УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.07.06/ хуралдаанаар сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжиж, баталсан юм.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тул УИХ-ын гишүүний орон тоо гарсан юм. Иймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон СЕХ-ноос ирүүлсэн саналыг үндэслэн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.
Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэж заасны дагуу 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлох, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар боловсруулсан болно" гэлээ.
Мөн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 2,287,344,090.0 тэрбум төгрөг байх бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтсон болохыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.
Холбоотой мэдээ