нь мэднэ. Гэтэл эцэж турсан, хөл нь гэмтсэн. Машингүй болохоор олон эмнэлэгт үзүүлж чадаагүй. Гэрийнхээ ойролцоох малын эмчид үзүүлэхэд эмчилгээ бичиж өгөөгүй, зүгээр л гударга гэсэн. Гэтэл Баавгайг харахаар хоёр хөлөө чирдэг л болохоос биш сэргэлэн, гударга туссан нохой шиг байдаггүй.
Эзэн нь л нохойгоо өдөр бүр машиндаа суулгаж авч явдаг байснаа сүүлдээ гэртээ орхих болсон. Машинд л дайруулсан байх. Эзэн нь нохойгоо гэмтээчихээд хог шиг гаргаж хаясныг нь бодохоор л гомдолтой байдаг юм. Хэрэв баавгайг эргүүлж авна гэвэл өгөхгүй. Гэрчилгээтэй нь биш сэтгэлтэй нь амьтан тэжээдэг юм.
Амьтан гэдэг тоглоом биш. Нохой яг л хүүхэдтэй адилхан шүү дээ” гэсэн юм. Тэрбээр нохойгоо аварч эмчлүүлэхийн тулд аргаа барахдаа “Азтай савар” группт бичлэг постолсноор Баавгайтай танилцсан нь энэ юм.
Хашааны ноход өнөөдөр гинжинд дөнгөлүүлж, өмхий агаараар амьсгалж, хоолгүй өчнөөн өдөр шөнө өлбөрч тураалд орж тарчилж байна. Нэг хэсэг нь зүүтэй маханд хордож, бууны суманд өртдөг гунигтай бас гашуун хувь тавилантай. Нохойгоо хэзээ ч сул тавьж үзээгүй иргэн Д.Отгончимэг “Манайд чонын эрлийз нохой байсан юм. Догшин ч бас сэргэлэн байсан. Нэг өдөр нохой мань айлын нохойтой уралцаж хүнд гэмтээсэн юм билээ. Гэтэл биднийг эзгүйд хөрш айлын хүн нохойг минь зодож нүд халтирам болгочихсон. Бид цагаан сар таарсан тул зарга хийгээгүй тэвчээд өнгөрсөн. Дараа нь нохой минь ч бие нь тэнхэрч сэргэлэн болсон байсан юм. Даан ч нэг л өдөр хоол идэж чадахааргүй болж сар тарчилж байгаад нас барсан. Сүүлд нь зүүтэй маханд хордсоныг мэдсэн.
Бас сүүлийн үед хэдийгээр айлын ноход пайз, хүзүүвчтэй болсон ч нохой буудлагынхан хэнэг ч үгүй буудаж ачдаг. Нүдэн дээр минь эзэнтэй нохойг буудаж, гаслуулсаар ачсан. Эзэн нь хааяа л уяанаас нь сулладаг байсан юм. Нүд халтирам тэр үеийг бодоод нохойгоо алдахаас айдаг.
Тийм болохоор уяанаас нь сулладаггүй” гэсэн юм.
Нөгөө талд, орон сууцны айл өрхүүд амьтан тэжээхийн хэрээр амьтны хэрэгслийн дэлгүүрийн тоо ч нэмэгдэх болов. Дэлгүүрээр хүүхдээ дагуулсан хүмүүс, залуус их. Тор дүүрэн нохой, муурны зориулалтын хоол, элсийг нь авч яваа нь гэр хорооллын хашааны ноходтой харьцуулахад гэрийн тэжээвэр амьтад “тансаг”. Олны мэдэх гурав, дөрөвдүгээр хороололд эгнэсэн амьтны дэлгүүрээс хоол авч яваа залуу хос “Бидний хоёр дахь хүүхэд бол нохой маань. Гэр бүлийн гишүүнээ л гэж боддог. Амьтан тэжээнэ гэдэг хариуцлага. Үүрэг, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй бол амьтан тэжээгээд ч хэрэггүй. Дээр нь мөнгөтэй байх ёстой. Нохой тэжээхээр шийдсэн л бол эхлээд хүүхдээ таньж мэд. Дараа нь амьтан тэжээ.
Ер нь монголчуудын хувьд амьтан тэжээх ухамсар хэцүү шүү дээ. Нохой, муурыг замбараагүй үржүүлж, эрлийзжүүлж, үнэ цэнийг нь унагаж байна.
Үүнийг зохицуулах ёстой. Монголд гэрийн тэжээвэр амьтны эрхийн тухай хуультай болох хэрэгтэй” гэлээ. Эцэг эхчүүдийн хувьд ихэнх нь л хүүхдийнхээ гуйлтаар амьтан худалдаж авдаг учраас дургүй нь хүрвэл гудамжинд хаях, ах дүү нар, айлд дамжуулах нь түгээмэл. Амьтны дэлгүүрийн нэгээр нь ороход бага насны хүүхдээ дагуулан яваа залуухан ээж хамстер авч байв.
Тэрбээр “Охиныхоо гуйлтаар л хамстер авч байна. Манайх олон амьтан тэжээж байсан. Нохой, муур, туулай, одоо хамстертай боллоо. Ер нь амьтан тэжээх арчилгаа их ордог. Тиймээс нохой, мууртай байсан хөдөө ах дүү нартаа өгч явуулсан” гэж хээвнэг хэлэх нь тэр. Монголчуудын хувьд гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн гэж үзэх нь ховор. Тиймээс ч нэг л таалагдахгүй бол шууд л хөдөө эсвэл гэр хороололд айлд өгнө. Үгүй бол зүгээр л гудамжинд гаргах нь нийтлэг. Юун амьтны “эрх”. Тэдэнд өнөөдөр амьдрах эрх ч алга.
ТЭЖЭЭХ БИШ ТАМЛАЖ БАЙНА
Амьтныг хүүхдийнхээ тоглоом, эсвэл зугаа мэт бодож, эд зүйл шиг харьцаад хаядгийг сүүлийн хэдэн жил зөвхөн манайд үнэгүйдсэн үүлдрийн хаски, спаниел, голден ретривер зэрэг нохой бас муурнаас харж болно. Ялангуяа цар тахлыг дотоодод алдсан үед хүмүүс сэтгэл хөөрлөөрөө хандаж, гэрийн тэжээвэр амьтдаа хаяж бас үрчлүүлэх нь ихэссэн байна. Энэ талаар “Азтай савар” ТББ-ын кординатор Э.Бүжинлхам “Цар тахал дэлхий дахинд бүхий л гэрийн тэжээвэр амьтдад хүндхэн нөлөөлсөн. Ялангуяа монголчуудын амьтан тэжээх мэдлэг маш бага. Covid-19 халдварыг дотоодод алдаагүй жил гаруйн хугацаанд гэрийн тэжээвэр амьтдаа бусдад үрчлүүлэх, гаргаж хаях нь цөөхөн байсан. Харин цар тахлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод алдах үеэр үүлдрийн муур, нохойгоо илт хаях тохиолдол гарсан. Нэг хэсэг нь амьтнаа үрчлүүлэх, унтуулахаар бидэнтэй холбогдож байсан.
Ер нь хүмүүс амьтныг эгдүүтэй хөөрхөн үе нь өнгөрөөд эхлэхээр л гаргаж хаядаг, зардаг, хэн нэгэнд өгдөг, унтуулах тохиолдол ч гардаг. Хамгийн тулгамдсан асуудал нь монголчууд амьтныг дорд үзэх нь түгээмэл. Гэр хорооллын хашааны нохдыг “амьд хонх” болгон ашиглаж байгаа нь анхаарал татаж байна. Бүгд биш ч дийлэнх нь тэжээх нэрийдлээр тамладаг.
Нарийн олс шиг оосорт хоолой нь боогдсон, гинжнээсээ болж үерт живсэн, хоолгүй эцэж турсан, ноосонд баригдсан нүд халтирам байдалтай л байдаг. Дээр нь уяанаас нь суллахгүй байсаар өөрсдөө нохойгоо араатан болгодог, ойртож чаддаггүй. Хүнтэй зүйрлэвэл, хүнийг ямар ч гэм буруу хийгээгүй байхад нь өмхий жорлонгийн хажууд, хашааны мухарт 15 жил богинохон гинжээр уячихаад угаадас, яс, хоолны муухайг өгье. Араатан л болно. Амьтны эрх хаана хамгийн их зөрчигдөж байна, хаана хамгийн их замбараагүй үржил болж байна, хаана хамгийн их амьтад зовж байна гэхээр гэр хороолол. Амьдралын боломж тааруу эсвэл амьтан тэжээх мэдлэггүй хүмүүс амьтан тэжээх биш тамлаж байна. Бидний хүрэхийг хүсч буй зорилтот бүлэг хашааны нохдыг аврах.
Уламжлалт сэтгэлгээнээсээ холдох тусам нэг бол хэтэрхий сэтгэлгээний ядууралд орж амьтныг зовоодог төрлийн хүмүүс байна. Нөгөө талд хэтэрхий гаднын соёлыг дуурайж үүлдрийн муур, нохойг гоё л гэж тэжээдэг ч мэдлэг, хариуцлагагүйгээс болж амьтан хохироож байна. Монголд өнөөдөр амьтдаас гадна амьтан тэжээдэг хүмүүсийн эрх ч бас зөрчигдөж ялгаварлан гадуурхагдахад хүрч байгаа нь нууц биш.
Амьтны тухай ойлголт мэдээлэл ихэнх хүнд байдаггүй. Иймд гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах тухай хууль эрхзүйн орчин бидэнд хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд бид 888 хүний гарын үсгийг цуглуулж, бүх бичиг баримтыг бэлдсэн. Одоо хууль санаачлагчаа олбол энэ онд багтаан Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах тухай хуультай болох болов уу гэсэн хүлээлт байна. Хуультай болсноор эздэд нь хариуцлага хүлээлгэхээс авхуулаад олон зохицуулалтыг хэрэгжүүлж болно” гэсэн юм.
“Азтай савар” ТББ нь өнгөрсөн онд гэхэд 500 орчим нохой, муур гэрийн тэжээвэр амьтныг аварч, эзэнтэй болгож, үржил хаах мэс засал хийжээ. Тус ТББ нь монголчуудын сайн мэдэх амьтны эрхийг хамгаалж буй сайн дурын залуусын нэгдэл дээр 2013 үүсгэн байгуулагдаж байв. Тэд өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаанд 5000 орчим гэрийн тэжээвэр амьтныг аварч, хамгаалжээ.
Холбоотой мэдээ