Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Таны мэдэрсэн хамгийн сайхан аялал тань хаана өнгөрсөн бэ? Уг аялал чинь СААК байж чадсан болов уу. Хэдхэн хором азнаад бодож үзээрэй. Нүдэнд тань байгалийн сайханд өнгөрүүлсэн тэр л гайхалтай аяллын өдрүүд харагдаж өөрийн эрхгүй мишээсэн биз дээ. Бидний дурсамж дүүрэн аялал бүр байгаль эхийн гоо үзэсгэлэн дунд хөглөгдөн өнгөрсөн байдаг. Шиврээ бороо, бүлээн салхи, гүн цэнхэр нуур гээд л энэ бүхнийг танд өгч буй эх дэлхийдээ ээлтэй аялж хариу хайраа мэдрүүлж чаддаг бол та СААК аялагч шүү. Эрхэм уншигч таныг дараах төрлийн аялагч байна гэж найдаж байна.

1.    Байгаль орчинд ээлтэй аялагч

Эх болсон цэнхэр гаригаа хайрлаж, хамгаалах нь хүн төрөлхтөн бидний хамгийн том үүрэг. Алхам тутамдаа байгаль орчинтой зөв зүйтэй харьцаж, хөлний мөрнөөс өөр ул мөргүй аялах нэн чухал юм. Бут сөөг, мод, ногоог сүйтгэлгүй, хээрийн замд аль болох шинэ зам гаргахгүй, зуух тавихдаа газрын хөрсийг гэмтээлгүй өндөр хөлөн дээр байрлуулах арга хэмжээ авч, гал, цогоо, гүйцэд унтрааж түймэр үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

Аяллын явцад гарч байгаа хог хаягдлаа ялган ангилж, лонх, лааз зэргийг тусгай саванд хийж аваад хогны төвлөрсөн цэг дээр хаяж, буудалсан газраа цэвэрлэн, хөрсөн цоггүй үнсээ тэгш газар асгадаг монгол ёс заншлаа баримтлаарай.
Мөн гоожуур бүхий гар нүүрний угаалтуур хэрэглэж угаадсаа хайрга чулуу зэрэг өвс ургамал гэмтээхгүй газар асгаж, булаг болон гол горхи, нууранд хир буртгаа угаахгүй байх нь том соёл юм шүү.  

2.    Өв соёлдоо ээлтэй аялагч

Дэлхийн нүүдэлчдийн өлгий болсон, хосгүй үнэт, арвин түүх соёл монгол оронд маань бий. Хэн болох, хаанаас үүсэлтэй, юу туулсан болохыг батлах түүхийн өв соёл, эртний бичээс, хөшөө дурсгалаа сүйтгэн, үрэгдүүлвээс улс орон мөхөхөд ихээхэн хүчин зүйл болох билээ. Иймд түүх соёл болон байгалийн үнэт үзмэрүүдээ хайрлан хамгаалж, бусдадаа уриалдаг аялагч байгаарай.

3.    Бизнес эрхлэгчдэд ээлтэй аялагч

Үндэсний үйлдвэрлэгчид, дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжих нь улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй маш том хувь нэмэр юм. Зуны гуравхан сард орлого олдог бизнес эрхлэгчдээ ээлтэй хандан аль болох худалдан авалт хийж тэднийг дэмжихийг хичээгээрэй.

4.    Хүнд ээлтэй аялагч

Хамт аялж яваа хүмүүс болон дараа дараагийн аялагчиддаа ээлтэй байж цэвэр, боловсон байхыг эрхэмлээрэй. Таны үлгэрлэсэн соёл цаашаа хэрхэн давлагаалахыг таашгүй. Аялагч бүр дор бүрнээ хариуцлагатай, бусдадаа төвөг удалгүй аялж, аз жаргал, амар тайвныг  түгээгээрэй.

5.    Ан амьтдад ээлтэй аялагч

Хүн, амьтан аль нь ч ялгаагүй дэлхий гэдэг нэг ээжтэй, нэг гэр бүл юм. Аялж байна гээд зөвхөн өөрийн эрх ашгаа бодож тэдний амьдрах орчныг битгий сүйтгээрэй. Мод тайрч, мөчир хугалж, өвс ногоо сүйтгэн, гол бохирдуулах тэр ч бүү хэл тэдний хүнс болох самар, жимсийг хүмүүс бид булаагаад авчихдаг дээрэнгүй зантай. Хорогдох гэргүй, идэх хоолгүй амьтад ихээр үрэгдэж буй зүрх шимшрэм төрх сүүлийн жилүүдэд ихээр үзэгдэх болсон тул ан амьтдад ээлтэй аялагч байхыг мөн бусдадаа уриалахыг аминчлан хүсье.

6.    Өөртөө ээлтэй аялагч

Аялж байна гээд согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх, эсвэл эрсдэлтэй газраар яван хайнга хандах зэрэг өөрийгөө үл хайрласан үйлдлүүдийг бүү гаргаарай. Бусдад ээлтэй байна гээд өөрийгөө мартаж болохгүй шүү.

Энэ хүртэл нийтлэлийг маань уншсан ээлтэй аялагч танд баярлалаа. Ээлтэй аялал энэ зуны тренд.

Эх сурвалж: joinme.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж