Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

УИХ-ын хаврын чуулган өчигдөр /2021.07.08/ өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75 өдөр чуулжээ. Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 7, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын тогтоол 52, нийт 162 хууль тогтоомж баталсан байна.

Чуулганы төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо. Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороог байгуулж, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох талаар бодит эхлэлүүд гарч эхэлсэн” гэдгийг тодотгосон.

Ингээд хаврын чуулганаас баталсан онцлох хуулиудыг танилцуулъя.

ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛЖ, ХОРИГДЛУУЛЫГ СУЛЛАНА

Улсын их хурлаар баталсан долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль (2021.07.06) өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 13 зүйлтэй.

Өршөөлийн тухай хуульд Татвар төлөхөөс зайлсхийх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй. Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг, хүний алах, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах, худалдаалах, хэрэглэх орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг 19 төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамруулахгүй аж.

Мөн энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй нь ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн нийт 1800 орчим хүн буюу нийт хоригдлын 46.4 хувь нь хамрагдсан байна. Нийт хоригдож буй эмэгтэйчүүдийн 60 хувь, 27 хүүхдээс 25 хүүхэд, мөн өндөр настнуудыг Өршөөлд хамруулж буй.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байгаа юм байна.

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монгол Улсын 1.1 сая ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдсан.

Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭВ

УИХ-аас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон нь тодорхой билээ. Нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүргийг шинээр тодорхойлох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулах зайлшгүй шаардлагын үүднээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан юм.

ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ

Хоршооны тухай хуулийг баталсан нь хоршооны хөгжлийг шинэ түвшинд гаргах эрх зүйн үндэс болж, хоршоо бие даан хөгжих нөхцөл хангагдах, хоршин, хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах аж. Тодруулбал, үнэгүйдээд байгаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх шинэ тогтолцоо бий болгож, малчид, тариаланчдын амьдрал ахуйг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулахад энэ хууль чухал ач холбогдол үзүүлнэ гэж хууль санаачлагчид онцолж байна.

 Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хоршоог хөгжүүлэх сан байгуулах, уг сангаас хөнгөлөлттэй зээл олгох, ИТХ орон нутагтаа хоршоог хөгжүүлэх хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгаж батлах зэрэг зохицуулалтыг энэхүү хуулиар бүрдүүлж өгсөн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Засгийн газраас 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ тус бүр 7.0 хувь байсныг өөрчлөн 9.5  хувьд хүргэсэн байсныг долдугаар сарын 1-нээс эхлэн тус бүр 8.5 хувь болгон бууруулж, сайн дураар даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 12.5 хувь байсныг 11.5 хувиас багагүй байх зохицуулалт хийжээ.

Ингэснээр даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, цар тахлын үед байгууллага, аж ахуйн нэгжид очих дарамт багасах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраа хадгалах, иргэдийн бодит орлого нэмэгдэх боломж бүрдлээ.

АНХ УДАА КИНО УРЛАГИЙН ХУУЛЬТАЙ БОЛОВ

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж баталлаа. Монгол Улсын түүхэнд анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлав.

Монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодотгон, соёл судлал, соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулах эрх зүйн үндэс бүрджээ.  Төрөөс кино урлагийг дэмжих кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагаар дамжуулан түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах зэрэг зохицуулалтууд Кино урлагийг дэмжих тухай хуульд тусгалаа олсон байна.

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД”-ИЙГ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ ӨДӨР БОЛГОН ХУУЛЬЧЛАВ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг нар 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийг баталснаар жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагийг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” болгон тэмдэглэх болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж