Зорчигч тээврийн Ан-26 нисэх онгоц өнгөрсөн Мягмар гариг (2021.07.06)-т Петропавловск-Камчатский хотоос Палана тосгон руу нислэг үйлдэж байхдаа осолджээ. Онгоцны бүхээгт багийн зургаан гишүүнийг оруулаад нийт 22 хүн байсан бөгөөд хүрэх газраасаа 10 км-ын зайд холбоо тасарсан байна.
Ослын улмаас Камчаткийн бүс нутагт энэ сарын 7, 8, 9-ний гурван өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. Гашуудлын өдрүүдэд бүс нутгийн хэмжээнд ОХУ-ын төрийн далбаа, Камчаткийн хязгаарын далбааг бөхийлгөн, радио, телевизийн компаниуд, соёлын байгууллагуудын арга хэмжээ, хөгжөөнт нэвтрүүлгүүдийг цуцлахыг санал болгосон байна.
ОХУ-ын Камчаткийн хязгаарын захирагч Владимир Солодов “Аврах багийнхан зорчигч тээврийн Ан-26 нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг уснаас гаргаж эхэллээ” хэмээн мэдээлэв. Тэрбээр ослын газарт шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид ирж ажиллан, нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэр гаргана хэмээн нэмж хэлсэн байна.
Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. Урьдчилсан байдлаар, онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, нисгэгч жолоодлогын алдаа гаргасан нь сүйрэлд хүргэсэн байж болзошгүй хэмээн таамаглажээ.
Онгоц унахаасаа өмнө хад асга мөргөж, хэлтэрхий нь Агнуурын тэнгист унасан байж болзошгүй байгаа аж. Онгоцны сэгийг нисэх онгоцны буудлаас 3.8 км зайтай газраас олжээ.
Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI
Холбоотой мэдээ