"Хөрөнгийн захын хөгжил шинэ шатанд гарах цаг үе ирлээ"

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

"Хөрөнгийн захын хөгжил шинэ шатанд гарах цаг үе ирлээ"

"Хөрөнгийн захын хөгжил шинэ шатанд гарах цаг үе ирлээ"

Дотоодын эдийн засаг, валютын зах зээл, хөрөнгө оруулалтын нөхцөл боломжийн талаар Таван Богд капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа

-Бидний урилгыг хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Цар тахалтай холбоотойгоор олон улсын болон дотоодын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн өдрүүдэд олон улсад делта буюу коронавирусийн мутацид орсон хувилбар өргөн тархаж байна. Үүнээс харахад энэ вирусээс өргөс авсан мэт салахгүй нь тодорхой байгаа юм. Тиймээс багаар бодоход хоёр жил энэ нөхцөл байдалтай дасан зохицож амьдрахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Анх ковид гарсантай харьцуулахад улс орнууд харьцангуй бэлтгэлтэй болсон учраас эдийн засгаа удирдах тал дээр илүү уян хатан, төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж хэлэхээр байгаа. Гэвч манай улс ковидгүй байх үедээ бэлтгэлээ сайн хангаж чадаагүй нь одоо экспорт гацаж, бараа материалын татан авалтад саад учирч байгаагаас тод харагдаж байна. Бид эдийн засгаа тэжээх судастай. Зам-Үүд, Гашуунсухайт. Артер, венийн судсаа хайрлан, хамгаалахгүй бол элгээрээ унаж мэднэ.

-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал Засгийн газар олон улсын зах зээлээс 1 тэрбум ам.долларын санхүүжилт босголоо. Энэхүү үйл ажиллагаа эдийн засагт, тэр тусмаа валютын зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Дэлхий нийтэд ам.долларын өртөг маш бага түвшинд ирж, санхүүжилт босгоход олдоц сайтай байна. Энэ цаг үеийг зөв мэдэрч, санхүүжилтээ босгож байгаа нь маш оновчтой, мэргэжлийн багийнхны хийж буй ажил гэж харсан. Үүнд маш сэтгэл хангалуун байгаа. Бонд босгосонтой холбоотой ирэх жилүүдэд гарах мөнгөн урсгал хойшоо тавигдаж байна. Манай Таван богд капитал ҮЦК-ийн хувьд валютын ханшийн зах зээл дэх ганц эрсдэл нь энэхүү бондын эргэн төлөлт гэж харж байсан. Энэхүү асуудал шийдэгдсэнээрээ валютын зах зээл маш тогтвортой байх суурь нөхцөл бүрэн бүрдлээ. Гэхдээ шокын шинжтэй асуудлууд байна. Жишээ нь валютын орлогын 40 хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортын асуудлыг хурдан шийдэж, хэвийн нөхцөл байдалд оруулахгүй бол сөрөг нөлөөлөл авчирна. Удах юм бол асуудал үүснэ. Богино хугацаандаа валютын нөөц хангалттай байгаа учраас экспортын орлогын тасалдлыг даваад гарч чадахаар байна.

-Төгрөгийн ханш сүүлийн 8-9 сарын хугацаанд тогтвортой байлаа. Ийнхүү тогтвортой байгаа нь ямар хүчин зүйлээс шалтгаалж байгаа вэ. Хил нээгдэж, импорт өссөнөөр төгрөг сулрах эрсдэл ойрын хугацаанд харагдаж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд тогтвортой байсан шалтгаан нь уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой. Хоёрдугаарт экспортын хэмжээ өндөр байж, орлого нэмэгдсэн. Харин одоо уул уурхайн түүхий эдийн үнэ ханш өндөр хэвээр байгаа боловч хангалттай гаргаж чадахгүй болчихлоо. Энэ үетэй давхцан импорт өсвөл ханшийн савлагаа үүсэх магадлал үүсч байна. Иймээс экспортоо хэвийн болгохын тулд яаралтай ажиллах, энэ хооронд төв банк бодлогоо тогтвортой үргэлжлүүлэх асуудал чухал.

-Энэ үед дотоодын хөрөнгө оруулалтын орчинд ямар боломж болон сорилтууд бий болоод байна вэ. Хөрөнгийн зах зээлд оролцохоор сонирхож байгаа хүмүүс ямар мэдээлэлд илүүтэй анхаарлаа хандуулах нь чухал вэ?

-Хөрөнгийн зах маш олон талаараа хөгжлийнхөө шинэ шат руу гарах түүхэн цаг хугацаандаа ирчихсэн байна. Үүнд хоёр зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, хадгаламжийн хүү түүхэн доод хэмжээндээ ирчихлээ. Энэ жилээс өндөр хүүтэй хадгаламжуудын хугацаа их хэмжээгээр дуусаж, сунгагдвал бага хүүтэй байх нөхцөл байдал руу орж байна. Мөн хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй байх, ам.долларын ханш тогтвортой байгаа зэрэг нөхцөл байдал нь хөрөнгийн зах зээл рүү мөнгө урсах суурь боллоо. Монголын эдийн засгийн түүхэнд үүн шиг хөрөнгийн зах зээл рүү мөнгө урсах таатай нөхцөл бий болж байгаагүй. Хоёрдугаарт хөрөнгийн захын хөгжлийг шинэ шатанд гаргах үйл явдал бол банкны IPO. Банкны реформ хийгдэж, банкууд нээлттэй компаниуд болсноор хөрөнгийн зах зээл 2-3 дахин томорч, арилжааны үр дүн 4-5 дахин өсөх тооцоо гарсан. Системийн 5 том банк гэдэг утгаараа чанарын хувьд хөрөнгийн зах зээлд сайн бүтээгдэхүүн гарах хууль батлагдаад байна. Үүнд иргэд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж болон өөрсдөө оролцох боломжтой. Монголын хөрөнгийн захын түүхэнд салбартаа тэргүүлдэг компаниуд ингэж олноороо хувьцаагаа олон нийтэд арилжаалж байсан түүх байхгүй. Энэ бол зах зээлийг томруулж, хөрөнгө оруулагчдад өргөн боломж нээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж