Хонгконгийн цагдаа нар 15-39 насны есөн хүнийг алан хядлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн баривчилжээ. Баривчлагдсан есөн хүний зургаа нь ахлах сургуулийн сурагчид гэнэ.
Цагдаа нарын мэдээлснээр дээрх есөн хүн зочид буудалд өрөө түрээсэлж, тэндээ тэсрэх бөмбөг угсардаг, түүнийгээ хотын шүүх танхимууд, нийтийн тээвэр, хөдөлгөөн ихтэй гудамжнуудад дэлбэлэхээр төлөвлөж байсан гэнэ.
Баривчлагдсан есөн хүнийг залуусын асар их эсэргүүцэл, тэмцэл, хөдөлгөөн дээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу яллах юм. Тэдний түрээсэлж байсан зочид буудлын өрөөнөөс тэсрэх бөмбөг бүтээхэд ашигладаг аюултай химийн нэгдлүүдийг хураан авсан бөгөөд тэдний эзэмшиж байсан 77 мянган ам.долларын хөрөнгийг олж, царцаасан байна.
Цагдаагийн ахлагч Ли Квай “Тэд Хонгконгийн хөл хөдөлгөөн ихтэй зарим чухал байршлуудад алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тэгэхдээ эхлээд метроны зам, галт тэрэгний зам, шүүх танхимууд, тэр байтугай гудамжны хогны саванд хүртэл бөмбөг хийж дэлбэлэхээр санаархаж байв” гэж ярьжээ.
Баривчилгааг нийтэд ил зарлахаас өмнө Хонгконгийн удирдагч Кэрри Лэм эцэг эхчүүд, багш нар, шашны номлогчдод өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалсан байна.
Эх сурвалж: BBC