Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаан 11 цаг 13 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараажээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу хоёр саналын томьёолол бэлтгэснийг танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар тогтов.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Мөн уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажлын дэд хэсэг байгуулагдаж ажилласан байна.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуультай болж, хяналт-тэнцлийг хангана
Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 15 гишүүнээс энэ сарын 02-ны өдөр мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан зэргээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулахаар болсон.
Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэх, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхдээ зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрсэн, хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг тайлагнах тайлагналтын нэгдсэн систем бий болгох, парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсон.
Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог…” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон. Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах, төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.
Хуулийн төсөл нь бүтцийн хувьд 7 бүлэг, 60 зүйлтэй юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар нийгэм, эдийн засгийн дараах эерэг үр дүн гарна. Үүнд:
- Улсын Их Хурлын хяналт шалгалтын нэгдмэл, цогц байдлыг хангана;
- Төсвийн хяналтыг хэрэгжүүлэх парламентын бүрэн эрх, хяналтын процедур болон чадавхыг бүрдүүлнэ;
- Улсын Их Хурлын хяналт шалгалтын бүх үйл ажиллагаанд хүний эрхийн хяналт хийгддэг болно;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн биелэлтийг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан нэгтгэн хянан хэлэлцсэнээр төсөв үр нөлөөтэй төлөвлөгдөх, хэрэгжих, хөгжилд чиглэсэн байхаас гадна төрийн бодлого үр дүнтэй, бодитой хэрэгжих боломжтой болно;
- Хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Улсын Их Хуралд тайлагнаж, зохих арга хэмжээ авдаг тасралтгүй эргэлтийн тогтолцоо бий болсноор Улсын Их Хурлаас батлан гаргах хууль тогтоомжийн чанар сайжирна;
- Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулснаар нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэдийг төөрөлдүүлсэн, талцуулсан, холбогдох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулдаг явдал арилна гэж үзэж буйг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Нийтийн сонсголын тухай, Төсвийн тухай, Зөрчлийн тухай зэрэг 19 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар нар төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн нар үг хэлж хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн хэлэлцүүлгийн шатанд анхаарах зарим асуудлын талаар санал гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87.4 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ талаар хийсэн танилцуулга хийсэн юм.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд 8, Д.Батлут 1, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 64 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна.
Мөн уг тогтоолын төсөлд Коронавирусын халдварт (КОВИД-19) цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрт нь хэлэлцэх, хоёрт, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрт нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоохоор тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төсөлд нэмж тусгуулахаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хурааж шийдвэрлэсэн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслийг батлуулахаар тогтлоо.
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонсов
Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулга хийлээ. Мөн хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсээс Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланд хийсэн санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.
Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн хүрээнд 2019 онд 19, 2020 онд онцлох 20 зорилт дэвшүүлж, 78 үйл ажиллагаа, 91 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн бодлого, стратеги тодорхой болж, тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг олон нийтэд ойлгуулж, хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь шинэтгэлд итгэх иргэдийн итгэл, дэмжлэгийн хөрс бүрдүүлэх алхам болсон. Иргэд болон төрийн албан хаагч гэсэн хоёр үндсэн чиглэлээр шинэ хууль, шинэчлэлийн бодлогыг сурталчлах, таниулах, соён гэгээрүүлэх ажлыг 21 аймаг, нийслэл, нийгмийн салбар бүрийн төлөөлөлд хүргэж, зайн болон танхимын сургалт, семинар, хэлэлцүүлэг, үндэсний зөвлөгөөн, нүүр тулсан уулзалт, ярилцлагыг олон хэлбэрээр, нийгмийн сүлжээний олон аргаар зохион байгуулж ажилласныг Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа онцлов.
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төрийн 4147 байгууллагад 205,011 албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 3,3 хувь (буюу 6548)-иар нэмэгдсэн нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, өргөжүүлэх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын зарим анги, салбар шинээр байгуулагдаж, өргөжсөнтэй холбоотой. Мөн нийт төрийн албан хаагчдын 2 хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарч байгаа аж.
Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтэд шинээр нэвтрүүлж буй хүний нөөцийн аудит хийхэд бэлэн болжээ. Мөн эрх зүйн орчныг нь бүрдүүлж, системтэйгээр сургаж мэргэшүүлсэн аудиторуудтай болсон байна.
Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын бүхий л үе шатанд үнэлгээ хийж, эрсдэл тодорхойлох, давуу, сул талыг илрүүлж, эрсдэлээс сэргийлэх зөвлөмжөөр хангаж ажиллажээ. Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх болон төрийн үйлчилгээний удирдах нийт 21692 албан тушаалыг стандарт тодорхойлолттой болгосноор төрийн захиргааны албан тушаал бүрийн зорилго, зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах үндсэн шаардлага, үүрэг хариуцлагыг иж бүрэн зураглаж, баталгаажуулсан байна.
Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулж байна. Уг шалгалтад иргэд бие даан бэлтгэх цахим платформ үүсгэж, тэгш, хүртээмжтэй байдлыг өргөжүүлэн мэдлэг, чадвараа урьдчилан сорих боломж бүрдүүлжээ. Төрийн албаны ерөнхий шалгалтад 27383 иргэн оролцож, 7254 (26.4 хувь) иргэн тэнцээд байгаа бөгөөд тэнцэлт нь олон улсын түвшинтэй ойролцоо байгаа аж. ШУА, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор сорил, тестийн агуулгыг баяжуулан тестийн сангийн өгөгдлийг нэмэгдүүлсний зэрэгцээ е-taz аппликэйшн хөгжүүлж, тестийг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр, гар утас, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд нээлттэй, тэгш хүртээмжтэй, ил тод болгож, шалгалтын бүхий л процессыг 100 хувь цахимжуулжээ.
Чадахуйн зарчмыг хангасан шударга сонгон шалгаруулалтад тулгуурласан шинэтгэлийг эхлүүлснийг Төрийн албаны зөвлөлийн дарга онцлов. 2019 онд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын 548, гүйцэтгэх албан тушаалын 2435 сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, шатлан дэвших зарчмыг мөрдөж ажиллажээ. Мөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 343 албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж, давхардсан тоогоор 483 иргэн сонгон шалгаруулалтад орж зарлагдсан сул орон тоо үе шаттай нөхөгдсөн байна.
Ёс зүй, сахилга хариуцлагад тулгуурласан шинэтгэлийг эхлүүлж, “Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” зөвлөмж гаргаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сахилга, хариуцлагыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих чиглэлээр арга зүй, удирдлагаар хангаж ажиллажээ.
Тайлант хугацаанд нийт 1194 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл /хороо/ байгуулагджээ. Энэ хугацаанд 1422 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаснаас 809 нь төрийн тусгай, 353 нь төрийн захиргааны, 260 нь төрийн үйлчилгээний албан хаагч байгаа аж. Ёс зүйн зөрчлийн тоо 2019 онтой харьцуулахад 2020 онд 4.8 хувиар буурсан байна. Мөн 2020 онд 371 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсны 162-т нь сануулах, 180-д нь цалингийн хэмжээг 20 хүртэл хувиар бууруулах, 29-д нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
Шинэтгэлийн хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажлыг явуулж, төрийн албан хаагчдын эрхийг хамгаалж ажиллажээ. Төрийн албаны зөвлөлд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, төрийн албан хаагч, төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн талаар 445 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оноос 5.2 хувиар өссөн, шийдвэрлэлт 93.4 хувьтай байгаа аж.
Төрийн албанд эрх нь зөрчигдсөн гомдлын мөрөөр нийт 22 маргаан үүсгэж, хууль зөрчсөн тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Мөн төрийн албанаас хууль бусаар халагдсан, албан тушаал бууруулсан албан хаагчдыг эрхэлж байсан албан тушаалд нь томилуулах зэргээр 195 гомдлыг хянан шийдвэрлжээ. Түүнчлэн төрийн албанаас хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн, албан тушаал бууруулсан 14 албан хаагчийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилуулжээ.
Төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийг дэмжиж ажиллаж, төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн үндэсний тогтолцоог шинээр бүрдүүллээ. Төрийн албан хаагчийг төрийн албанд анх томилогдсон өдрөөс нь эхлэн тасралтгүй сургаж хөгжүүлэх, шатлан дэвшихэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн мэргэшүүлэх сургалтын тогтолцоог хэвшүүлэн мөрдүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, төрийн байгууллагууд “суралцагч байгууллага” болж байна. Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалт, мэргэшүүлэх дунд хугацааны болон давтан сургалт, зорилтот богино хугацааны сургалтад 5465 төрийн албан хаагч хамрагдсан талаар дурдаж байв.
Тайлант хугацаанд хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төрийн албаны шинэтгэлийн стратеги, замын зургийг бодлогын хүрээнд тодорхойлж, институцийн төлөвшил, хөгжлийг бий болгож, үе шаттай үр дүн гарч байна. Шинэтгэлийн зарчим, тавигдаж буй шаардлагыг тусгах, түүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд албан тушаалын тодорхойлолтуудыг батлах зөвшөөрөл олгох үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулж, шинэтгэлийн суурийг бэхжүүллээ. Мерит зарчим бол урт хугацаанд ажилласнаар бус ур чадвар, мэргэшлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөнөөр хэрэгжих зарчим гэдгийг төрийн албаны бүхий л төвшинд ойлгон хүлээн авах нийгэм, сэтгэл зүйн хөрс суурь бүрдэж байна.
Төрийн албаны хөдөлгөгч хүч-төрийн албан хаагчдын хүний нөөцийн оновчтой, зохистой бодлого, зохицуулалтыг хийснээр төрийн албан хаагчдаа бэлтгэх, сургах, хөгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг бодитой тооцох тогтолцоог бүрэн нэвтрүүллээ. Хандлага харилцааны ур чадварыг тодорхойлох сэтгэл зүйн тест, бодлого, үйл ажиллагааг системтэй, өргөнөөр харах /heliсopter view/, аналитик шинжилгээ, оюун сэтгэлгээний болон сэтгэл хөдлөлийн чадамжуудыг тодорхойлох зэрэг шинэлэг арга зүйг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга дүгнэж хэллээ.
Мөн цаашид хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээнүүд, тэдгээртэй холбоотой зарим саналаа танилцуулсан юм. Мөн төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хийгдэж, дэлгэрэнгүй тайланд тусгагдсан бүхий л үйл ажиллагаа, үр дүнг бий болгоход Улсын Их Хурал, Засгийн газрын хамтын ажиллагаа, зөвлөмж, зөвшилцөл чухал үүрэг гүйцэтгэснийг тэрбээр онцлов.
Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлан, зөвлөлийн даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Энхболд, Ж.Мөнхбат үг хэлж байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ