Монгол Улс гурав дахь тунг наймдугаар сараас эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Монгол Улс гурав дахь тунг наймдугаар сараас эхлүүлнэ

Монгол Улс гурав дахь тунг наймдугаар сараас эхлүүлнэ

Цар тахлын эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт гэгдэх вакцины гурав дахь тунгийн хүлээлт олон нийтэд бий. Вакцинжуулалттай холбогдуулан цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцинжуулалт хэчнээн хувьтай үргэлжилж байна вэ?

-Улсын хэмжээнд энэ оны долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд хүн амын 64.2 хувь, хоёрдугаар тунд 54.6 хувь нь хамрагдаад байна. Иргэдийн хувьд нийслэл болон орон нутагт вакцинд идэвхтэй хамрагдаж байна. Тухайлбал, орон нутагт нийт 1.7 сая иргэний 81.8 хувь нь вакцины эхний тунг авсан бол хоёр дахь тунд 68.5 хувийг дархлаажуулжээ. Мөн нийслэлийн хэмжээнд ч бас вакцинжуулалтын явц өндөр хувьтай байна.

Тодруулбал, 1.6 сая иргэний 96.7 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол 83.6 хувь нь бүрэн тунгаа авсан.

Засгийн газар долдугаар сарын 1 гэхэд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн хоёр сая иргэнийг вакцинд хамруулж дуусгахыг мэдэгдэж байсан. Төлөвлөсөн хугацаандаа зорилтот бүлгийн иргэдээ вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулж дууссан уу?

-Бид зорилтот бүлгийн иргэдээ вакцинд хамруулж дууссан гэж ойлгож болно. Эхний ээлжид 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөж байсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш зорилтот бүлгийн 97.8 хувийг дархлаажуулсан.

Гэхдээ хүн амын 57 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагдсан. Энэ нь хангалтгүй үзүүлэлт биш үү?

-Улсын хэмжээнд хүн амын 57 хувь нь вакцинд хамрагдсан гэдэг бол маш том үзүүлэлт. Гэтэл дэлхий дахинд хүн амынхаа зорилтот бүлгийг ч дархлаажуулаагүй улс орнууд ч байна.

Хэдийгээр вакцинжуулалт үргэлжилж байгаа ч жирэмсэн эмэгтэй, 12-оос дээш насны хүүхдүүд одоо ч цар тахлын эрсдэлд байна. Мөн вакцины нэгдүгээр тунд хамрагдсан цөөнгүй иргэд байна. Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах ажлын явц ямар байна вэ?

-Бид 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг зорилтот бүлэг гэж үзэж байсан бол 12-17 насны 290 мянган хүүхэд, жирэмсэн эмэгтэй зорилтот бүлэгт багтаж, дархлаажуулж байна. Өнөөдрийн байдлаар 12-15 насны 90 мянган хүүхэд, 15-17 насны 50 мянган хүүхэд вакцинд хамрагдсан. Мөн жирэмсэн эмэгтэй 3595, хөхүүл 2435 ээжийг дархлаажуулсан. Хэдийгээр хүүхдүүдийн дунд вакцинд хамрагдалтын хувь өндөр байгаа ч Файзер вакциныг бага багаар татан авч байгаа тул хоёр дахь тунд хадгалж байна.

Өнөөдөр 30 мянга гаруй тун файзер вакцин татан авна. Үүнээс 15 мянган тунг нь хүүхдүүдээ дархлаажуулж, үлдсэнийг нь хоёр дахь тунд нөөцөлнө. Ямартай ч долоо, наймдугаар сард бид файзер вакцины нийт нэг сая гаруй тунг татан авна. Үүнээс 600 мянга тунгаар хүүхдүүдийг вакцинд хамруулна.

Хамгийн гол асуудал, Covid-19 халдварын мутац дельта хувилбар дэлхий дахинд бүртгэгдээд байна. Энэ вирус нь маш аюултай тул улс орнууд хилээр нэвтэрч буй хүмүүсийг 20-28 хоног тусгаарлаж байна. Эрүүл мэндийн яамнаас  Улсын онцгой комисст хилээр нэвтэрч буй иргэдийг хамгийн багадаа 7 хоног тусгаарлах саналыг өчигдөр хүргүүлсэн. Иймд хүмүүс тайвширч болохгүй.

Баяр наадмын амралтын өдрүүдэд аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгөө уулзаж болохгүй. Аль болох гэр бүлээрээ наадмаа тэмдэглэхийг зөвлөе.

Өнөөдрийн байдлаар Турк, Бахрым, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират улс гурав дахь тунгаар иргэдээ дархлаажуулаад байна. Монгол Улсын хувьд гурав дахь тунг хэзээнээс эхлүүлэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс вакцины гуравдугаар тунгаар иргэдээ дархлаажуулна. Эхний ээлжид наймдугаар сараас 65-аас дээш насны иргэдээ АстраЗенека вакцинаар гуравдугаар тунг эхлүүлнэ.

Нөөцөд хадгалсан цөөн тооны АстраЗенека вакцинаар гурав дахь тунг эхлүүлж, аравдугаар сараас файзер вакцинаар дархлаажуулна. Тодруулбал, 12-17 насны хүүхдүүдийг нэг, хоёрдугаар тунд хамруулсны дараа нөөцөд үлдэх файзер вакциныг бүүстэр тунд ашиглах төлөвлөгөө гаргасан.

Ер нь гурав дахь тунг өөр компанийн вакцин байхад дархлааны хариу урвал үр дүнтэй. Судалгааны үр дүн эхнээсээ гарч байна. Харин дөрөв дэх тунгийн асуудал яригдаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж