Хяналт шалтгалтын хуулиар ажлын хэсэг байгуулав | News.MN

Хяналт шалтгалтын хуулиар ажлын хэсэг байгуулав

Хяналт шалтгалтын хуулиар ажлын хэсэг байгуулав

Хяналт шалтгалтын хуулиар ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.08) хуралдаан 8 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 15 гишүүн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг санаачлан боловсруулж, энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Иймээс уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд энэ нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгоход чиглэсэн чухал ач холбогдолтой, маш том хууль болох учраас ажлын хэсгийн гишүүдийн тоог нэмэх, болж өгвөл ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулах боломжтой эсэхийг асууж тодруулав.

Гишүүний асуултад Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариулахдаа, ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулах эсэх талаар Улсын Их Хурлын даргатай зөвлөлдсөний үндсэн дээр Байнгын хорооны тогтоолоор байгуулахаар болсон. Гишүүдийн бүрэлдэхүүний хувьд АН-ын бүлгээс гурван гишүүн оруулах санал ирүүлсэн, ярилцаж зөвлөлдөөд нэг гишүүнийг оруулахаар тохиролцсон. Гэхдээ гишүүдийн саналын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүний тоог нэмэх боломжтой гэдгийг хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийн төсөл нь төрийн институц хоорондын харилцаа, хяналт-тэнцлийг хангах, эрх зүйн цоо шинэ харилцааг зохицуулахад чиглэж байгаа маш чухал хууль учраас ажлын хэсгийн гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байна. Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг ажлын хэсэгт нэмж оруулах саналтай байгаа. Мөн энэхүү ажлын хэсгийн ахлагч нь парламентад олон удаа сонгогдож ажилласан, бас Засгийн газрын үйл ажиллагааг сайн мэддэг, парламент дахь олонх, цөөнхийн харилцаа, харилцан тэнцлийг зохицуулах мэдрэмж, чадвартай гишүүн байх шаардлагатай гэж үзсэний дээр энэ бүх шалгуурыг хангаж ажиллаж чадах гишүүний хувьд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулах саналтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын дагуу ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонгох санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй. Харин уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарыг нэмж оруулан 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтлоо.

Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан зэргээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулахаар болсон.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог…” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон.

Эдгээр хэрэгцээ, шаардлага, үндэслэлийг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭРДЭНЭ 2021-07-08 118.70.170.139

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БИЙ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНИЙГЭЭ ЗАСЧ САЙЖРУУЛАХ НЬ ИЛҮҮ АМЬДРАЛД ОЙРТОНО.
УИХ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЭРХ ХЭМЖЭЭ УГ ХУУЛЬД БИЙ ШҮҮ ДЭЭ. ОДООГИЙН ТӨСЛӨӨР БОЛ ХЭТ ЯВЦУУ НЭР ТОМЬЁОТОЙ ЮМ БИШ ҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж