Гаити улсын Ерөнхийлөгчийг гэрт нь буудаж, хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Гаити улсын Ерөнхийлөгчийг гэрт нь буудаж, хөнөөжээ

Гаити улсын Ерөнхийлөгчийг гэрт нь буудаж, хөнөөжээ

Дэлхийн баруун тал, бөмбөрцгийн хамгийн ядуу улс болох, хүн амынх нь 60 хувь өдөрт хоёр ам.доллараас ч бага өртгөөр амь зуудаг Гаити улсын улс төрийн хямрал үргэлжилсээр, эцэст нь эмгэнэлт байдалд хүрлээ. Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизийг нийслэл дэх гэртээ байхад нь үл таних этгээдүүд халдаж, амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарсан талаар тус улсын түр Засгийн газрын тэргүүн Клод Жозеф мэдээлэв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн Порт-о-Пренс дэх гэрт үл таних, зэвсэглэсэн этгээдүүд орон нутгийн цагаар 01:00 цагт дайран орж, халдлага үйлдсэн” хэмээн мэдэгдсэн байна. Халдлагын үеэр тус улсын Тэргүүн хатагтай Мартин Моиз гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн ч амийг нь аварч чадаагүй аж.

Түр Засгийн газраас гаргасан мэдэгдэлд "2021 оны долдугаар сарын 6-7-ны Лхагва гаригт шилжих шөнийн 01.00 цагийн орчим үл таних этгээдүүд (зарим нь испаниар ярьж байжээ) Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн хувийн сууц руу дайрч, амь насыг нь хохироосон" гэж дурджээ.

Клод Жозеф “хүнлэг бус, харгис үйлдэл”-ийг эрс буруушааж буйгаа илэрхийлээд, улс орны аюулгүй байдал Гаитийн үндэсний цагдаа, зэвсэгт хүчний хяналтад байгааг онцлон, ард иргэдээ тайван байхыг уриалсан байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон твиттер хуудастаа "Ноён Моизегийн үхэлд цочирдож, харамсч байна" гэж жиргээд, халдлагыг "жигшүүрт үйлдэл" хэмээн нэрлэж, тайван байхыг уриалжээ. Цагаан ордон тус аллагыг "аймшигт гэмт хэрэг" гэж нэрлэсэн байна. Хөрш Доминикан улс Гайтитай залгаа хилээ "нэн даруй хаах" тушаал өгчээ.

Гаитийн Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого нэг бус удаа гарч байсан талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. “France Press” агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард “Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моизын амь насанд халдах, улмаар төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан хэргээр 23 хүнийг баривчлан саатуулсан. Тэдний дотор Дээд шүүхийн шүүгчид, цагдаагийн өндөр албан тушаалын офицерууд байсан” гэж Гаитийн Хууль зүйн сайд Рокфеллер Винсентын хэлсэн үгээс иш татан мэдээлсэн билээ.

Тухайн үед Гаити улсын Ерөнхийлөгч Моиз "Ордны аюулгүй байдлын албаны даргад талархаж байна. Эдгээр хүмүүс миний амь насанд халдах зорилготой байсан. Гэсэн ч тэдний төлөвлөгөөг тасалдуулж чадлаа" хэмээн мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалд 2017 онд томилогдсон Моиз 2018 оны аравдугаар сарын 17-ны өдөр Гаити улсын үндэсний баатар Жан Жак Дессалины нас барсны 212 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр буудуулжээ. Тэрбээр хүнд бэртэл аваагүй ч гурван хамгаалагч нь гэмтсэн байна.

Моиз өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа жилийн дараа буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр дуусна гэж мэдэгдэж байсан бол сөрөг хүчнийхэн 2021 оны хоёрдугаар сарын 7-нд дуусна хэмээн  үзэж, суудлаасаа буухыг шаардан, шахалт үзүүлсээр иржээ.

Эрх баригчдыг эсэргүүцэгчид олон жилийн турш жагсаал цуглаан зохион байгуулж, авлига, гэмт хэргийн нөхцөл байдалд санаа зовж буй талаар “France Press” мэдээлж байв. Цагдаагийнхан олон мянган хүн оролцсон жагсаал, цуглаануудыг нулимс асгаруулагч хий ашиглан, хүчээр тараадаг байжээ.

Гаитид өмнө нь 2020 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого гарсан талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн. Тухайн үед эсэргүүцэгчид Гаитийн нийслэл Порт-о-Пренс хотод бэхлэлт босгож, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаарджээ. Үнэндээ Гаитийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Жовенель Моиз амар заяагаа үзээгүй гэхэд хилсдэхгүй нь. Тэрээр 2017 оны хоёрдугаар сараас Засгийн эрх барьсан бөгөөд авлигын хэрэгт буруутгагдаж, эсэргүүцлийн олон “давлагаа”-тай нүүр тулжээ. Хүмүүс түүнийг огцрохыг шаардаж, энэ оны эхээр нийслэл болон бусад хотуудад олныг хамарсан жагсаал цуглаан олон удаа болсон байна.

Олон жил ужгирсан тогтворгүй байдал, дарангуйлал, байгалийн гамшиг Гайтиг Америк тивийн хамгийн ядуу орнуудын нэг болгожээ. Харгис, хэрцгий болон хулгайлах гэмт хэргийн тоо өсч, 60 орчим хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй тус улсад амьдрал улам бүр дордсоор буй аж.

2010 онд болсон газар хөдлөлтийн улмаас 200 гаруй мянган хүн амиа алдсан бөгөөд тус улсын дэд бүтэц, эдийн засагт ихээхэн хохирол учруулжээ.

ЖОВЕНЕЛЬ МОИЗ ГЭЖ ХЭН БАЙВ?

Жовенель Моиз 1968 оны зургадугаар сарын 26-нд Троу-ду-Норд (Гаитигийн Зүүн хойд муж)​​-д төржээ. Түүний аав механикч, тариаланч, харин ээж нь оёдолчин байж. 1974 онд тэрээр гэр бүлийнхээ хамт Гайти улсын нийслэл Порт-о-Пренс рүү нүүж, Лицейд суралцан, дунд боловсрол эзэмшчээ. Туссен Луертюр ба Канад-Гаитийн коллеж, Порт-о-Пренс дэх Квискийн их сургуулийг тус тус дүүргэжээ.

Их сургуулиа төгсөөд, бизнес эрхэлсэн байна. Тэрээр 1996 онд Гаитийн нийслэлээс баруун хойд зүгт байрлах Порт де Пайс руу нүүжээ. Тэндээ автомашины сэлбэг зардаг “Jomar Auto Parts” нэртэй компаниа нээж, тэр жилдээ хөдөө аж ахуй эрхэлж, 10 га талбайд гадил жимс тариалсан байна. 2001 онд тэрээр “Culligan” компанитай хамтран Баруун хойд болон Зүүн хойд мужуудад ундны ус түгээх станц байгуулжээ.

2004 онд тэрээр Баруун хойд мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн болж, удалгүй даргаар нь сонгогдсон аж. Дараа нь Гаитийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, мужуудын худалдааны танхимуудыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Жовенель Моиз 2008 онд түншүүдтэйгээ хамтран Гайтийн эрчим хүчний компанийг (Compagnie Haitienne d’Energie; Comphener) байгуулав. Гэвч 2010 оны нэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтийн дараа тус компани үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. 2012 онд Моиз Trou du Nord-д хөдөө аж ахуйн “Agritrans” компани байгуулж, Гайтид хөдөө аж ахуйн чиглэлээр, анхны эдийн засгийн тусгай бүс байгуулах зорилгоор “Нуррибио” төсөл хэрэгжүүлжээ. Түүний ачаар Trou du Nord хотод шинээр 13 мянган ажлын байр бий болжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

2015 онд тэрээр засгийн газрыг дэмжигч Тет Кале намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчээ. Аравдугаар сарын 25-нд болсон сонгуулийн эхний шатанд тэрээр 32.8 хувийн санал авч, "Гаитийн хөгжил дэвшил, чөлөөлөлтийн төлөөх альтернатив лиг"​​-ээс нэр дэвшигч Жуде Селестинтэй хоёрдугаар шатанд тунаж үлдсэн байна.

Санал хураалтын дүнг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасантай холбоотойгоор, мөн үймээн самуун дэгдэхээс болгоомжилж, хоёр дахь шатны санал хураалтыг удаа дараа хойшлуулжээ. 2016 оны зургадугаар сард Сонгуулийн түр зөвлөлөөс хамгийн сүүлийн санал хураалтыг хүчингүйд тооцсон байна. Улмаар дахин сонгууль зарлаж, 2016 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Моиз нийт сонгогчдын 55.6 хувийн санал авч, эхний шатанд шалгарчээ. Түүний мөрийн хөтөлбөрийн анхаарал татсан гол зүйлүүд нь органик хөдөө аж ахуй, экотуризм хөгжүүлэн эдийн засгийг сэргээх, ажлын байр бий болгох, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтийн хүртээл болгоход чиглэгдэж байсан аж.

ЕРӨНХИЙЛӨГЧ

Жовенель Моис 2017 оны хоёрдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээр тус улсын авто зам, усан хангамж, эрчим хүчний системийг шинэчлэх төслүүд хэрэгжиж эхэлжээ. Үүний үр дүнд 2018 оны тавдугаар сарын байдлаар хүн амын 42 хувийн ундны усны хангамж нэмэгдсэн байна. 2022 онд Моизын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал тус улсын Засгийн газар энэ үзүүлэлтийг 82 хувь болно гэж найдаж байжээ.

2018 онд Венесуэлээс нефть нийлүүлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг хулгайлсан гэх дуулианы улмаас олон нийт Моизыг огцрохыг шаардан, эсэргүүцэж эхэлсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын шалтгаан нь авлигын хэрэгт буруутгагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүйтэй холбоотой аж.

Эсэргүүцэгчид мөн эрх баригчдыг инфляцийн өсөлт, улс орны эдийн засгийн байдал доройтсонд буруутгажээ. Моиз ч эрт огцрохыг хүссэнгүй. Үймээн самуун үргэлжилж, тус улсын парламент шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын томилгоог батлахаас удаа дараа татгалзжээ.

Парламентын сөрөг хүчний депутатуудын бүлэг 2019 оны наймдугаар сард Ерөнхийлөгчид хариуцлага тооцож, хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргасан ч дэмжлэг аваагүй байна. Тодруулбал, 53 депутат импичментийн эсрэг санал өгч, гурав нь дэмжиж, тав нь түдгэлзжээ. Үндсэн хуулиа өөрчлөх бүх нийтийн санал асуулга цар тахлын улмаас хоёр удаа хойшилсон байна.

Эх сурвалж: BBC, REUTERS, TASS, CNN, AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж