“Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-тэй болох тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар мэдээлэл хийлээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр анх батлагдсан. Түүнээс хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт орж, өдгөө нийт тэмдэглэлт өдрүүдийн тоо 15 болжээ.
УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл хэлэхдээ “Хууль батлагдахын өмнө нийгмийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл цацагдаж байсан. Энэ хуулийн гол утга учир нь зөвхөн тэмдэглэлт өдөр байх юм. Амралтын баярын өдөр болгохгүй. Зөвхөн тэмдэглэлт өдөр болж буйгаараа онцлогтой. Энэ хууль батлагдсанаараа эх хэл, түүх соёлоо хамгаалах, нийгмийн соён гэгээрэл, сайн сайхны төлөө иргэд, хүүхэд залуусынхаа номтой нөхөрлөх хандлагыг сэргээж, илүү өргөн хүрээтэй болгож байгаагаараа онцлогтой.
Энэ баярыг зөвхөн Улаанбаатар гэхгүй, аймаг, сум, дүүргүүд өргөн тэмдэглэж, оюуны өмч, номын эрхийг хамгаалах, уншигч зохиогч хоёрын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зохиогчдын уулзалт, уншигчдын хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг маш олон эерэг нөлөөтэй арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ хуулийн талаар өмнө нь олон хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, зөв хууль батлагджээ гэдгийг иргэд хэлж байна. Иргэдийн дунд Номын баярыг амралтын өдөр болгох гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарсан. Зөвхөн тэмдэглэлт өдөр байна" гэв.
“Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гаригуудад тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Хууль санаачлагчид "Энэ өдрийг хилийн чанадад байгаа монгол туургатнууд ч тэмдэглэн өнгөрөөх боломжтой" хэмээн хэллээ.
Posted by ParliamentMN on Tuesday, July 6, 2021
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ