55 жилийн мөрөөдөл - Англичууд Данийн эсрэг | News.MN

55 жилийн мөрөөдөл – Англичууд Данийн эсрэг

55 жилийн мөрөөдөл – Англичууд Данийн эсрэг

55 жилийн мөрөөдөл – Англичууд Данийн эсрэг

Италийн шигшээ баг финалын тоглолтод шалгарсан бол өнөөдөр/2021.07.07/ шөнө 03.00 цагаас тэдний эсрэг тулах баг тодорно. Тэмцээний туршид 11 гоол хийж, оруулсан гоолоороо хоёрт жагсаж яваа хүчирхэг довтолгоо, супер хамгаалалттай Даничууд нэг талаас тоглоно. Харин нөгөө талаас талбай дээрээ тоглох, энэ тэмцээнд нэг ч гоол алдаагүй байгаа Английн шигшээ баг тоглох билээ. 

Тоглолт Английн Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Англичууд ийм хэмжээний чухал тоглолтыг талбайдаа хүлээн авч буй нь тэдний хувьд том давуу тал болж байна. Цэнгэлдэхийн дүүргэлт энэ удаад 20 мянгаар нэмэгдэх бөгөөд 60 мянган үзэгчийг хүлээн авах аж. Уг хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь Англичууд байх юм. Германы эсрэг ердөө 2000 Герман үзэгч байсан бол үлдсэн 38 мянган үзэгчийг Англичууд дангаараа бүрдүүлжээ. Энэ удаад ч талбай болон үзэгчдийн давуун тал Вэмблигийн Гурван Арслангуудын талд байх болно. 

Англи

Англичууд 55 жилийн дараа том тэмцээний (дэлхийн аварга болон евро) финалд анх удаа гарахын төлөө тоглоно. Тэд 1966 онд дэлхийн аваргад түрүүлсэнээс хойш том тэмцээний финалд гарч чадаагүй байгаа юм. Үргэлж том тэмцээнд хүчтэй өрсөлдөгч хэмээн нэрлэгддэг ч энэ тэмцээн шиг агуулгын хувьд бүрэн утгаараа чанартай орж байсан том тэмцээн байгаагүй. Магадгүй хамгийн шилдэг бүрэлдэхүүн биш байж болох ч яах аргагүй ойрын 55 жил дэхь хамгийн төгс тоглолттой Английн шигшээг бид харж байна.

Өмнөх удаа тэд 2018 онд Гарэт Саутгэйтийн удирдлаган дор мөн л сайн тоглолтыг үзүүлсэн ч хагас шигшээд буюу яг энэ шатанд Хорватад нэмэлт цагт хожигдож тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Тэр үед ч бас энэ тоглолтын адилаар Англичууд хожих илүү магадлалтай багаар нэрлэгдэж байв.

Гэхдээ өмнөх тэмцээнээс илүү чанартай Английг бид харж байгаа. Нэг ч гоол алдаагүй, тоглолт бүрт өрсөлдөгчөөсөө агуулгын хувьд илүү байгаа, маш нягт тоглолттой, хамгаалалт илүү сайн, нөөц илүү байгаа зэргийг онцолъё. 

Холбоотой: Англи Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Английн шигшээ багаас ямар нэг тоглогч бэртэл гэмтэл, торгуулийн асуудалгүй байна. Тиймээс Саутгэйт хэвлэлийн хурал дээр бид бүх талаараа бэлэн хэмээн онцолсон шигээ бэлэн байж 26 тоглогчоосоо хамгийн сайн гэсэн 11 тоглогчоо илгээх болно. 

Тоглолттой холбоотой нэг сайн үзүүлэлт байгаа нь Харри Кэйн эсрэг багийнхаа хаалгач Шмэйхэлийн хаалганд нийт 14 гоолыг оруулж байсан бөгөөд түүний нэг хаалгачийн эсрэг хийсэн дээд үзүүлэлт нь юм. 

Дани 

Хүндхэн сэтгэлзүйтэй тэмцээнийг эхлүүлсэн Даничууд түүнээс хойш улам хүчирхэгжсэн гэж хэлж болно. Түүхэн дэх хамгийн сайн тэмцээнүүдийнхээ нэгийг өнгөрүүлж байгаа Даничууд ах дүү Лаудрупийн үеийг давтаж Европын аваргын цомыг ээлжит удаагаа өргөхөөр зорьж байна. Өмнөх нийтлэлээр онцолж байсанчлан Даничуудад алдах юм багатай, Английг бодвол чөлөөтэй тоглолт үзүүлж, өмнөх чанартай тоглолтоо асуудалгүй гаргах болов уу хэмээн бид таамаглаж байгаа. 

Холбоотой: Дани Еврод түрүүлэхгүй 3 шалтгаан, түрүүлэх 3 шалтгаан

Данийн гарааны тоглогчид бусад үлдсэн багуудынхаа адилаар маш жигд тоглолтыг үзүүлж буй. Аль нэг байрлал дээр тасарчихсан супер тоглогч байхгүй ч бүрэлдэхүүнийг харвал өөлөх, сул талтай гэх байрлал нэг ч алга байна. Довтолгооны шугам залуучуудаас бүрдэж, өндөр темптэй, хурдтай, тэсрэлттэй шийдвэрүүдийг гаргасанаар олон гоолыг оруулж байгаа. Тэр ч утгаараа одоогоор цохилт аваагүй Английн хамгаалалтыг сэтлэх эхний баг нь Даничууд байж мэдэх юм. 

Дундын шугаманд Боруссиа Дортмундын Делани мундаг тоглолтыг үзүүлж байгаа. Түүний хөдөлмөрч тоглолт багийн бусад тамирчиддаа нөлөөлж, Даничууд багаараа тун өндөр хичээн зүтгэлтэй, гүйлт сайтай тоглолтыг харуулж байна. 

Үүний нэг жишээ нь Иохим Мехле бөгөөд тэрээр жигүүрийн хамгаалагчдаа гол үзүүлэлтүүдээр бүгдэнгээр нь тэргүүлж байна. Гүйлт, гоолд оролцож буй байдал, ашигтай үйлдлийн тоо, хамгаалалтын үзүүлэлт гээд олон үзүүлэлтээр нэгдүгээр байранд байгааг та бүхэн олон улсын хэвлэлүүдээс харж болно.

Данийн шигшээ багаас энэ удаад Каспер Долбэргийг дахин гараанд гаргах эсвэл үндсэн довтлогч Юсүф Поулсэнийг эргэн гараанд гаргах уу гэдэг нь сонирхолтой байна. Бусад байрлалууд дээр ерөнхийдөө өөрчлөлт гарахгүй бөгөөд чанартай болж байгаа тоглолтондоо өөрчлөлт оруулахгүй гэдэг нь ойлгомжтой. Мөн бэртэл гэмтэл, торгуулийн асуудалгүйгээр тоглоно гэдэг нь сайшаалтай. Гэвч эсрэг баг нь өөрсдөөс нь илүүгээр үнэлэгдэж байгаа буюу 68%-ийн хожих магадлалтай хэмээн дата анализаар буужээ. Үүнд талбай дээрээ, үзэгчдийнхээ өмнө тоглож буй гэсэн зүйл том орон зайг эзэлж байна.

Онцлох тоглогчид

Люк Шоугийн эсрэг Иоахим Мехле. Италийн Спинаццола бэртсэнээр энэ Еврогийн хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагчид нь Шоу болон Мехле нар болж таарсан. Тоглолт болгонд гол баатар болж байгаагаар нь харвал Спинаццолаг онцолж болох бол статистик үзүүлэлтээр Мехле тэргүүлж байна. Харин довтолгооны үзүүлэлт, үр дүн авчир байгааг буюу гоолд оролцож байгааг харвал Люк Шоу үнэхээр гайхалтай байна. 

Англичуудын оруулсан чухал гоолууд бараг бүгд л зүүн жигүүрээс буюу Люк Шоугоос эхлэлтэй байлаа. Харин Данийн чанартай тоглолт мөн л Мехлегээс эхлэлтэй. Түүний хувьд мундаг үзүүлэлтээс гадна нэг гоолыг хүртэл оруулаад амжсан. 

Тоглолттой холбоотой статистик:

  • Англичууд Данитай хийсэн сүүлийн зургаан албан ёсны тоглолтоос ердөө нэг удаа ялалт байгуулсан. Тэр нь 2002 оны дэлхийн аваргын шөвгийн 16 тоглолт байсан бөгөөд 3-0-ээр Англичууд ялсан байна. 
  • Тус тоглолтоос гаднах том тэмцээнд таарсан ганцхан тохиолдол байдаг 1992 оны Евро бөгөөд гоолгүй тэнцэж байжээ.
  • Хоёр багийн Вэмблид таарч тоглож байсан долоон тоглолтын тавд нь Англи хожиж, хоёрт нь Дани хожсон байна. 

Англи

  • Тэд том тэмцээний хагас шигшээд 1966 оноос хойш ялалт аваагүй байна. Түүнээс хойш 1990, 2018 оны дэлхийн аварга, 1968 болон 1996 оны Еврогийн хагас шигшээд тус тус шалгарч байсан ч хожил байгуулж чадаагүй ажээ. Мөн Nations League-ийн хагас шигшээд 2019 онд Нидерландад хожигдсон. Хагас шигшээ тэдний хувьд маш хүнд даваа. 
  • Харри Кэйн том тэмцээнд есөн гоол оруулаад байгаа бөгөөд дахин нэг гоол хийхэд Алан Ширэрийн рекордтой тэнцэнэ. 
  • Люк Шоу одоогоор гурван гоолын дамжуулалт өгөөд байгаа нь Дэвид Бекхэм 2000 оны Еврод 3 гоолын дамжуулалт өгснөөс хойшх анхны үзүүлэлт болж байна.
  • Энэ тоглолтоос өмнө Англичууд Еврод нийт 36 тоглолтыг түүхэндээ хийгээд байгаа. Энэ нь финалд нэг ч удаа хүрэлгүйгээр хамгийн их тоглолт хийсэн тоо болж байна. 

Дани

  • Нидерландчууд дөрөв дэх удаагаа Еврогийн хагас шигшээд тулж ирээд байна. Өмнө нь 1964, 1984 онуудад хагас шигшээд ялагдаж байсан бол 1992 онд хожил байгуулж тухайн тэмцээндээ түрүүлсэн. 
  • Ийнхүү 29 жилийн дараа дахин хагас шигшээд шалгарч байгаа нь түүхэн дэх хамгийн олон жилийн дараа хагас шигшээд шалгарч байгаа тохиолдол болж байна.
  • Хюлмандын залуус энэ тэмцээнд 11 гоол хийгээд байгаа нь тэдний том тэмцээнд оруулж байсан дээд амжилт болоод байгаа. Өмнө нь 1986 оны дэлхийн аваргаар 10 гоол хийж байсан нь тэдний дээд амжилт байжээ. 
  • Довтлогч Дамсгаард Данийн төлөөх сүүлийн долоон тоглолтод гурван гоол, дөрвөн гоолын дамжуулалт хийгээд байна. Браво!

Newmeta - Э.Ганбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-07-07 92.57.233.40

Dani saindaa bish xogiin oros formgui wales chextei taarsan n zol bolj odoo englandad archuulna

Avatar

Зочин 2021-07-07 202.55.188.93

Итали Дани 2 финалдах юм л даа…новшийн англи харин ч хол явлаа шд.

Avatar

Zzz 2021-07-07 202.126.94.126

Uneheer goy niitlel boljee, designiig ni hen gdg humuus hiisen be holboo barih dugaar bnuu

Avatar

Зочин 2021-07-07 192.82.72.233

NEWMETA гээд хайвал гараад ирэх байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж