“10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

“10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт ямар байна вэ?

“10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт ямар байна вэ?

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” баталснаас хойш дөрвөн сар өнгөрчээ. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш буюу энэ сарын 5-ны өдрийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлд 21 мянган зээлдэгчийг хамруулж, 1.6 их наяд төгрөг олгож, 86.4 мянган ажлын байр хадгалжээ.

Барьцаа хөрөнгийн дутагдалтай нийт 165 иргэн, аж ахуй нэгжид 21.9 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан байна. Мөн репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 567.5 тэрбум төгрөгийг 2584 зээлдэгчид олгож, 25 мянган ажлын байр хадгалсан мэдээллийг Сангийн яамнаас өгөв.

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 481 тэрбум төгрөгийг 6517 зээлдэгчид олгожээ. Барилгын салбарт дам нөлөөгөөр 81 мянган ажлын байр хадгалсан мэдээлэл байна. Хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 309.2 тэрбум төгрөгийг 19.7 мянган зээлдэгчид олгожээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл

-Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

-Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

-Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

-Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.

Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолсон билээ.

Сануулахад, Засгийн газраас банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болсон. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрсөн билээ.

Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлэх юм. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулж буй.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулсан. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахыг зорьж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж