Энэтхэг улсад цар тахлын хоёр дахь давлагаа дөрөвдүгээр сард эхэлж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, хүчилтөрөгч хомсдож, олон мянган хүн нас барж, талийгаачийг чандарлах газар ч олдохгүй байв. Гэтэл удалгүй тавдугаар сард цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирусийн B.1.617.2 буюу "Дельта" хэмээх хувилбар эрчимтэй тархаж эхэлжээ.
Өдгөө Дельта хувилбар АНУ, Европ, Африк, Австрали тэргүүтэй нийт 100 гаруй улсад бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын мэдээлснээр "Дельта" хувилбар хамгийн анх 2020 оны аравдугаар сард Энэтхэгт бүртгэгдэж, түүнээс хойш бусад хувилбараас хамгийн илүү халдварлах чадвартай нь болжээ. Харин энэ оны тавдугаар сард ДЭМБ "Дельта" хувилбарыг дэлхийн асуудал болж байгааг зарлав.
Өдгөө "Дельта" хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсын хувьд нийт халдварын олонхыг эзлэх болжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар "Дельта" хувилбар нь SARS-CoV2 вирусийн анхны хэлбэр болон түүний дараа нийт халдварын дунд зонхилсон B.1.1.7 буюу Альфа хувилбараас халдварлах, өвчлүүлэх чадвараар хэд дахин өндөр гэнэ.
Түүнээс гадна халдвар аваад эдгэрсэн, эсвэл вакцин тариулж бүрэн дархлаажсан хүмүүс ч тус хувилбараар өвчилж байгаа нь олон улсын санааг зовоож эхэлжээ.
Тухайлбал, цар тахлын эсрэг хамгийн амжилттай тэмцэж яваа орнуудын нэг Израильд бүрэн дархлаажсан иргэдийнх нь 50 хувь "Дельта" хувилбарын халдвар авчээ. Түүнчлэн өдөр тутамд шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 90 гаруй хувийг "Дельта" хувилбар эзэлж байгаа тул израильчууд өнгөрсөн сарын 15-нд цуцалсан хязгаарлалтаа даруй эргэн сэргээж, иргэд дотор орчинд амны хаалттай байх болсон юм.
Тухайн үед Австралийн Сидней хот хоёр долоо хоногийн хөл хорио тогтоож, Шинэ Зеланд аялагчдыг тусгаарлах журмаа сэргээж, Бангладеш хатуу хөл хорио тогтоож байв. Түүнээс хойш одоог хүртэл олон өдөр өнгөрөхөд байдал сайжраагүй, харин ч тус хувилбар улам олон оронд тархаж, хэд хэдэн улсын халдварт зонхилж, шинэ хөл хорио, хязгаарлалтуудыг араасаа дагуулсаар байна.
Жишээлбэл, Москва хотын дарга Сергей Собянины хэлснээр ОХУ-ын нийслэлд шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын тогтмол 90-ээс дээш хувийг "Дельта" хувилбар эзэлж байгаа аж. Мөн Сингапур, Фижи арлууд, Индонези, Франц, Португал гээд хэд хэдэн оронд уг хувилбар бүртгэгджээ.
Түүнээс гадна B.1.617.2 буюу "Дельта" хувилбар дахин мутацид орж, "Дельта+" хэмээх бүр ч илүү аюултай хувилбар үүсгэсэн нь мөн л олон улсад хурдтай тархах хандлагатай байгаа аж.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, өчигдөр (2021.07.07) АНУ-д бүртгэгдсэн долоо хоногийн дундаж халдварын тохиолдолд "Дельта" хувилбар анх удаа зонхилжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн шинэ халдварын тохиолдлуудыг нэгтгэн судлахад 51 хувь нь "Дельта" хувилбартай холбоотой байж. Харьцуулж үзэхэд түүний өмнөх долоо хоногт нийт халдварын 30 орчим хувийг тус хувилбар эзэлж байв.
Түүнээс гадна гурван долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Олимп зохион байгуулах гэж буй Япон улс өчигдөр цар тахлын халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор улс даяар онц байдал зарласан байна.
Мөн халдвар хамгааллын зарим дэглэмээ сулруулж байсан Өмнөд Солонгост энэ долоо хоногт хоёр дахь хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн тул цар тахлын дөрөв дэх үе эхэлж байна хэмээн үзэж, дор хаяж нэг долоо хоногоор хөл хорьж байна.
Эх сурвалж: REUTERS, TIME, BBC, JAPAN TIMES, RT