Сурвалжлага: Би олимпод Монгол Улсаа төлөөлж оролцмоор байна | News.MN

Сурвалжлага: Би олимпод Монгол Улсаа төлөөлж оролцмоор байна

Сурвалжлага: Би олимпод Монгол Улсаа төлөөлж оролцмоор байна

Өвлийн олимпийн аваргууд төрөх “Мөсөн өргөө”

Өвлийн олимпийн аваргууд төрөх “Мөсөн өргөө”

Posted by News.mn on Wednesday, July 7, 2021

Монгол Улсад өвлийн спорт эрчимтэй хөгжих, цаашлаад олимпийн медальтан төрөх цаг ойртож, боломж бүрджээ. “Мөрөөдөл биелэх-Мөсөн ордон” буюу Яармагт сүндэрлэж буй Степпе Аренагийн барилгын ажил ерөнхийдөө дуусч, дотор засал чимэглэл, гаднах тохижилтын ажил үлдсэн аж.

Энэхүү төслийн гол санхүүжүүлэгч нь "Ачит ихт" ХХК, хөрөнгө оруулагчид нь "МАК", "UFC" зэрэг үндэсний компаниуд бөгөөд төр засгаас ямар ч хандив, тусламж аваагүйгээрээ онцлогтой.

“МОНГОЛЫН АРХИТЕКТОР ЗАЛУУЧУУДЫН ЗУРГААР БҮТЭЭН БАЙГУУЛАГДСАН ОРДОН”

Тус ордоноор зочлоход гадна зам талбайн зүлэгжүүлэлт, тохижилтын ажил ид өрнөж, дотоод заслын ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, ирэх есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Хэдийгээр гадаа +20 градус дулаан байсан хэдий ч ордоны дотор хасах градус, их л хүйтэн аж.

Энэ талаар тус ордоны Гүйцэтгэх захирал Н.Батмөнх ярихдаа “Агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж нь Монголдоо анхдагч. Мөсний чийгийг дээш гаргахгүйн тулд суудал доогуур чийгтэй агаарыг соруулаад, гаднын агаартай холиод, дээрээс нь үлээлгэж байгаа. Дээр байгаа хоолойнууд халуунаар үлээдэг. Энэ хоолойнууд 75 мянга м.куб агаарын солилцоо хийж байна. Үүнийг Францын “Карьер” компаниас худалдан авч, Монголын “Сэрүүн” компани тоног төхөөрөмжийг нь угсарч, зүгшрүүлж байгаа” гэв.

Мөн тэрбээр барилгын ажил болон ордныхоо талаар ярихдаа “Степпе Арена компанийн захиалгаар энэ төсөл хэрэгжээд, эцсийн шатандаа орж байна. Энэ мөсөн өргөөний гол онцлог нь Монголын архитекторч залуучуудын зургаар бүтээн байгуулагдсан. Тэдний ур чадвар, тооцоолол ямар нарийн байж, олон улсын түвшинд хүрсэн бэ гэдгийг эндээс харж болно. Мөн анаграм зураг төслийг маань энэ чиглэлдээ алдартай Канадын мэргэжлийн компани хийсэн. Та бидний харж буй энэ ордон бол Хойд Америкийн мөсөн гулгуурын талбайн зураг. Залуу инженерүүдийн тооцоолол, хүсэл эрмэлзлийн үр дүнд энэ ордонг босголоо. Мөн Канад, Америк, Австри, Германы компаниуд энд оролцсон. Сүүлд Австри, Финландын мэргэжилтнүүд ирж, мөс тавиад явсан. Харин Монголын талаас 600 гаруй ажилчин, алба хаагч энд оролцсон” хэмээв.

Мөсөн өргөө нь  ашиглалтын 5700 м.кв талбайтай бөгөөд 2600 хүртэлх үзэгчийн суудалтай. Мөн Олон улсын Олимпийн хорооны стандарт хэмжээ (60 метр х 30 метр) бүхий мөсөн гулгуурын талбайтай баригджээ. Энэхүү төсөлд нийтдээ 23 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

“ӨМНӨ НЬ БАЙГАЛИЙН ХҮЙТНЭЭР Л МӨС ХИЙЖ, БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙЛАА”

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг Улаанбаатарт өмнө нь мөсөн ордон байгаагүй гэхээр гайхмаар ч юм шиг. Өвлийн спортын тамирчид нь боломж бололцоогоороо бэлтгэл сургуулилалтаа хийж, чадахаараа тэмцээн уралдаанд оролцож байсныг бодохоор бахархалтай. Тус ордны мөсийг шалгаж, жаврыг нь үргээж байсан Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийнхантай ярилцлаа.

Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.ДОЛГОРСҮРЭН:

-Монголын өвлийн спортын тамирчдын хүсэн хүлээж байсан Мөсөн ордон байгуулагдаж, зун өвөлгүй бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээн уралдаан зохион байгуулах болсонд баяртай байна. Энэ бүтээн байгуулалтыг бодит болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн П.Цагаанд баярлалаа. Мөн түүнд тусалсан бусад хүмүүст баярлалаа. Миний хувьд 1965 оноос эхлэн тэшүүрийн спортоор хичээллэж, 1979 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж байна. Бид өмнө нь байгалийн хүйтнээр л мөс хийж, бэлтгэл сургуулилалт, тэмцээнүүдээ хийж байсан. Дэлхийн тамирчид 10 сар мөсөн дээрээ бэлтгэл хийж байхад бид ердөө хоёр сар бэлтгэл хийдэг байсан. Тиймээс бид олимп, том тэмцээнүүдэд оролцохын тулд гадаад руу явж бэлтгэлээ хийдэг байсан. Эрт мөсөн дээр гараад бэлтгэл хийгээд, тамирчид маань өөр болсон. Бид 2022 оны өвлийн олимпод оролцохоор бэлтгэж байна. Болдог бол төр засаг энэ мөсийг хайлуулалгүй байж баймаар байна.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Степпе Аренагийн мөсийг энэ долоо хоногт хайлуулж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард нээлтээ хийхдээ дахин тавих аж. Энэхүү мөсийг хоккейн ДАШТ-ий мөсийг тавьсан Австри, Финландын мэргэжилтнүүд өнгөрсөн долоон хоногт ирж тавьжээ.

Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийн тамирчин А.ЗУЛ:

-Монголчууд зуны улиралд битүү мөстэй ордонтой болсонд баяртай байна. Гаднын мөсөн ордонтой харьцуулаад байхааргүй илүү байна. Манай тэшүүрийн тамирчдын хувьд 2022 оны Бээжингийн олимпод оролцох зорилготой байгаа. Үүний тулд Канад, Америк руу тэмцээнд явах ёстой ч цар тахлын улмаас гадагшаа явах боломжгүй байна. Өмнө нь бид арваннэгдүгээр сараас эхлэн Хятадад гулгаж, залгуулаад Канад руу тэмцээнд оролцдог байлаа. Энэ гайхалтай ордонг барьсан хүмүүс болон албан байгууллагууддаа баярлалаа.

Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ, "Алдар" спорт хорооны тамирчин Я.ЗОРИГТБААТАР:

-Ордон маань гоё мөстэй болжээ. Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн анхны мөсөн гулгуурын талбайтай болсон байна. Бид өмнө нь жилийн дөрвөн улирал гулгаж чаддаггүй, гадагшаа явж бэлтгэл хийдэг байлаа. Харин одоо суурь гулгалтаа хийх мөсөн талбайтай боллоо. Миний хувьд 2008 оноос хойш 13 жил тэшүүрийн спортоор хичээллэж байна. Бээжингийн олимпийн эрх авах л зорилготой байна даа. Наана нь дэлхийн цомын эрх авах хүсэлтэй байна. Ордон баригдахаас өмнө бид өвөл Хандгайтад бэлтгэл хийдэг байсан бол зун цугларалтад гардаг. Зуны улиралд бид ролик, дугуйн спортоор хичээллэж, хөнгөний дасгалууд хийдэг байсан.

“БИ ОЛИМПОД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦМООР БАЙНА”

Тэшүүрийн шигшээ багийн хамтаар О.Мишээл хэмээх 14 настай уран гулгалтын тамирчин охин бэлтгэл хийж байгаатай таарлаа. Америкт уран гулгалтын “А” үсэг заалгаж, зургаан жил энэхүү спортоор хичээллэж буй түүнд Монголд ирснээс нь хойш мөсөн дээр гарах боломж олдоогүй ажээ.

Уран гулгагч О.МИШЭЭЛ:

-Намайг Отгонбаатарын Мишээл гэдэг. Би 14 настай. Найман настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн. Өнөөдөр анх удаагаа Монголд гулгаж байна. Өмнө нь зургаан жил Америкт гулгаж, тэнд бүхнийг сурсан. Надад үсрээд, эргээд, дуутайгаа бүжиглэх таалагддаг. Би өмнө нь жижиг тэмцээнүүдэд оролцоод нэг, хоёр, гуравдугаар байр эзэлж байсан. Миний мөрөөдөл бол би олимпод Монгол Улсаа төлөөлж оролцмоор байна.

 

"Степпе арена" сүндэрлэж буй Яармагийн бүс нутаг цаашдаа Улаанбаатар хотын төдийгүй Монголын спортын томоохон цогцолборууд байрлах бүс болох байх. Одоогийн байдлаар Буянт-Ухаа спорт цогцолбор, "Степпе арена" баригдаад байгаа бол цаашдаа Усан спортын төв, олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай баригдах аж. Ямартай ч Монгол Улсад өвлийн спорт хөгжих, ирээдүйн тив дэлхийн аваргууд төрөх жим гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-08 113.198.137.165

Хэрвээ энийг улс хийсэн бол 2 их наяд, дээр нь баригдаа ч үгүй байгаа.

Avatar

Зочин 2021-07-08 202.9.40.120

Цар тахал устаагүй байхад юуны чинь тэмцээн уралдаанд оролцох вэ. Тийм юм байхгүй. Олимпын наадамд монголчуудыг явуулахыг бид эсэргүүцэж байгаа. Сүхбаатарын талбай дээр энэ үзэл бодлоо төрийн өндөрлөгүүдэд илэрхийлнэ. Тэд хүлээн авах нь гарцаагүй. Тийм болохоор хэрэггүй зүйлээр оролдож цагаа бараад хэрэггүй. Спортын ордон ч бидэнд хэрэггүй

Avatar

Зочин 2021-07-08 64.119.16.164

Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-07-08 202.21.109.123

АМЖИЛТ

Avatar

Зочин 2021-07-08 202.131.230.114

Ачит Ихт компани болон П.Цагаан гуай танд талархал илэрхийлье Монгол хүн бүрийн хүсэн хүлээсэн сайхан ордон бий болжээ чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломж нэгээр нэмэгдэж байна

Avatar

Оноч 2021-07-08 64.119.16.91

Ашгүйдээ, гэгээлэг мэдээгээр цангаж байдаг үед. Амжилт хүсье. Удахгүй тэгээд Монгол-Япон эмнэлэг шиг төсөв байхгүй, улс мөнгийг нь гаргахгүй гээл эхлэх байхдаа. Сайхан мэдээн дээр хар дусал шиг харамсал тавьсан бол уучлаарай.

Avatar

Зочин 2021-07-08 66.181.161.65

Төрийн хүнд суртлын асар том аппаратыг төсвийн_ ихөрөнгөөр тэжээж байгаа юм чинь мөнгө дутаж л таарна даа!!! Ганц хуудас албан тоот бичиж чадахгүй цүнх баригч банди нар яамдад жоом мэт шавжээ!!! "Ахаа нэг тоот бичээд өгөөч, би таныг өдрийн хоолонд даая" гэдэг банди нар ядаргаатай шүү!!!!

Avatar

Зочин 2021-07-08 202.21.111.170

Наад мэдээ дээр чинь төр засгаас мөнгө аваагүй, цэвэр хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьсан гэж байгаа юм биш үү?

Avatar

Ахмад тэшүүрчин 2021-07-08 203.23.49.170

Цагаан мандтугай

Avatar

Зочин 2021-07-08 202.179.24.84

Баярлалаа. Сайхан мэдээ байна.

Avatar

Зочин 2021-07-08 202.9.46.252

Баяр хүргэе, Цагаан ахад маш их баярлалаа,

Avatar

Зочин 2021-07-08 192.82.67.134

Сайхан мэдээ.
Сурвалжлагчид хандан хэлхэд Steppe Arena гэж бичиж Степ гэж дуудна.

Avatar

Зочин 2021-07-08 192.82.72.121

Huviin hevshiliihen bolon undestenii companuud l ene ulsiig uud ni tatna daa. Nam zasag baghan gai boloosoi

Avatar

Зочин 2021-07-08 75.155.149.227

BAYARLAAD BATRSHGUI SAIHAN MEDEE BAINA!

Avatar

Монгол хүн 2021-07-08 202.21.120.187

Гайхалтай. Ачит-Ихт ХХК-нд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж