Сурвалжлага: Би олимпод Монгол Улсаа төлөөлж оролцмоор байна

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Би олимпод Монгол Улсаа төлөөлж оролцмоор байна

Өвлийн олимпийн аваргууд төрөх “Мөсөн өргөө”

Өвлийн олимпийн аваргууд төрөх “Мөсөн өргөө”

Posted by News.mn on Wednesday, July 7, 2021

Монгол Улсад өвлийн спорт эрчимтэй хөгжих, цаашлаад олимпийн медальтан төрөх цаг ойртож, боломж бүрджээ. “Мөрөөдөл биелэх-Мөсөн ордон” буюу Яармагт сүндэрлэж буй Степпе Аренагийн барилгын ажил ерөнхийдөө дуусч, дотор засал чимэглэл, гаднах тохижилтын ажил үлдсэн аж.

Энэхүү төслийн гол санхүүжүүлэгч нь "Ачит ихт" ХХК, хөрөнгө оруулагчид нь "МАК", "UFC" зэрэг үндэсний компаниуд бөгөөд төр засгаас ямар ч хандив, тусламж аваагүйгээрээ онцлогтой.

“МОНГОЛЫН АРХИТЕКТОР ЗАЛУУЧУУДЫН ЗУРГААР БҮТЭЭН БАЙГУУЛАГДСАН ОРДОН”

Тус ордоноор зочлоход гадна зам талбайн зүлэгжүүлэлт, тохижилтын ажил ид өрнөж, дотоод заслын ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, ирэх есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Хэдийгээр гадаа +20 градус дулаан байсан хэдий ч ордоны дотор хасах градус, их л хүйтэн аж.

Энэ талаар тус ордоны Гүйцэтгэх захирал Н.Батмөнх ярихдаа “Агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж нь Монголдоо анхдагч. Мөсний чийгийг дээш гаргахгүйн тулд суудал доогуур чийгтэй агаарыг соруулаад, гаднын агаартай холиод, дээрээс нь үлээлгэж байгаа. Дээр байгаа хоолойнууд халуунаар үлээдэг. Энэ хоолойнууд 75 мянга м.куб агаарын солилцоо хийж байна. Үүнийг Францын “Карьер” компаниас худалдан авч, Монголын “Сэрүүн” компани тоног төхөөрөмжийг нь угсарч, зүгшрүүлж байгаа” гэв.

Мөн тэрбээр барилгын ажил болон ордныхоо талаар ярихдаа “Степпе Арена компанийн захиалгаар энэ төсөл хэрэгжээд, эцсийн шатандаа орж байна. Энэ мөсөн өргөөний гол онцлог нь Монголын архитекторч залуучуудын зургаар бүтээн байгуулагдсан. Тэдний ур чадвар, тооцоолол ямар нарийн байж, олон улсын түвшинд хүрсэн бэ гэдгийг эндээс харж болно. Мөн анаграм зураг төслийг маань энэ чиглэлдээ алдартай Канадын мэргэжлийн компани хийсэн. Та бидний харж буй энэ ордон бол Хойд Америкийн мөсөн гулгуурын талбайн зураг. Залуу инженерүүдийн тооцоолол, хүсэл эрмэлзлийн үр дүнд энэ ордонг босголоо. Мөн Канад, Америк, Австри, Германы компаниуд энд оролцсон. Сүүлд Австри, Финландын мэргэжилтнүүд ирж, мөс тавиад явсан. Харин Монголын талаас 600 гаруй ажилчин, алба хаагч энд оролцсон” хэмээв.

Мөсөн өргөө нь  ашиглалтын 5700 м.кв талбайтай бөгөөд 2600 хүртэлх үзэгчийн суудалтай. Мөн Олон улсын Олимпийн хорооны стандарт хэмжээ (60 метр х 30 метр) бүхий мөсөн гулгуурын талбайтай баригджээ. Энэхүү төсөлд нийтдээ 23 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

“ӨМНӨ НЬ БАЙГАЛИЙН ХҮЙТНЭЭР Л МӨС ХИЙЖ, БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙЛАА”

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг Улаанбаатарт өмнө нь мөсөн ордон байгаагүй гэхээр гайхмаар ч юм шиг. Өвлийн спортын тамирчид нь боломж бололцоогоороо бэлтгэл сургуулилалтаа хийж, чадахаараа тэмцээн уралдаанд оролцож байсныг бодохоор бахархалтай. Тус ордны мөсийг шалгаж, жаврыг нь үргээж байсан Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийнхантай ярилцлаа.

Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.ДОЛГОРСҮРЭН:

-Монголын өвлийн спортын тамирчдын хүсэн хүлээж байсан Мөсөн ордон байгуулагдаж, зун өвөлгүй бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээн уралдаан зохион байгуулах болсонд баяртай байна. Энэ бүтээн байгуулалтыг бодит болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн П.Цагаанд баярлалаа. Мөн түүнд тусалсан бусад хүмүүст баярлалаа. Миний хувьд 1965 оноос эхлэн тэшүүрийн спортоор хичээллэж, 1979 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж байна. Бид өмнө нь байгалийн хүйтнээр л мөс хийж, бэлтгэл сургуулилалт, тэмцээнүүдээ хийж байсан. Дэлхийн тамирчид 10 сар мөсөн дээрээ бэлтгэл хийж байхад бид ердөө хоёр сар бэлтгэл хийдэг байсан. Тиймээс бид олимп, том тэмцээнүүдэд оролцохын тулд гадаад руу явж бэлтгэлээ хийдэг байсан. Эрт мөсөн дээр гараад бэлтгэл хийгээд, тамирчид маань өөр болсон. Бид 2022 оны өвлийн олимпод оролцохоор бэлтгэж байна. Болдог бол төр засаг энэ мөсийг хайлуулалгүй байж баймаар байна.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Степпе Аренагийн мөсийг энэ долоо хоногт хайлуулж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард нээлтээ хийхдээ дахин тавих аж. Энэхүү мөсийг хоккейн ДАШТ-ий мөсийг тавьсан Австри, Финландын мэргэжилтнүүд өнгөрсөн долоон хоногт ирж тавьжээ.

Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийн тамирчин А.ЗУЛ:

-Монголчууд зуны улиралд битүү мөстэй ордонтой болсонд баяртай байна. Гаднын мөсөн ордонтой харьцуулаад байхааргүй илүү байна. Манай тэшүүрийн тамирчдын хувьд 2022 оны Бээжингийн олимпод оролцох зорилготой байгаа. Үүний тулд Канад, Америк руу тэмцээнд явах ёстой ч цар тахлын улмаас гадагшаа явах боломжгүй байна. Өмнө нь бид арваннэгдүгээр сараас эхлэн Хятадад гулгаж, залгуулаад Канад руу тэмцээнд оролцдог байлаа. Энэ гайхалтай ордонг барьсан хүмүүс болон албан байгууллагууддаа баярлалаа.

Монголын гүйлтийн тэшүүрийн шигшээ, "Алдар" спорт хорооны тамирчин Я.ЗОРИГТБААТАР:

-Ордон маань гоё мөстэй болжээ. Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн анхны мөсөн гулгуурын талбайтай болсон байна. Бид өмнө нь жилийн дөрвөн улирал гулгаж чаддаггүй, гадагшаа явж бэлтгэл хийдэг байлаа. Харин одоо суурь гулгалтаа хийх мөсөн талбайтай боллоо. Миний хувьд 2008 оноос хойш 13 жил тэшүүрийн спортоор хичээллэж байна. Бээжингийн олимпийн эрх авах л зорилготой байна даа. Наана нь дэлхийн цомын эрх авах хүсэлтэй байна. Ордон баригдахаас өмнө бид өвөл Хандгайтад бэлтгэл хийдэг байсан бол зун цугларалтад гардаг. Зуны улиралд бид ролик, дугуйн спортоор хичээллэж, хөнгөний дасгалууд хийдэг байсан.

“БИ ОЛИМПОД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦМООР БАЙНА”

Тэшүүрийн шигшээ багийн хамтаар О.Мишээл хэмээх 14 настай уран гулгалтын тамирчин охин бэлтгэл хийж байгаатай таарлаа. Америкт уран гулгалтын “А” үсэг заалгаж, зургаан жил энэхүү спортоор хичээллэж буй түүнд Монголд ирснээс нь хойш мөсөн дээр гарах боломж олдоогүй ажээ.

Уран гулгагч О.МИШЭЭЛ:

-Намайг Отгонбаатарын Мишээл гэдэг. Би 14 настай. Найман настайгаасаа эхлэн уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн. Өнөөдөр анх удаагаа Монголд гулгаж байна. Өмнө нь зургаан жил Америкт гулгаж, тэнд бүхнийг сурсан. Надад үсрээд, эргээд, дуутайгаа бүжиглэх таалагддаг. Би өмнө нь жижиг тэмцээнүүдэд оролцоод нэг, хоёр, гуравдугаар байр эзэлж байсан. Миний мөрөөдөл бол би олимпод Монгол Улсаа төлөөлж оролцмоор байна.

 

"Степпе арена" сүндэрлэж буй Яармагийн бүс нутаг цаашдаа Улаанбаатар хотын төдийгүй Монголын спортын томоохон цогцолборууд байрлах бүс болох байх. Одоогийн байдлаар Буянт-Ухаа спорт цогцолбор, "Степпе арена" баригдаад байгаа бол цаашдаа Усан спортын төв, олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай баригдах аж. Ямартай ч Монгол Улсад өвлийн спорт хөгжих, ирээдүйн тив дэлхийн аваргууд төрөх жим гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж