"Мега төслийн үр шимээр Өмнөговийн эдийн засаг хамгийн өндөр өсч, төрөлжиж байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

"Мега төслийн үр шимээр Өмнөговийн эдийн засаг хамгийн өндөр өсч, төрөлжиж байна"

"Мега төслийн үр шимээр Өмнөговийн эдийн засаг хамгийн өндөр өсч, төрөлжиж байна"

Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн Эдийн Засгийн Хүрээлэнгээс Оюу толгойн Монгол Улсын макро болон микро эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгааг хийж, саяхан олон нийтэд танилцуулсан. Тэр дунд Оюу толгой Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тусгайлан судалжээ. Энэ судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Энхтуултай ярилцлаа.


-Мега төслүүд эдийн засгийн засагт чухал нөлөөтэй гэж ярихыг олон удаа сонсож байсан ч манай улсад энэ талаарх бодит тооцоо судалгаа ховорхон байдаг. МУИС-ийн багш нар том төслүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг судалсан байна. Энэ судалгааны онцлогоос яриагаа эхэлье?

-Энэхүү судалгаагаар Ковид-19 цар тахлын үед Оюу Толгой /ОТ/ манай улсын эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг судалсан юм. Макро эдийн засгийн хувьд ОТ-оос төлж буй татвар, төлбөр хураамжийн хэмжээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогод нөлөөлөх нөлөөллийг тодорхойлсон. Мөн ОТ-д ажиллагсдын болон ханган нийлүүлэгч компаниудаас судалгаа авч, төслийн шууд болон шууд бус нөлөөллийн тооцооллыг хийсэн. Миний хувьд микро эдийн засаг талаасаа, Өмнөговь аймгийн эдийн засгийн салбаруудын өсөлт ба төрөлжилт, ажил эрхлэлтэд гарсан өөрчлөлт болон орон нутгийн кластерын хөгжлийн түвшинг судалсан юм. Судалгааны тайлан МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн хуудаснаа цахим хэлбэрээр байгаа тул дэлгэрэнгүй танилцах боломжтой байгаа.

-Та өөрийн хийсэн судалгааны үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Уул уурхайн салбарт экспортын чиг баримжаатай Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт, Тавантолгой, Оюу толгой, Энержи ресурс төслүүд Өмнөговь аймагт хэрэгжиж байна. ДНБ-ий бодит хэмжээгээр Өмнөговь аймаг улсдаа эхний гуравт багтдаг болсон байна. Аймгуудын ДНБ-ий бодит хэмжээнд үндэслэн тухайн аймагт эдийн засгийн салбаруудын эзлэх хувь, тэдгээрийн өсөлт, бууралтыг урт хугацаанд тодорхойлох нь чухал байдаг. Тэгэхээр жилийн нийлмэл өсөлтийн хувь улсын хэмжээнд дунджаар 6 хувь байхад Өмнөговь аймаг хамгийн өндөр буюу 15 хувьтай гарсан. Орхон аймгийн хувьд 11 хувьтай байна. Үүнээс дүгнэхэд, уул уурхайн мега төслүүд хэрэгжиж буй аймгуудад орон нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлт өндөр байна. Мөн Өмнөговь аймгийн эдийн засгийн кластерын хөгжлийг авч үзэхэд, уул уурхайн кластерыг дагасан барилгын, тээвэр ба агуулах, зочид буудал, нийтийн хоолны кластер үүсэн, хөгжиж байна. Монголын эдийн засгийн салбарын хамгийн өндөр өсөлт Өмнөговь аймагт анзаарагдаж байгаа юм л даа.

-Нэг аймагт барилгын салбарын өсөлт 88 хувь гэдэг чинь бүтээн байгуулалт нэлээд эрчимтэй өрнөж байгааг харуулж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Орхон аймагт уул уурхайн салбар, боловсруулах үйлдвэрийн өсөлт өндөр байдаг. Харин Өмнөговь, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймгуудад шинэ төрлийн эдийн засгийн төрөлжилт үүсч байна. Уул уурхай, боловсруулах үйлдвэрээс гадна барилга, тээвэр агуулах, нийтийн хоол, зочид буудлын үйл ажиллагаа сайн хөгжиж байна. Өмнөговь аймаг дахь барилгын салбарын өсөлтийг дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар тайлбарлаж байна.

-Монголчуудын дунд Оюу толгойн үр өгөөж нь энгийн иргэн бидэнд мэдрэгдэхгүй байна, энэ төслөөс хэн ашиг хүртэж байна вэ гэж их ярьдаг л даа. Тэгвэл бүс нутаг нь хэрэгжиж байгаа Өмнөговь аймгийн иргэд, ААН-үүдэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судалсан болов уу?

-Олон улсын туршлагаас харахад, томоохон уул уурхайн төслийг хэрэгжүүлснээр тухайн улс орон дараах зургаан байдлаар ашиг шим хүртдэг. Үүнд, төсвийн орлого, Засгийн газрын эзэмших хувь, орон нутгийн худалдан авалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажил эрхлэлт болон орон нутгийн оролцоогоор дамжуулан үр ашиг хүртдэг байна.

ОТ компани нь 2012-2020 оны хооронд улсын төсөвт 8.5 их наяд төгрөгийн татвар төлж, жил бүрийн төсвийн татварын орлогын 7.25-13.51 хувийг бүрдүүлж байна. 2020 онд ОТ компани улсын төсвийн орлогын 9,7 хувийг бүрдүүлснээрээ цар тахлын үед манай улсын эдийн засагт тогтворжуулагч үүргээ гүйцэтгэжээ гэж үзэж байна. Мөн ОТ компани нь 12364 хүнийг ажлын байраар, 770 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаараа эдийн засагт багагүй хувь нэмрийг оруулж байдаг. Тиймээс бид шууд болон шууд бусаар энэхүү төслөөс ашиг хүртэж байдаг юм. Түүнээс гадна, микро эдийн засаг талаасаа Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн тоон болон борлуулалтын орлогын өсөлт чухал үзүүлэлт юм. Өмнөговь аймагт 2014 онд 900 компани бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байсан байна. Зургаан жилийн дараа 2020 оны сүүлээр гэхэд энэхүү тоо хоёр дахин өсөж, 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1800 ААН үйл ажиллагаа явуулж байна. Яг ийм өсөлт бусад аль ч аймагт байхгүй. Сумуудыг авч үзвэл, Монгол Улс 330 сумтай, нэг сумд ойролцоогоор 30-50 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байдаг. Тэгвэл Өмнөговь аймгийн Ханбогд сумд 280, Даланзадгадад 900 компани үйл ажиллагаа явуулж байна. Нэг суманд байгаа аж ахуйн нэгжийн тоо болон түүний өсөлт нь эдийн засгийн нэг том хэмжүүр болж байдаг. Орон нутаг хөгжиж байна уу, тэрхүү хөгжил нь ард иргэдэд хүртээмжтэй байна уу гэдгийг аймгийн нэг хүнд ногдох ДНБ-ий бодит өсөлт болон ажиллагсдын дундаж цалингаар хэмждэг. Үндэсний хэмжээнд, уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажиллагсдын дундаж цалин бусад салбарын дундаж цалингаас хоёр дахин өндөр байна. Мөн Өмнөговь аймгийн нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт өндөр байгаагаар орон нутгийн хөгжлийг тайлбарлаж болно. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд чадавхи сайжирснаар үйлдвэрлэл нэмэгдэж, үүнийгээ даган дундаж цалин нэмэгдэж байдаг. Энэ утгаараа орон нутгийн хөгжилд ОТ гэх мэт томоохон худалдан авагч байснаараа орон нутгийн хөгжилд тогтвортой, бодит нөлөө үзүүлдэг.

-Судалгааны хүрээнд коронавируст цар тахал аж ахуйн нэгжүүд, тэр тусмаа Оюу толгойн ханган нийлүүлэгч компаниудад хэрхэн нөлөөлж байгааг асуулгаар авсан гэсэн. Сүүлийн хоёр жилд цар тахлаас болж ААН-үүд ажиллагсдаа цомхотгосон, үүд хаалгаа барьсан асуудал хэр олон байсан бэ?

– ОТ компани 770 гадаад болон үндэсний компанитай хамтран ажиллаж байна. Үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчийн тоо болон хамтын ажллагааны гэрээний үнийн дүн тогтмол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2020 оны сүүлийн байдлаар нийт ханган нийлүүлэгч компанийн 75 хувь нь үндэсний компани байна. Саяхан ТОП-100 ААН-ийн шалгаруулалтаас харахад, 27 ААН нь ОТ ханган нийлүүлэгч компани шалгарсан байна. Судалгааны хүрээнд ханган нийлүүлэгч компаниудад цар тахал хэрхэн нөлөөлж байгааг 154 ААН-ээс санал, асуулга хэлбэрээр авсан. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр ханган нийлүүлэгчдийн 43 хувь ажлын байраа нэмэгүүлсэн, 29 хувь нь ажлын байраа хадгалж үлдсэн гэсэн байна. Мөн 2020 онд ОТ-оос олох орлого нь буурсан 50 ААН байхад, 68 ААН-ийн орлого өмнөх жилийнхээс өссөн байна.

Нэгэн анхаарал татсан зүйл бол ОТ-ийн ханган нийлүүлэгч ААН-ийн хүрээнд 1-9 хүнтэй бичил компаниудын тоо буурч, 9-өөс дээш тооны ажилтантай компаниудын тоо нэмэгдсэн. Энэ нь компаниудын чадавхи сайжирч, Оюу толгой ханган нийлүүлэгчид жижиг, дунд гэдэг ангилалдаа ААН-үүд үйл ажиллагаа тэлж байгааг харуулж байна.

Оюу толгойн  хувьд шинэлэг зүйл нь орон нутаг, малчид, ОТ хамтран гурван талт хөгжлийг дэмжих сан байгуулсан юм. Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагаа нь манай улсад төдийгүй дэлхийд шинэ ойлголт юм. Энэ сангийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 500 гаруй төсөл хэрэгжүүлсний дотор нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг ба орон нутгийн бизнес хөгжлийн дэмжсэн сургалт, санхүүжилтийг олгохоос гадна бизнесийн тогтвортой байдлыг ханган талаас нь дэмжин ажилладаг. Талуудын эрх ашгийг хангаж, хамтран ажиллах нь тухайн орон нутаг, компаниуд цаашдаа уул уурхайгаас  хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулах кейсүүд шинээр үүсэж байгаа.

-Мега төслүүд хэрэгжиж байгаа бүс нутгаас ханган нийлүүлэгчдийн дийлэнх хувийг сонгох тухай заалт байдаг ч ихэнх ААН шаардлага хангахгүйгээс хэрэгжихгүй байна гэж шүүмжилдэг. Ханган нийлүүлэгч нар руу чиглэсэн судалгаа хийсэн үү?

-ОТ компанийн ханган нийлүүлэгчдээ гадаадын болон үндэсний компани гэдгийг хөрөнгө оруулалтын хэмжээнд тулгуурлан маш тодорхой, нарийн ангилдаг. ОТ-н ханган нийлүүлэгчдийн тооноос харахад, үндэсний болон орон нутгийн ААН-үүдийн эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт худалдан авалтын 85 хувийг дотоодын худалдан авалт эзэлсэн байна. Цар тахлын үед, өмнө нь гадаадаас авдаг байсан зарим бараа, үйлчилгээг дотоодоосоо нийлүүлэх боломжийг ханган ажилласан байна. ОТ компанийн худалдан авалтын газраас үндэсний ханган нийлүүлэгчдийн тоо болон хэмжээнээс гадна, дотооддоо үйлдвэрлэж буй нэмүү өртгийг дэмжин ажиллаж байгаа нь бахархалтай санагдсан. Ажлын арьсан бээлий, шүүрэн хавтан зэрэг олон улсын стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг “Made in Mongolia” төслийн хүрээнд дэмжин ажиллаж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна шинээр ажлын байртай болж байна.

Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлж, чадавхижуулж буй сонирхолтой кэйсүүд зөндөө байдаг. Ганцхан жишээ дурдахад, Оюу толгойд ажлын бээлий нийлүүлэх компанийг орон нутгийн компаниудаас сонгон шалгаруулахад, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг ААН байгаагүй. Харин өрхийн, бичил бизнесийн хэмжээнд ажиллаж байгаа хүмүүс санал өгсөн байдаг. Тухайн үед ОТ компаниас сургалт, тоног төхөөрөмжийг нийлүүлэн, тэдгээр өрхийн болон бичил бизнесүүдийг нэгтгэснээрээ олон улсын стандартын дагуу ажлын бээлий нийлүүлэх компанийг бойжуулсан байдаг.

-Та судалгаагаараа ямар дүгнэлтүүдийг гаргаж, танилцуулсан бэ?

– Өмнөговь аймгийн эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн хэмжээ, ажиллагсдын тооны өөрчлөлтөд суурилан дараах дүгнэлтийг хийлээ. Нэгдүгээрт, Өмнөговь аймгийн ДНБ-ийн томоохон хэсгийг уул уурхайгаас гадна, МАА болон бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар бүрдүүлж байгаа хэвээр байгаа боловч эдгээр салбарт ажиллагсдын тоо багасаж, уул уурхайн салбарыг дагасан шинэ салбар болох барилга, тээвэр ба агуулах, зочид буудал, банк санхүү ба даатгал, боловсруулах үйлдвэрлэлийн салбар руу шилжиж байна. Энэ нь орон нутагт хөгжлийн шинэ загвар бий болж, уул уурхайн төслүүд процессыг түргэсгэх боломжийг бүрдүүлж байна гэж дүгнэж болно.

Хоёрт, манай улсын 21 аймгийн хэмжээнд эдийн засгийн төрөлжилтийн судалгаанаас харахад  мега төслүүд хэрэгжиж байгаа Орхон аймагт эдийн засгийн төрөлжилт 7-9 салбарт явагдаж байна. Өөрөөр хэлбэл,  7-9 салбараар дамжиж тухайн аймагт үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ өөр аймаг руу, нийслэл рүү эсвэл экспортод гарах чадвартай байна гэж ойлгож болно. Эдийн засгийн төрөлжилт багасах тусам тухайн аймаг, тухайн газар зүйн байршил дээр үйлдвэрлэгдсэн зүйл нь тэр байршлынхаа ч хэрэгцээг хангаж чадахгүй. Монголын 21 аймгийн хувьд ХАА-н эдийн засгийн нийтлэг төрөлжилттэй гардаг. Бусад баялаг бүтээдэг салбарууд, нэн ялангуяа боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл зөвхөн уул уурхайтай аймгууддаа л хадгалагдаж байна. Энэ судалгааг хийхдээ 2009 оны байдлаар  аймгуудад эдийн засгийн төрөлжилт ямар байсан, 2019 оны байдлаар ямар болсон юм бэ гэдгийг 10 жилийн давтамжтайгаар авч үзсэн. Бид Дархан-Уул аймгийг манай улсын аж үйлдвэрийн томоохон төв гэж ойлгодог. Тэгвэл 2009 онд Дархан-Уул аймаг нийт 9 салбараар эдийн засгийн төрөлжилт үүсгэж чаддаг байжээ. Харин 2019 оны байдлаар эдийн засгийн төрөлжилт огцом буурч, тэг болсон. Дархан-Уул аймгийн ХАА-н гарц нэмэгдсэн ч боловсруулах үйлдвэр бусад салбараараа эдийн засгийн төрөлжилт үүсгэж чадахгүй байдалтай байна. Зөвхөн уул уурхайтай аймгуудад эдийн засгийн төрөлжилт хадгалагдаж, мөн өссөн байна.

Нөгөө талаар, орон нутагт үйлдвэрлэл явуулъя гэхэд ажиллах хүчин дутагдалтай. Мөн нийлүүлэлтийн сүлжээний бүх орцоо Улаанбаатараас татаж авахаар зарим газарт тээврийн зардал хэтэрхий өндөр болдог. Иймээс газар зүйн байршил дээрээ явуулж байгаа уул уурхайтай газар үйлдвэрлэл үйлчилгээ хэвээр хадгалагдаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Уул уурхайн салбар бол манай эдийн засгийн хамгийн том тулгуур багана. Уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөгтэйгөөр гадаад зах зээлд гаргаж чадаж байгаа эсэх нь хамгийн чухал асуудал. Хөдөө орон нутгуудад эдийн засгийн ямар салбаруудыг хөгжүүлж болох вэ гэдгийг олон жил ярьж байна. ХАА-н салбар гэхэд малаас гарч байгаа ашиг шимийг боловсруулах үйлдвэртэй хэрхэн холбох уу, хөдөө орон нутагт боловсруулах үйлдвэрийн нөөц нь байгаа боловч эдийн засаг талаасаа ажиллах хүч, логистикийн зардал хэмнэгдэх нь чухал байна. Түүнчлэн дагалдах үйлдвэрүүд тухайн газар зүйн байршилд ойрхон байх хэрэгтэй.

-Та бүхний судалгаатай ижил төстэй буюу Оюу толгойн өгөөж Өмнөговьд хэрхэн нөлөөлөв гэдэг шиг Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хөгжилд хэрхэн нөлөөлснийг судалбал сонирхолтой үзүүлэлт гарах юм байна. Цаашид мега төслүүд хэрэгжихэд жишиг судалгаа болж чадсан гэж үзэж байна уу?

-Тийм ээ, бүрэн боломжтой юм. Уул уурхайн томоохон төслүүдийн үр ашиг нь бүтээгдэхүүний экспортоос гадна, уул уурхайн салбарын ажиллагсдын ур чадварыг нэмэгдүүлдэг. Мөн хамтран ажиллаж буй ханган нийлүүлэгч үндэсний,  орон нутгийн компаниудын ч чадавхийг дээшлүүлэх боломжтой. Үүгээрээ салбар хоорондын хөгжлийг дэмжиж байдаг юм. Оюу толгой компанийн хувьд үндэсний ханган нийлүүлэгч компаниудтай хамтран ажиллах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд нийт 770 гаруй ханган нийлүүлэгч компанийн 70 гаруй хувь үндэсний компаниуд эзэлж байгаа бөгөөд ОТ компанийн нийт зардлын 76 хувийг үндэсний ханган нийлүүлэгч компаниудад хувааригдаж байна. Shared Value буюу хамтран бүтээх үнэ цэнэ гэх сүүлийн үед олон улсад хэрэглэгдэх шинэ нэр томьёо Оюу толгой компанийн хувьд ханган нийлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж байгаа үйл явцад харагдаж байна. Компани өөрийнхөө сайн сайхны төлөө бусад компаниудаа бойжуулж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж, үр ашиг хүртэж байгаа процессыг хэлж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээгээр үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжин ажиллаж, үйл ажиллагааны аюулгүй байдлын стандартаас эхлээд нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орон нутгийн компаниудыг дэмжиж ажиллаж байна. Компаниуд нь чадавхигүй байгаа ч Оюу толгой өөрөө хүчин чармайлт гаргаж, ханган нийлүүлэгчдээ сургаж хамтын үнэ цэнийг бүтээж чадаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж