Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаан 08 цаг 44 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилохоор ирүүлсэн саналыг хэлэлцлээ.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21-2-т “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 108 дугаар зүйлийн 108.1-т “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилуулах тухай Улсын Их Хуралд ирүүлсэн саналаа тус газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулав.

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох зохицуулалттай. Түүнчлэн тус газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэснийг баримтлан тус шаардлагуудыг хангаж буй Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Гаваасүрэнгийн Азжаргалыг дэвшүүлэн томилох саналыг танилцууллаа. Нэр дэвшигч  нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, яс үндэс халх. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй, ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.

Эрхэлсэн комиссар Г.Азжаргал нь 2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газар 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр (2021.07.06) Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан бөгөөд энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Улсын Их Хурал 2020 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор сонсгол хийж томилдог байхаар хуульчилсан юм. Тус газрын даргаас 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор томилгооны сонсголын товыг тогтоож, 14 хоногийн турш иргэд олон нийтэд мэдээлж, холбогдох санал хүсэлтийг авчээ. “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолыг бол 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд томилгооны сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилж, 10 хүртэл тооны оролцох ажиглагчтай байх шийдвэрлэжээ. Нэр дэвшигч Гаваасүрэнгийн Азжаргал нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэх талаар иргэд, олон нийтэд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүдийг шийдвэр гаргахад нь мэдээллээр хангах зорилгоор 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр  Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан байна. Сонсголд Улсын Их Хурлын гишүүн А.Адьшаа, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Ц.Сандар-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар оролцжээ. Мөн “Жин И Жао” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганболд, “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ерөнхий менежер Т.Амарзаяа, “Буйр нуурь” хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт, “МН 25 дугаар суваг” телевизийн тоймч Э.Дөлгөөн нар оролцогчоор, “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын дэд захирал Э.Мөнхжаргал ажиглагчаар оролцсон байна. Улсын Их Хурал анх удаа томилгооны сонсгол зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс 4 цаг 20 минутын турш шууд дамжуулж, иргэд олон нийтэд томилгооны сонсголыг хүргэсэн болохыг дурдав. Энэ удаагийн томилгооны сонсгол нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, иргэдийн дуу хоолойг хүргэх шинэ алхам болсон төдийгүй тухайн нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах, нэр дэвшигчийг санал болгож буй байгууллага нь гагцхүү хуулийн шаардлага хангасан мэдлэг, мэргэжил, ур чадвартай хүнийг нэр дэвшүүлэн, Улсын Их Хурлын болон олон нийтийн шүүлтүүрээр оруулах үүдийг нээсэн ач холбогдолтой гэж дүгнэж байгаагаа танилцууллаа.

Байнгын хорооны даргын болон Тэргүүн комиссарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нар албан тушаалд нэр дэвшигчдийн талаарх томилгооны сонсголыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж, энэ төрлийн үйл ажиллагааг тогтмолжуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Томилгооны сонсголын үеэр нэр дэвшигч авлигатай тэмцэх чиглэлээр хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан бөгөөд энэ нь Улсын Их Хурлын энэ чиглэлийн бодлоготой нийцэж байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэж байлаа. Анх удаа Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор, Улсын Их Хурлаас зохион байгуулсан анхны томилгооны сонсголоор зургаан жилийн хугацаатай томилогдох дэд даргыг хэлэлцсэн. Улс төрийн ямар нэг албан тушаалтны оролцоогүй, мэргэжлийн удирдлагын томилгоо болж буйгаараа нэн онцлогтой гэдгийг онцолж байлаа. Байнгын хорооны гишүүд газрын наймаа, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэх, байгалийн баялаг дагасан асар их хөрөнгө, мөнгийг төсвөөс гадуур зарцуулдаг, энэ нь Улсын Их Хурал, Засгийн газрын хяналтад ордоггүй төрийн өмчит компаниудыг шалгах, Монгол Улсаас эх үүсвэртэй оффшор бүс дэх  хөрөнгийн асуудлыг шалгах, шийдвэрлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлд онцгой санаачилгатай ажиллахыг сануулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү Авлигатай тэмцэх газрын даргаас тус газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохоор ирүүлсэн саналыг хэлэлцээд, эл саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь саналыг дэмжиж байгаа илэрхийлсэн тул “Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг С.Бямбацогт дарга танилцуулсан юм. Энэхүү тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахаар шийдвэрлэв.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дараа нь хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн төрийн өндөр албан тушаалын зэрэг, зиндааны талаарх саналын танилцуулгыг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр танилцуулав. Монгол Улсад ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, төрийн институтийн хяналт-тэнцлийг хангах, эрх мэдэл хуваарилах суурь зарчмыг хэрэгжүүлж Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилж, харилцан тэнцвэрт байдлыг хадгалахад  шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг чухалчлан баталгаажуулсан гэдгийг дурдав. Улсын Дээд шүүхийг шүүх засаглалын дээд байгууллага хэмээн Үндсэн хуульд заасан байдгийг мөн тэмдэглэлээ. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолд хууль тогтоох, гүйцэтгэх дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаал “ТӨ 4” дүгээр зэрэг зиндаанд хамаарч, харин шүүхийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаал нэг шат доогуур “ТӨ 5” зэрэг зиндаанд хамаарч байгаа гэв. “ТӨ 5” хэмээх энэхүү зэрэг зиндаанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн ажлын алба болох Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаал хамаарахаас гадна адилтгах бусад буюу аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дэд дарга зэрэг албан тушаал хамаарч байх бөгөөд Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч дээд байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэггүй албан тушаалуудтай нэг зэрэг зиндаанд хамааруулсан байгааг хэллээ. Иймд төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах үүднээс Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг  “ТӨ 4” зэрэг зиндаанд хамааруулах, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг “ТӨ 5” зэрэг зиндаанд хамааруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан.

Үндсэн хуулийн цэцийн төрийн өндөр албан тушаалын зэрэг, зиндааны талаарх саналын танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулав. Холбогдох хууль тогтоомж дахь зохицуулалтуудыг хангах үүднээс “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолын захиргааны албан тушаалын ангилалд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд даргын албан тушаалыг нэмж тусгах саналыг танилцуулав.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга болон Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын танилцуулгуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Дараа нь санал хураалт явуулахад Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалын зэрэг зиндааны талаарх “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 76.5 хувь нь, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд даргын албан тушаалыг холбогдох тогтоолд нэмүүлэх талаарх Үндсэн хуулийн цэцийн саналыг тусгасан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 82.4 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулсан. Төрийн албаны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарна хэмээн заасан. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс” цалин хөлс нь бүрдэхээр заасан байдаг байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь заалтыг танилцуулгадаа онцолж байв. Өмнө нь гурван удаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоож байсан гэлээ. Танилцуулж буй тогтоолын төслийг баталснаар 2021 оны төсөвт өөрчлөлт орохгүй гэдгийг дурдсан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахаар боллоо.

Дараа нь “Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат танилцуулав. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын байгууллагад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор эл чиг үүргийг хэрэгжүүлж буй прокуроруудын ажлын ачаалал нэмэгдсэн талаарх тоон мэдээллийг танилцуулж байлаа. Ажлын онцлог, гүйцэтгэж буй чиг үүргээс хамаарч албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тогтоолгохоор шаардлагатай гэв. Улсын Их Хурлын 1996 оны 58 дугаар тогтоолоор прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох шийдвэрийг гаргаж байсан бөгөөд 25 жилийн турш энэ шийдвэрт өөрчлөлт оруулаагүй гэдгийг танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийн талаарх саналын талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулав. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг танилцуулгадаа онцолж байв. Холбогдох хууль тогтоомж дахь зохицуулалтуудыг хангах үүднээс Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлүүлэхээр шийдвэрлүүлэхээр танилцууллаа. Улсын Их Хурлын тогтоолын энэхүү төсөл батлагдсанаар төсөвт өөрчлөлт орохгүй гэдгийг мөн дурсан.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын танилцуулгуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Дараа нь санал хураалт явуулахад “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 70.6 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж