УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө | News.MN

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө

LiveУИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /07.08/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /07.08/

Posted by News.mn on Wednesday, July 7, 2021

14 : 13
2021-7-8

Г.Занданшатар: Хаврын чуулганаар нийт 163 хууль тогтоомж баталсан

УИХ-ын дарга

УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж үг хэлсэн юм. Тэрбээр, 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Нар хур тэгширч, байгаль дэлхий өгөөжөө хайрласан зуны энэ сайхан өдөр 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Коронавирусийн цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед Монгол Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш  өдөр буюу 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанууд яг цагтаа эхэлж, өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, таслагдалгүй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн чуулган боллоо.

 Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна.

Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулж, шинжлэх ухаанч мэтгэлцээн, ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлэх боломж цар тахлын улмаас хумигдсан ч цахим хуралдаандаа өндөр ирцтэйгээр, идэвхтэй оролцож, өндөр ачаалалтай ажилласан Улсын Их Хурлын Эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. 

Энэ удаагийн чуулган цөөнхийн төлөөлөл Б.Пүрэвдорж гишүүний тодорхойлсончлон ХҮНИЙ ЭРХ, АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЧУУЛГАН боллоо. Монгол хүний эрхийг хуульчлан хамгаалах, хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон тусгах, хүний эрхийн мэдрэмжтэй парламент байх талаар хаврын чуулганы эхэнд дэвшүүлсэн зорилтоо бид бодит алхмуудаар хэрэгжүүлж чадлаа. Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажууллаа. Тэдний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлсэн. Түүнчлэн Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог ХЭҮК-ын дэргэд байгуулахаар тусгайлан зааж өглөө. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хилс хэргээр яллахгүй байх, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох чиглэлд зарим бодит эхлэл гарч эхэллээ. Цаашид идэвхтэй мөрдөгдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, хэрвээ эдгээр хуульд ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх нь Та бидний ирэх намрын чуулганы томоохон зорилт байх болно. Эхлүүлсэн ажлаа бид тууштай үргэлжлүүлнэ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцээд Улсын Их Хурал анх удаагаа тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан тогтоолд коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өглөө. УОК-оос хүний эрх, эрх чөлөөнд тодорхой хязгаарлалт хийх аливаа шийдвэр гаргахдаа ХЭҮК-ын санал зөвлөмжийг заавал авах, иргэдтэй хүнлэг бус харилцах, ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл, шийдвэр гаргах, Монгол Улсын хуульд заасан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчих аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна.  Түүнчлэн эрүүл мэндийн зөвлөмж, үйлчилгээ болон эмчилгээний арга, эм хэрэгслийн талаарх мэдээллийг тэгш хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар иргэдэд хүргэх, дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах эрхийг нь бүрэн хангах, сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй сурагчдын сурлагын хоцрогдлыг чанар сайтай нөхөж олгох зэрэг арга хэмжээнүүд энэхүү тогтоолд тусгагдсан.

Хоёрдугаарт, энэ чуулган ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ АМИЛУУЛАХ, ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ ХИЙХ эрхэм зорилгодоо томоохон алхам хийсэн чуулган боллоо. 

Улсын Их Хурал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсны үндсэн дээр 27 жилийн дараа нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчиллээ. Энэ бол Үндсэн хуульд нутгийн удирдлагыг боловсронгуй болгох талаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улаанбаатар хотод бодит ажил болгон хэрэгжүүлэх, тулгараад байгаа түгжрэлээс эхлээд төвлөрлийг сааруулах хүртэлх бэрхшээлтэй олон асуудлыг шийдэх эрх зүйн томоохон шинэчлэл болсон гэж үзэж байна.   Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон нь нэгэнт тодорхой байгаа. Түүнчлэн нийслэлийг хүний  эрүүл, аюулгүй амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх нь нэн чухал байна. Тиймээс нийслэл хотын онцлог, цаашдын хөгжлийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүргийг шинээр тодорхойлох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулах зайлшгүй шаардлагын үүднээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан юм. Хүн амын хэт төвлөрөл, эмх замбараагүй газар олголт, төлөвлөлтийг зөрчсөн барилгажилттай холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж хангалтгүй болж, айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны тогтвортой эх үүсвэрээр хангах, замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага нийслэлд тулгараад байгаа билээ. Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн хийгээд хот төлөвлөлтийн бодлогыг шинээр тодорхойлох асуудлыг Улсын Их Хурлын түвшинд авч үзэж, шийдвэрлэх шаардлагатай гэж Нийслэл хотоос сонгогдсон гишүүд үзэж, тэдний санал болгосноор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулсан.  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Улсын Их Хуралд өргөн баригдаж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэн, Ажлын хэсгийг байгууллаа. Сонгодог парламентын засаглалаа бэхжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн энэхүү хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батална. Ингэснээр Улсын Их Хурлын янан шалгах чиг үүрэг шинэ шатанд гарч, хариуцлага сахилга, ёс зүйн тогтолцоо төгөлдөржиж, нийгэмд шударга ёс тогтооход томоохон ахиц дэвшил гарна гэж үзэж байна. 

 Гуравдугаарт, энэ удаагийн чуулган иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг хангасан, ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ ШИЛЖИХ шинэ харилцааг дэмжсэн чуулган боллоо.

    Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1.1 сая ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг бид баталсан.

    Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдсан.

    Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэхүү хууль чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж байна. Хоршооны тухай хуулийг баталсан нь хоршооны хөгжлийг шинэ түвшинд гаргах эрх зүйн үндэс болж, хоршоо бие даан хөгжих нөхцөл хангагдах, хоршин, хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Үнэгүйдээд байгаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх шинэ тогтолцоо бий болгож, малчид, тариаланчдын амьдрал ахуйг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулахад энэ хууль чухал ач холбогдол үзүүлнэ гэж үзэж байна.Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хоршоог хөгжүүлэх сан байгуулах, уг сангаас хөнгөлөлттэй зээл олгох, ИТХ орон нутагтаа хоршоог хөгжүүлэх хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгаж батлах зэрэг зохицуулалтыг энэхүү хуулиар бүрдүүлж өгсөн. Эцсийн дүндээ орон нутгийн хөгжлийг дэмжих, халамж тэтгэмжид биш, хөдөлмөрт суурилсан бүтээгч-үйлдвэрлэгч ард түмэн болоход энэ хууль чухал үүрэг гүйцэтгэх болно.

   Түүнчлэн 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ тус бүр 7.0 хувь байсныг өөрчлөн 9.5  хувьд хүргэсэн байсныг долдугаар сарын 1-нээс эхлэн тус бүр 8.5 хувь болгон бууруулж, сайн дураар даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 12.5 хувь байсныг 11.5 хувиас багагүй байх зохицуулалт хийлээ.  Ингэснээр даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, цар тахлын үед байгууллага, аж ахуйн нэгжид очих дарамт багасах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраа хадгалах, иргэдийн бодит орлого нэмэгдэх боломж бүрдлээ. Арван найман нас хүртэлх 1.2 сая хүүхдэд сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийн тэтгэмж, 71 мянган иргэнд олгож буй халамжийн нэмэгдэл, мөн иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны зардлыг төрөөс хариуцаж байгааг он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын 2021 оны төсөвт тодотгол хийж, цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгалаа. Нийтдээ 743 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Үүн дотор цалин хөлсөө нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж авах бүрэн боломжийг бүрдүүлж өгсөн.Хөдөө аж ахуй, түүний дотор газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих үүднээс шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн, түүнчлэн ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөв. Банкны зээлийн хүүг үе шаттай бууруулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Энэ зорилгоор Банк, эрх бүхий хуулийн этээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинээр баталлаа. 10 их наядын эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг Монголбанк амжилттай хэрэгжүүлж байна. Бизнес эрхлэлтийг дэмжих үүднээс 72 мянган иргэн, аж ахуйн нэгжийн Монголбанкин дахь зээлийн мэдээллийн “хар түүх”-ийг хаалаа. Түүнчлэн зээлээ төлж дууссан ч гэсэн урьд өмнө авсан зээлийн төлөлт муу байснаар хар жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүдийг мөн энэ тохируулгад хамрууллаа.

Дөрөвдүгээрт энэ удаагийн ЧУУЛГАН СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРАА ШИНЭ НӨХЦӨЛД СЭРГЭЭН ХӨГЖҮҮЛЭХ-д  онцгой анхаарал хандуулсан чуулган боллоо.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж баталлаа. Монгол Улсын түүхэнд анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлав. Монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодотгон, соёл судлал, соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулах эрх зүйн үндэс ийнхүү бүрдэж байна. Төрөөс кино урлагийг дэмжих бодлого нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, шударга, ойлгомжтой, энгийн байх зарчмыг тогтоож, уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагаар дамжуулан түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах зэрэг зохицуулалтууд Кино урлагийг дэмжих тухай хуульд тусгалаа олсон болно. 

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал коронавирусийн цар тахлаас иргэдээ хамгаалах, эдийн засгаа дэмжихтэй холбоотой тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай авч хэлэлцэж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж ирлээ. Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг хоёр удаа сунгаж, Засгийн газрын нөөц хөрөнгийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг захиран зарцуулалтыг шуурхай зохицуулахтай холбоотой зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулж Засгийн газарт ажиллах боломжийг олгосон. Улсын Их Хурал Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тайланг авч хэлэлцэн, 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг батлав. Энэ оны улс төрийн чухал үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Монголчууд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 6 жилээр, зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах Ерөнхийлөгчөө сонголоо. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг гээд хүндрэлтэй асуудлууд гарч байсан ч Улсын Их Хурлаас тухай бүрд нь хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, Төрийн тэргүүний сонгуулийг ямар нэгэн саадгүй явуулах эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж ажилласан. Бүх ард түмний санал хураалтаар олонхийн санал авсан Ухнаагийн Хүрэлсүхийг  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль баталж, Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Ийнхүү Монгол Улсын шинээр сонгогдсон Төрийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна.  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүрэн утгаар нь мөрдүүлэх, энэ оны эхээр баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлэх нь бидний үндсэн зорилго юм. Эрх зүйн хувьсгалыг эрчимтэй өрнүүлэх зорилт маань нэн чухал, томоохон хуулиудын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэж батлах, мөрдүүлж хэрэгжүүлэх гээд үе шат бүр жигд явагдах ёстой. Төслүүдийг цаг алдалгүй, үндэслэл сайтай, чанартай, харилцан уялдаатай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ ажилд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны зүгээс хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Ирэх намрын чуулганаар бид эрх зүйн салбарт хийх хувьсгалаа улам эрчимжүүлэх ёстой. Хэдийгээр халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэм баримтлах шаардлагатай байгаа ч чуулганы завсарлагааны хугацаанд цахим парламентын сүлжээ, техник технологийн боломж, бусад бололцоотой арга хэрэгслийг ашиглан батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд хүргэж ойлгуулах, намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаар нээлттэй хэлэлцүүлэг цахимаар зохион байгуулж, иргэд сонгогчдын саналыг тусгах чиглэлээр идэвхтэй ажиллахыг Улсын Их Хурлын гишүүддээ чиглэл болгож байна.

12 : 03
2021-7-8

Ерөнхийлөгчийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ

"Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛ: 

-Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого бариад буй. Энэ чиглэлээр Их хурлаас бодлогын ямар баримт бичиг гарч, зохицуулалт хийх юм бэ. Хүнд үйлдвэрийн тухай хууль намрын чуулганаар орж ирж батлагдаж байж 2024 онд үр дүн гарч ирэх юм биш үү. Тиймээс энэ хуулийг нааш нь татаж, хэлэлцэх асуудал байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: 

-Нийтдээ 245 тогтоолын төслийг тусгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн. Шинэ дэгийн хуулийн дагуу ирэх чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж хэлэлцдэг болсон. Чуулган завсарлахаас долоо хоногийн өмнө гэсэн хуулийн хугацаатай. ТББХ-д албан бичгээр ирүүлэх ёстой гэсэн санал ирсэн. Саяны хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төсөл, төсөвтэй холбоотой асуудал тусаад явж байна. Ер нь бол энэ жил дэгийн хууль өнгөрсөн жилээс мөрдөгдөж эхэлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: 

-Хаврын чуулган нэлээд онцлогтой, ялангуяа хүний эрхийг дээдэлсэн, чухал алхмыг хийсэн. ХЭҮК-ийн олон нийтийн өмнө томилсон. Түүнчлэн хүний эрхийг дээдэлсэн хэд хэдэн зүйлийг хуульчилснаараа хаврын чуулган хүний эрх талдаа сайн ажилласан.

Намрын чуулган дээр хүнээ дээдэлсэн Их хурлын чуулган болох хэрэгтэй байна. Ингэхийн тулд тодорхой хэмжээнд, жишээ нь НДС-аас тэтгэвэр тэтгэмж, олгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн дагуу долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоодог байсныг таван жил болгохгүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэвэр авах байдал хохироод байна. Дунджаар 100 гаруй мянгаар бага тэтгэвэр олгоод байна. Гэвч энэ төсөл олонхийн санал авч чадаагүй. Дээрх хууль бол иргэдэд хамгийн тр урам зориг нэмсэн, амьдралын баталгаа болох ёстой шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

Б.Пүрэвдорж гишүүний ярьсан зарчмын хувьд санал нийлж байна. Хүний эрхийг дээдлэх, хүн төвт төрийн бодлого баримтлахад санал нэг байна. Гурван янзын хууль орж ирж байгаа. Намрын ээлжит чуулганаар тусгайлан батлах хууль орж ирж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнийг хууль тогтоомжид нийцүүлэх, түүнтэй холбоотой авах арга хэмжээ гээд 30 гаруй хуулийг ярина. Үүнд Ерөнхийлөгчийн хуулиас авахуулаад багтсан. Дараа нь хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслийг хэлэлцэнэ. Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийг намрын чуулганаар хэлэлцэх боломж бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: 

-Шинэ Үндсэн хуультай холбоотойгоор хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага өндөр байгаа. Жагсаалтыг сая авлаа. Намрын чуулганаар Худалдааны хуулийг батлах зайлшгүй шаардлагатай. 

Ийнхүү хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж дууссанаар УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы төгсгөлд “Цар тахал улс орон иргэдийн амьдралд дэлхийн парламент хуралдаан чуулганаа өөрчилж дэг журмаа өөрчилсөн. Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд цахимаар хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 75-аас дээш өдөр хуралдлаа. Үндсэндээ 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Нийт 162 хууль тогтоомж баталсан. Бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол баталсан байна.

Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо. Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороог байгуулж, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох талаар бодит эхлэлүүд гарч эхэлсэн. Цаашид мөрдөгдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байвал даруй өөрчлөх нь намрын чуулганы зорилт байх болно" гэдгийг онцоллоо.

11 : 29
2021-7-8

"Эдийн засгийн асуудал хариуцсан яам шинээр байгуулах асуудал бий"

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хийлээ.

Төслийн талаар эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын 12 гишүүн 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч хуулийн төсөлд Монгол Улсын урт богино, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг төсөл боловсруулах үйл ажиллагааг ойлгомжтой болгох зэрэг зүйлийг тусгасан” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

-Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Хөдөөгийн хөгжлийн бодлого үүнтэй давхардсан уу. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг бүс нутгийн хөгжлийн бодлого дээрх хуультай хэр уялдаж байгааг асууя.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: 

-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсвийг хөгжлийн бодлогод чиглүүлнэ гэж заасан. Үүнтэй холбоотойгоор бодлого, төлөвлөлт тогтвортой байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-аас олон төрлийн бодлого, хөтөлбөр хууль гэх бичиг баримтыг цэгцэлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: 

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудалд гишүүд анхаарч байгааг дэмжиж байна. Хуультай байсан мөртлөө яагаад урт хугацааны төлөвлөгөө гаргаж болохгүй байсан юм бэ. Үндсэн хуулиар шийдсэн нь төгс шийдэл биш гэж харж байна. Нэгдүгээрт, энэ хуулийг дагаж мөрдөх ёстой юм шүү гэдэг хариуцлагаа ухамсарласан ёс зүй улс төрчид байна уу. Хоёрдугаарт, үүнийг ажил хэрэг болгох асуудал байгаа юм. Манайд энийг шийдэх яам, бүтцүүд байхгүй. Таван жилээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталчихдаг, гэтэл намууд дөрвөн жилээр засаглаж байгаа шүү дээ. Намууд сонгуульд оролцохдоо ард түмний сэтгэл зүйгээр яаж тоглох уу гээд үймүүлдэг. Цэвэр улс төрчидтэй холбоотой асуудал болчхоод байгаа юм. Боловсон хүчнээ бэлтгэе. Бүтцээ бий болгоё.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: 

-Төрийн бодлого тодорхойгүй, тогтворгүй 30 жил явж ирлээ. Бодлого тогтвортой байвал үр дүн хэрхэн гардгийг харж болно. Бодлого тогтворгүй байхад тавдугаар цахилгаан станц, төмөр зам, утаагүй зуух зэрэг байнга өөрчлөгддөг байсан. Ингэхдээ Их хурал Засгийн газраар хуульчлаад баталчихдаг. Бодлого тогтворгүй байх асуудлыг хуульчлаагүй байсан. Тиймээс хөгжлийн бодлого тогтвортой байхаар Үндсэн хуульд оруулсан учраас төрийн бодлогыг өөрчлөх юм бол Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар болж хариуцлага тооцох асуудал үүснэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР: 

-Өчигдөр байнгын хороогоор Засгийн хуулийг эхлээд хэлэлцсэн. Засгийн хуулийг үндэслэсэн бол зүгээр байсан байх. Гишүүдийн өргөн барьж буй хуулийн гол агуулга бол яам байгуулна, Шадар сайд энэ яамыг толгойлно. Яамны чиг үүрэг сайн гарсан. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Даргын дэргэдэх 15 хүний зөвлөл байгуулна. Гэхдээ мэдэхгүй. Төрийн захиргааны байгууллага байна гэснийг төрийн захиргааны төв байгууллага гэж өөрчилсөн. Хууль цаг үеэ олоод хэрэгжээсэй гэж хүсч байна. Мэргэжилтнүүд бидэнд байгаа юу.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Засгийн газраас оруулж ирэхдээ хэд хэдэн дутуу зүйл байсан. Нэгдүгээрт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд таван чиглэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болгоно гээд оруулчихсан. Тэгтэл бидний баталсан дунд хугацааны болон хэтийн төлөвлөгөө 20:50 үндэслэл болохгүй юм шиг болчхоод байна.

Хоёрдугаарт, бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай. Гуравдугаарт, төрийн захиргааны төв байгууллагатай байна гэдгийг хуульчлан оруулж ирмээр байгаа юм. Хэрвээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн төрийн захиргааны байгууллагатай болох юм бол бусад Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах асуудал үүсэх байх. Одоогоор бодлогын яам гэсэн статустай явж байна.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ:

-Засгийн газар хууль биелүүлдэг байгууллага. Иймээс батлагдаад мөрдөгдөж буй хуулийг хэрэгтэй хэрэггүй гэж хэлэх үг байхгүй. Анхаарах асуудал байна. Засгийн газрын хуулийн шинэчилсэн төсөл явж байгаа. Энэ хуулийн төсөлд Эдийн засгийн асуудал хариуцсан яам шинээр байгуулах асуудал бий. Намар батлуулаад, ирэх оноос ажиллуулах тооцоотой гарсан. Гаргасан хуулийг боловсронгуй болгох талаар үйл ажиллагаа явуулах байх.

Энэ бол шинэ хууль. Нөгөө талаас сүүлийн 30 жилийн Монголын амьдрал бол 300 жилийн дараа бие дааж амьдрах гэсэн оролдлого. 55 хуультай байсан улс одоо 800 гаруй хуулиар зохицуулж байна. Эхний 12 жил картнаас эхлээд ямар ч хөгжилгүй байсан. 2002 оноос хойш урагшаа жаахан алхаж байна.

Монгол Улс авто замгүй байсан. Одоо бүх аймаг холбогдсон. 2007 онд 330 сумын 167 нь харанхуй байсан. Том төслүүдээ хөдөлгөөд, хөрөнгөө шийдээд явбал хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд сууснаар урагшаа явах бололцоо байна. 1990 онтой одоогийн үеийг харьцуулбал, тэнгэр газар шиг өөрчлөгдсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

-Гаднын улс орны жишээг хөгжлийн тулгуур нь харилцаа холбооны салбар гэдгийг тодотгоод өгчихсөн байдаг. Тэгэхээр Засгийн газар хуульдаа нийцүүлэн төлөвлөгөөгөө танилцуулахдаа харилцаа холбоо бол хөгжлийн хурдасгуур гэж авч үзэж, мэдээллийн технологийг хэрэгжүүлж байгаа юм харагдахгүй байна. Нэг ёсондоо өмнөх хуульдаа хэдэн үг нэмээд яваад байж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Боловсон хүчин, хүний нөөцийн асуудал үнэхээр чухал байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай маш чухал баримт бичгийг гаргах гээд сууж байна. Төрийн албаны бодлого төлөвлөлт дээр уржигдар ажилласан. Өнөөдөр яам, тамгын газар, агентлагууд хүний нөөцгүй болсон. Тэр хавийн хүмүүсийг хоёр хувааж болохоор. Нэг нь даргын үүдийг сахиж, цаас барьж гүйсэн хүн, үлдсэн цөөн хэсэгт нь хамаг ачаалал ногддог. Яам тамгын газар хүний нөөцөө дээшлүүлмээр байна.

08 : 48
2021-7-8

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган хаалтаа хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдөр (2021.07.08) дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-08 139.5.218.171

Ард түмнээс салаавч авсан дээрэмчид төр засгийг муулаад сууж байхаас өөр яахав. тэд ковид тараах зорилгодоо хүрсэн. Өлсгөлөн, жагсаал, сар гаруй өдөр бүр шагнал, цайллага хийж, тараасныг бүгд харсан, Ерөнхийлөгчийн сонгууль дэг журмыг нарийн баримталсныг бас орон даяар харсан

Avatar

Зочин 2021-07-08 192.82.70.7

hahaha, yurunkiilugchiin erh medliig nemj hyazgaargui medeltei haan bolgoh ni dee

Avatar

Зочин 2021-07-08 109.252.127.170

Их хуралын хэдэн тэнэгууд Юу хийсэн Юм. Хурэлсугийг еронхийлогч болгохын тулд хууль шуухэд нолоолж хууль оорчилж аймаг болгонд очиж халдвар тарааж 655 Хун ухуулсэн . Булгантуяа шиг Алтан гургалдай шиг гуугвлсан . Хийсэн ажил юуч байхгуй тарыал таарна.

Avatar

зочин 2021-07-08 103.229.123.159

намар үндсэн хуулинд намар дахиад гар хүрэх юм байна. мөнхбат тэгж хэллээ. давхар дээлээ эргүүлж өмсөнө гэсэн үнэн байх нээ.

Avatar

Зочин 2021-07-08 202.9.40.121

Хэд хоног хүмүүсийг уруу татаж хөдөөгүүр өвчин тараах нь дээ, 76 …

Avatar

Зочин 2021-07-08 58.108.51.214

EZ -iin yam gej bain asan Yamar ch heregguigee haruuls

Avatar

Зандка 2021-07-08 202.179.27.162

Хүндэтгэлийн чуулган гэж балайраад байсан ашгүй больсон уу.

Avatar

Зочин 2021-07-08 66.181.186.19

Балай юмнууд

Avatar

Зочин 2021-07-08 202.179.30.6

ЮУГАА ХИЙСЭН ГЭЖ АМРАХ ГЭЭД БАЙГАА ХҮҮРНҮҮД ВЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж