Европын Холбооны Төлөөлөгчдийн газраас “Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээ” цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.07.07) тус арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв.
Тэрбээр Европын Холбооны Төлөөлөгчдийн газраас энэхүү чухал чиглэлээр цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж, үг хэлэхийг урьсан ноён Элчин сайд Траян Христеад талархал илэрхийлж, аливаа ардчилсан оронд иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүхий л салбарт нэн чухал үүрэгтэй болохыг тодотгон тэмдэглэв.
Ялангуяа хууль тогтоох үйл ажиллагааны бүхий л үе шат болон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэний нийгмийн байгууллагууд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, жендерийн мэдрэмжтэй байдал зэргийг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог онцлон сайшаах нь зүйтэй. Ардчилсан институцийг төлөвшүүлэхэд хуучин үеэс уламжлагдаж ирсэн сэтгэлгээг өөрчлөхөд иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнчлэн залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах зэрэгт төр, иргэний нийгмийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, харилцан итгэлцлэл дээр суурилсан хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хамтран ажиллаж байна.
Хүний хөгжлийг хангах нь сайн засаглалын суурь хэмээн үзэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэхийг онцолсон билээ.
Төрийн бус байгууллагуудад хүчтэй байх нь төрийг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхэд нөлөөлдөг. Нөгөө талаар төрийн бус байгууллагууд төрийн үйлчилгээ дутмаг орчинд хүрэх, олон нийтийг соён гэгээрүүлж, нийгэмд зерэг өөрчлөлтийг авчрахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, тэдгээрийг бодлогоор дэмжиж, хараат бус байдлыг нь хангах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгөх нь бидний зорилт, үүрэг юм.
Монгол Улсын Их Хурал цахим шилжилтийг хэрэгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахыг зорьж байна.
Иргэдээс хуулийн төсөлд санал авах www.lawforum.parliament.mn платформыг нэвтрүүлж, иргэдэд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэхээр бэлтгэгдэж буй хууль, тогтоолын төслийн зүйл, заалт бүр дээр санал бодлоо цахимаар илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хууль бичих, хуулийн төслийг анхнаас нь бичих боломжийг бүрдүүлсэн. Шинэчлэл хийснээр цах тахлын үед Улсын Их Хурлын гишүүд ард иргэдтэйгээ ойр ажиллаж, дуу хоолойг нь сонсох, эрх ашгийг нь хамгаалах буюу төлөөлөх үүргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нэгэн цахим механизм бүрдэж байна. Мөн хууль санаачлагчдад зориулсан www.lawmaker.parliament.mn цахим платформыг ашиглаж байна. Энэ нь хуулийн төсөл өргөн баригдахаас өмнө санал авах зорилготой аж.
Монгол Улс Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн хугацаанд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн Евролын Холбооны идэвх чармайлтыг бид өндрөөр үнэлдэг. Европын Холбооны зүгээс Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай цаашид хамтран ажиллах боломж бололцоо дүүрэн байна. Тэр тусмаа Европын Холбоо хөгжлийн тэргүүлэх чиглэлдээ анхаарлаа хандуулж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг сайжруулан бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Үйл ажиллагааны нээлт болон хамтын ажиллагааны хүрээг танилцуулсны дараа “Уур амьсгалын өөрчлөлт, орчны өөрчлөлтөд иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд ногоон эдийн засаг, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалт, хүрээлэн буй орчин ба жендер, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг асуудлаар Монгол Улсын иргэний нийгэм, төр-хувийн хэвшлийн салбарын 100 гаруй төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг явагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ