Зургаан сарын өмнө Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх төлбөр 7000 юань байжээ. Энэ нь бага багаар өссөөр 25 мянган юаньд хүрсэн байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед буюу өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд суманд албан томилолтоор ажиллаж, Хятадын талтай Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн. Харамсалтай нь, түүнийг явсны дараа тус боомтод ачаа тээвэрлэх төлбөр 35 мянган юань болж өсчээ.
Түүний дараа Зам, тээврийн сайд С.Халтар Замын-Үүдэд “зочлоод” буцсаны дараа дээрх үнэ 45 мянган юаньд хүрсэн аж. Энэ сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэндэхийн байдалтай танилцаад ирсэн. Харамсалтай нь, түүнийг явсны дараа ачаа тээврийн үнэ 60 мянган юань болж өссөн бол өнгөрсөн өдрүүдэд Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг очиж “манаргасан”-ы дараа бүр 80 мянган юань болж нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар Эрээн-Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэх төлбөр 100 мянган юань болоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүдэд очвол яах бол хэмээн зарим хүмүүс жиг жуг хийж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ