Д.Нарантуяа эрхлэгчийн “Редакцийн зурвас” | News.MN

Д.Нарантуяа эрхлэгчийн “Редакцийн зурвас”

Д.Нарантуяа эрхлэгчийн “Редакцийн зурвас”

Д.Нарантуяа сэтгүүл зүйн дэвэрч буцалсан гал тогоонд 30 жилийг үдэж. Одоо ч ажиллаж буй. “Архиваа зах зухаас нь янзалсан чинь маш олон үйл явдал, түүхийг туулсан байна шүү” гэсэн нь ном бичээч гэх яриа руу хандуулав. “Ямар ч гэсэн архиваа цэгцлэхдээ бодож үзье. Би ном бичнэ гэдэг юу л бол…”. Ашгүй, Нараа эрхлэгч бичжээ!

Сонин хэвлэл, мэдээ нийтлэл уншиж хэрэглэдэг хэн бүхэнд Д.Нарантуяа гэдэг нэр хэзээний танил. Харин өөрийг нь харсан, биеэр уулзсан хүн олон биш байж мэднэ. Яагаад гэвэл тэр редакц удирдаж, хэрэглэгчдийнхээ юу уншихыг шийддэг хэр нь ил харагддаггүй, нийтлэлийн бодлого тодорхойлогч билээ. Алдартай сэтгүүлчдийн тэргүүн нүүр эзэлсэн нийтлэл, шуугиан тарьсан хадаасууд, үндэсний том хэвлэлийн нийтлэлийн бодлогын арыг даадаг Ерөнхий редактор гэсэн үг. “Юуг онцлох, ямар мэдээг дэлгэрүүлж ухаж төнхөх тал дээр хүн бүрт л санаа бий. Мэдээж би бусдын санааг анхааралтай сонсдог. Гэхдээ мэргэжлийнхээ суурь зарчимд нийцсэн шийдвэр дээр л бат зогсдог доо”.

Бие даасан сэтгүүл зүйн суурь өөрчлөлтүүд дөнгөж соёолж эхэлж байхад Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийг сонины сэтгүүлч мэргэжлээр 1989 онд төгссөн шинэхэн сэтгүүлч ажлаа эхэлжээ. Өнгөрсөн 30 гаруй жилд тоймгүй олон сорилтыг давж, чөлөөт сэтгүүл зүйн үзэл санаандаа үнэнч байж, сэтгүүлчээрээ үлдсэн нь хуруу дарам. Тэр цөөний нэг нь Нарантуяа эрхлэгч. “Хэвлэлийн хүрээлэн байгуулагдахад би анхны багш нарынх нь нэг байсан юм. Багш нэртэй ч би өөрөө суралцсан. Чөлөөт хэвлэлийн зарчмыг тэнд ойлгож, тэрний төлөө сэтгэлдээ гал асаачихсан юм”. Сэтгүүл зүйн салбарын өнгөрсөн 30 жилийн түүхийн огцом эргэлтүүд, урагшилсан, ухарсан үнэн түүх хийгээд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын онцгой үйл явдлуудыг сэтгүүл зүйн өнцгөөс эргэн дэлгэсэн сэтгэл татам нийтлэлүүдтэй “Редакцийн зурвас” ном хэвлэлтээс гарлаа. Мэргэжлийн сэтгүүл зүйн бодлого тодорхойлогчдын бүтээл нэн ховор байдагт энэхүү шинэ бүтээлийн үнэ цэн оршино.

“Спортын мэдээ”, “Өнөөдөр” \Баабарын\, “Бизнес таймс”, “Хөдөлмөр” сонин, МОНЦАМЭ агентлаг, “Ардын эрх”, news.mn, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл гээд Нарантуяа эрхлэгчийн ажилласан, хүчээ өгсөн газруудыг нэрлэхэд л Монголын сэтгүүл зүйн салбарын сүүлийн 30 жилийн түүхэн хэлхээ хөвөрнө. Сэтгүүл зүйн гал тогоонд сэтгүүлч, редактор, Ерөнхий редактор, Дэд захирлаас гадна Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн анхны багш, Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах суурийг тавихад цуврал нийтлэлүүдээ зориулсан, үүсгэн байгуулах лобби бүлгийн хамгийн нөлөөтэй гишүүн нь байж.

Хэвлэл мэдээлэл бол нийгмийнхээ толь нь. Амьдрал хэрхэн өрнөж байгааг өгүүлдэг болохоор нийгмээсээ дээгүүр эсвэл доогуур байх үндэсгүй. Мэдээ бүр бидний амьдралын тусгал. Хэрэглээ. Мэдээ уншаад бид эргэн тойрноо эргэцүүлэн бодож, шийдвэр гаргадаг. Нийгмийн өмнө ийм хариуцлага үүрдэг учраас зарчим баримтлах дүрэмтэй, өвөрмөц салбар. Мэдээний агуулгаас нийгмийн хандлага тогтоно. Тэр мэдээг бэлтгэдэг сэтгүүл зүйн тулах гурван цэг нь сэтгүүлч, редактор, редакц гурав. Хэдийгээр өнөөдөр хүн бүр редакц болчихсон мэт үзэгдэл түгээмэл болсон ч сэтгүүлч, редактор, редакц гурав л мэргэжлийн сэтгүүл зүйг тодорхойлж ирсэн. Цаашид ч тийм байх нь үнэн билээ.

Намуун байгалийг сэрээсэн

Нарны туяа туслаа даа

Насны минь жаргалыг зөгнөж

Найртайхан чи минь учирлаа даа хэмээн цангинуулдаг цовоо ялдам хоолойг бид одоо ч сонсох дуртай. Энэ бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгорын хоолой. Д.Нарантуяа эрхлэгчийн ээж. Дуунд нь гардаг нарны туяагаар ууган охиноо нэрлэж. “Талх чихэр” комбинатын ажилчин хөөрхөн охин Улаанбаатар хотноо зохиогдсон Увс аймгийн Соёл урлагийн өдрүүдэд оролцсоноор урлагийн хүн болсон аж. Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Сүрэнгийнх Улаанбаатарт шилжин суурьшаад байсан ч аймгийн угшилтай авьяаслаг хүмүүсийг Соёлын өдрүүдэд татан оролцуулдаг байсан уламжлалаар Цэрэндолгорыг дайчилжээ. Харин аав Далхаагийн Дангаасүрэн нь Ленинградын Биеийн тамирын дээд сургуулийг дүүргэж ирээд Спортын гимнастикийн улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байж. Монгол улс анх удаа олимпод оролцохоор бэлдэж байсан 1964 онд тэд танилцжээ. Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчид “Улаанбаатар” зочид буудалд байрлаж байв. Мөн тэр буудалд Увс аймгийн Соёлын өдөрт оролцох уран бүтээлчид байрлаж байлаа. Дуучин, дасгалжуулагч хоёр тэнд танилцаж, Улаанбаатарыг чимж явсан хосын амьдрал эхэлжээ. Завгүй аав ээжтэй, таван хүүхэдтэй айлын том охин багаасаа л хариуцлага үүрч өссөн. Хүүхэд насных нь амьдрал Нараа эрхлэгчийг аливаад няхуур, нягт нямбай хандаж сургажээ. Ажлынхаа гарааг эхэлсэн цагаас л нягт нямбай байх, мэдээ мэдээллийн бодит үнэн хийгээд үр дагаврыг олж харах, мэргэжлийн хандах замаас гажиж байсангүй.

Хамгийн тогтворгүй цаг үе, үйл явдлын дунд гурван арваныг туулаад буй сэтгүүлч, редакторын байр суурийг түүний хувь зан чанар тэнцүүлж ирсэн. Ямар сэдвийг хөндөх, ямар материал нийтлэхийг шийддэг мэдээний урсгалыг залах бэрх даваа. Эрсдэлтэй нөхцөл байдал, айдас түгшүүр, дарамт шахалт гээд олон хүнд өдрүүдийг тэр өөрийнхөөрөө туулсан. Гучин жилийн замнал нь түүнд хөрөнгө чинээ, нэр алдар авчраагүй. Харин түүний бодлогыг нь тодорхойлж ирсэн редакц мэргэжлийн хэм хэмжээгээ ямагт хадгалж, итгэл даасан хэвлэл байж ирсэнтэй хэн ч маргахгүй ээ. Энэ бол сэтгүүлч, редактор хүний хувьд нэр төр юм. Сэтгүүл зүйн салбарт дээр доргүй түүнд хүндэтгэлтэй ханддаг нь ийм учиртай.

Д.Нарантуяа “Ардын эрх” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, news.mn сайтын Ерөнхий редактороор 17 жил ажиллахдаа Даваа гариг бүр Редакцийн зурвас буланг хөтөлжээ. Хуанлийн хуудсаар тооцох юм бол 800 гаруй зурвас бичсэн гэсэн үг. Үүнээс гадна бичсэн мэдээ, нийтлэлийн нь тоо бүр ч олон. УИХ-ын 1992 оны чуулганы хуралдаан дээр С.Зоригийн хэлсэн үг, байр суурь, 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Л.Түдэвийн чөлөөт хэвлэлийн орчныг ойлгоогүйгээс гаргасан алдаа, таван алтан амь үрэгдсэн долдугаар сарын 1-ний харамсалтай тэр өдөр news.mn-ийн бодит үнэнийг цаг алдалгүй дамжуулсан цуврал мэдээнүүд гээд олон сонирхолтой баримтууд таны өмнө эргэн дэлгэгдэж байна. Шарласан тэр хуудсуудаас өнөөдрийн үйл явдлуудын учир хамаарал тод харагдаж буйд сэтгүүл зүйн баримтын үнэ цэн оршино.

“…news.mn гэж улаанаар бичсэн самбарууд өглөө ажилдаа явахад хаа сайгүй тавигдсан байв. Монголын цахим сэтгүүл зүй мэндэлснийг зарлаж байж. Д.Нарантуяа нарын мэргэжил нэгтнүүд маань өөрсдөө ирээдүйн том амжилтын эхийг гардаж яваагаа анзаараагүй биз ээ” хэмээн домогт сэтгүүлч Л.Болормаа зарчим нэгт нөхрөө “Завгүй” номдоо онцолсон нь бий. Үнэхээр зураг үзэх, хов ярих төдий байсан цахим орон зайд мэргэжлийн сэтгүүл зүйг тунхаглаж, шанг нь татсан анхны хэвлэл бол news.mn. “Үндэсний брэнд” гэж Нараа эрхлэгч редакцийг нь ахалж ирсэн цахим сувгаа тодотгосон юм. Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүй үүрээ зассан үзэгдлийг олон редакц “энэ бол сэтгүүл зүй биш” гэцгээж байсан ч төд удалгүй дуу дуугаа авалцан хэчнээн цахим мэдээллийн суваг нээгдсэнийг, нэмэгдсээр байгаагийн гэрч нь бид билээ.

Сэтгүүл зүйд Ерөнхий редакторын байр суурь улам чухал болсоор байна. Хэвлэл мэдээлэл рүү цутган орж ирж буй улстөрчид, сонирхлын бүлгүүдийн мөнгө мэргэжлийн сэтгүүл зүйн оршихуйг улам их сүүдэртүүлж, ухралт нүүрлэсэн цаг үеийг бид туулж байна. Нарантуяа эрхлэгч “Редакцийн зурвас”-таа энэ талаарх байр сууриа ч илэрхийлж. “Хувь улстөрч, тухайлсан намыг магтан дуулахад зориулагддаг байсан мөнгө одоо нийтээр нь нэг бодолтой болгох шинэ зорилгоор баяжиж, сэтгүүл зүй 30 жилийн өмнөх шиг үзэл суртлын зэвсэг болох нь гэмээр үзэгдлүүд харагдаж байна. “Ийгл” телевизийн 2016, 2020 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийсэн “Бүрэн зураглал” нэвтрүүлэг бол үүний эхлэл байж. 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5-ны хооронд цацагдсан “Мэдээллийн урсгал” хамгийн сүүлийн тод жишээ. “Мэдээллийн урсгал” бол сэтгүүл зүйд орж ирж буй улстөрчдийн мөнгийг хяналтдаа авч, нэн даруй зогсоох болсны дохио”. “Тархи угаалтын кэйс болгон дээр сэтгүүлчид бид фактчэк хийж өөрөө өөрийгөө илчлэх замаар сэтгүүл зүйгээ аврах гарц байна”. Редакцийн зурвас цагаа олж мэндэлсэнд олзуурхнам!

Шуурхай байх чухал ч алдаа мадаггүй, нягт нямбай байх нь түүнээс илүү чухал гэдэг мэргэжлийн сэтгүүл зүйн алтан дүрэм хэзээ ч өөрлөгдөхгүй. Ерөнхий редактор, нийтлэлийн бодлого тодорхойлогч нар ихэвчлэн сэтгүүлчийн суудлаас дэвшсэн хүмүүс байдаг ч сэтгүүлч болгон сайн редактор байж чаддаггүй. Ур чадвар, ерөнхий мэдлэг, “би”-гээ давсан ёс зүй, хариуцлагаас гадна хувь хүний мэдрэмж, хүн чанар хосолж байж сая редакцийнхаа алсын харааг тодорхойлохуйц мэргэжлийн редактор бий болдог. Энэ бүхнийг шингээсэн нийтлэлийн бодлого тодорхойлогч маш цөөн.

Нараа эрхлэгчийн ааш ямар байна, намайг дахиад бич гэлээ, өөр эх сурвалжаас тодруулах боллоо гэх мэт бол редакцийн залуу сэтгүүлчдийн дунд өдөр тутам өрнөдөг яриа. Хэдэн зуун залуу сэтгүүлч Нараа эрхлэгчээр мэдээгээ засуулж, заримдаа гутарч, заримдаа урамшиж явсаар сэтгүүлч болцгоосон. Ер нь news.mn гэхээр хамгийн түрүүнд Нараа эрхлэгчийн дүр санаанд буудаг. Гэхдээ одоо Нараа эрхлэгч тэнд байхгүй. Залуу захирлын “тэтгэвэртээ гарах уу” хэмээх “гуйлтыг” тэрээр шулуухан хүлээн авсан. Бараг тэр өдөртөө “Сити” цамхаг дахь саарал тавилгатай жижигхэн өрөөнийхөө хаалгыг хааж орхисон. Ерөнхий редактор Нарантуяа гэх хаяг удалгүй солигдож, шинэ редактор хэдийн төвхнөсөн байгаа.

“Хэвлэл мэдээллийн салбар өөрөө өөрийгөө зохицуулж, цэвэршүүлж явах нь төрөөс хамааралгүй байх чөлөөт хэвлэлийн үндсэн зарчимтай нийцдэг. Иймээс би Хэвлэл мэдээллийн зөвлөлийг эхнээс нь тууштай дэмжсэн” хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөл үүсэж, төлөвшин тогтоход оруулж буй зүтгэлээ тайлбарлав. Хэвлэлийн өөрийн зохицуулалтын талаарх түүний нийтлэлүүд олон сэтгүүлч, хэрэглэгчдэд итгэл үнэмшил төрүүлж, анхаарлыг нь хандуулж чадсан. “Өөрийнх нь тухай магтаж л ярихгүй бол удирдагчид сэтгүүл зүйд дургүй. Гэсэн ч бид үнэн, зөвийн талд хатуу зогсох мэргэжлийн үүрэгтэй. Ингэхдээ бидний чигээ барих хамгийн том луужин бол ёс зүй, өөрийн зорицуулалт. Хүмүүс үнэн зөв, нягт нямбай мэдээлэлд тулгуурлан амьдралаа илүү сайн сайхан болгох шийдвэрүүдийг гаргадаг. Хятадад ч юм уу, хараат сэтгүүл зүйтэй орны сэтгүүлч бол өөр шүү дээ. Хэний ч юм зэвсэг болох биш харин хэрэглэгчийнхээ талд зогсох нь ардчилсан оронд чөлөөт, мэргэжлийн сэтгүүл зүй урт удаан, үнэ цэнтэй орших үндэс нь”.

Сэтгүүлч, сэтгүүл зүйн оюутнууд, мэдээ мэдээллийг соргогоор хүлээн авч хэрэглэж ирсэн нийгмийн оюунлаг уншигчдыг мэдээний өрөө рүү хөтлөх “Редакцийн зурвас” Таны гарт очиж байна. Энэ ном бидний өдөр тутам хэрэглэдэг мэдээ, мэдээллийг бэлтгэдэг сэтгүүл зүйн мэргэжлийн редакцаар зочилж, хэвлэл мэдээллийн тухай дахин нэг эргэцүүлэх боломж юм. “Редакцийн зурвас” бол өөрийнхөө өмнөөс биш харин төлөөлж буй хэвлэлийнхээ бодлогыг барьж, улс орныхоо түүхийг үзэглэж ирсэн Ерөнхий редакторын хичээл билээ.

“Хэвлэл мэдээллийн салбарыг компанийн сайн засаглалын онолоор авч үзэх, сэтгүүл зүйн салбарын бизнес загварчлал гаргах, редакцийн менежмэнтийг хэрхэн хийх вэ зэрэг асуудал бага судлагдсан гэж дүгнэж болно. Сэтгүүл зүй бол олон түмний итгэл дээр тогтдог өвөрмөц бизнес. Хүмүүс айдастай, эдийн засаг хүндрэлтэй, нийгэм эргэлзээнд автсан, Засгийн газар ямар замаар, юу хийх нь тодорхой бус нөхцөлд захиргаадалт цэцэглэдэг. Захиргаадалт цэцэглэнэ гэдэг нь сэтгүүл зүйг хяналтдаа байлгана гэсэн үг. Тиймээс сэтгүүл зүйн хувьд маш хариуцлагатай үе. Ийм эргэлтийн үед бид суурь зарчмаа дагахгүй алдвал сэтгэгдлийн цахим сүлжээнд живэх аюултай. Уг нь нийгмийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шиг ёс зүйн дүрэмтэй, мэргэжлийн зарчимтай болохоос нааш хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх боломжгүй юм”.

“Ардчиллын лугшилт тэмтрэгдэж эхлэхтэй зэрэгцэн би сэтгүүл зүйн тогоонд буцалжээ. Ажлаасаа гарсан эхний өдрүүдэд тогтож сууж сурахгүй байсан ч архиваа эмхэлж цэгцэлж байхдаа маш их өөрчлөлтийн дунд явж, олон сонирхолтой үйл явдлын гэрч болсноо улам илүү ухаарлаа. Цаашид хийх ажил ч их байгааг олж харсан. Энэ ном оролцож хийхээр төлөвлөсөн ажлуудын маань эхлэл нь болог”.

С.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-09 202.126.89.204

Сайхан бичсэн байна. Хэдэн сайхан зураг тавьчихсаг бол бүр амттай байх байлаа.

Avatar

Цолмон 2021-07-09 139.5.219.76

Танай нийтлэлүүд уншихад эвтэйхэн, цэгцтэй байдаг шүү. Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж