Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиров

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиров

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин Конрад-Аденауэрийн сангийн Монголд дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаад эх орондоо буцах гэж буй доктор Томас Шрапел, шинээр томилогдож ирсэн Суурин төлөөлөгч Йоханнес Рай нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тус сан Төрийн байгуулалтын байнгын хороотой үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл ханамжтай байгаагаа доктор Томас Шрапел онцлоод Монгол дахь үйл ажиллагаагаа цаашид ч урьдын адил үргэлжлүүлж, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн шинээр томилогдож ирсэн Суурин төлөөлөгч Йоханнес Рай нь Малайз улс болон Африкийн зарим оронд тус санг төлөөлөн ажиллаж байсан туршлагатай ажилтан гэдгийг онцоллоо.    
“Манай байнгын хороо тус сантай сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажиллаж, орон нутгийн өөрөө удирдах ёны байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн удаа хамтарсан сургалт, семинар зохиосон нь үр дүнтэй болсон. Цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар тохирсон зүйл ч бас бий. Бид хамтын ажиллагаандаа сэтгэл ханамжтай байгаа” гэдгээ байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин дурьдаад хоёр талын хамтын ажиллагааны цаашдын боломж, арга замын талаар шинээр томилогдож ирсэн Суурин төлөөлөгчтэй дахин ярилцах болно гэлээ.
Мөн удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар орон нутгийн төр, иргэдийн хурлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа, түүнчлэн тус байнгын хороо, Конрад-Аденауэрийн сантай хамтран ойрын өдрүүдэд Орхон, Булган аймагт орон нутгийн төр, иргэдийн хурлын байгууллагын удирдах ажилтнуудын сургалт семинар зохион байгуулах гэж байгааг тэрбээр онцлоод цаашид ийм сургалт семинарыг бусад аймаг, төрийн байгууллагад хамтран зохиох санал тавилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж