ОБЕГ: Амралтын өдрүүдэд иргэд усанд осолдох тохиолдол их гардаг

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Амралтын өдрүүдэд иргэд усанд осолдох тохиолдол их гардаг

🔴 ШУУД | Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, July 6, 2021

Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагатай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг өнжихөөр болсон. Гэвч ес хоног үргэлжлэх баяр наадмын амралтаар гол усны аюулаас болгоомжлохыг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүллээ.

Сүүлийн дөрвөн жилийн наадмаар 47 хүн усны ослоор амь насаа алдсан байна. Нас барсан иргэдийн дийлэнх нь эрчүүд байжээ. Тэгвэл он гарснаас хойш 37 хүн үерт амиа алдсаны дотор 1-5 насны найман хүүхэд нас баржээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, усны ослоор эндсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь орон нутагт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж амь насаа алджээ. Сүүлийн 10 жилд усны осолд 230 хүүхэд эндсэн болохыг Онцгой байдлын газраас мэдээлэв.

ОБЕГ-ын мэдээлснээр сүүлийн 10 жилд 2091 хүн гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алджээ.  Тэдний 57.3 хувь нь буюу 1122 хүн үер усны осолд өртжээ. Тодруулбал үерийн улмаас 52, усны ослоор 1070 хүн нас барсан байна. Түүнчлэн усны ослын 77 хувийг аялал зугаалгаар амарч явахдаа амь насаа алдсан тохиолдол эзэлж байна.

ХУЛГАЙН ЗАМААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ:

-Аялал амралтын саруудад иргэд усанд осолдох тохиолдол их гардаг. Гол нуурын эргээр амарч байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хяналтаа алдаагүй байсан ч гол руу орж, эрстэх нь маш их байна. Мөн хүүхдийг хараа хяналтгүй усанд тоглуулж, стандартын бус хийлдэг завь, хөвдөг хэрэгсэлтэй орхисноос болж эрстэж байна. Өсвөр насны хүүхдүүд хэсэг бүлгээрээ эцэг эхдээ хэлэлгүй голд эрстэж байна. Нэг нь усанд хөл алдахад ар араасаа олноороо гол руу ордог. Бие биеийнхээ араас орж амь алдах нь их байгаа юм. Гэтэл иргэдийн дунд усны осолд өртсөн нэгийгээ аврах мэдлэг боловсролтой нь тун цөөхөн. Сүүлийн үед тээврийн хэрэгсэлтэй голоор гатлах гэж байхдаа зам товчлох, машин техникийн хүчин чадалд эрдэж усанд хөвж, живж, хөмрөх байдлаар нэг дор олуулаа амиа алдаж байна. Завиар гол гатлах гэж байгаад олс нь тасарч амиа алдсан тохиолдол ч гарсан.

Иймд баталгаат хэрэгсэлгүй л бол баталгаат гүүрээр зорчих хэрэгтэй. Мөн нуурын эргээр найдваргүй хэрэгслээр хөвж байхад салхины чиглэл өөрчлөгдсөнөөр хөлгүй нуур луу ордог, найдваргүй хэрэгслийн хий нь гардаг. Ийм тохиолдолд аврагдах боломж маш бага, амь насаа алдах өндөр эрсдэлтэй. Дээр нь малчдын дунд  морьтойгоо гол гаталдаг, мориноосоо буухгүй усалдаг, малтайгаа гол гатлахдаа эрстэх тохиолдол маш их байна. Цөөн тохиолдолд усан спортын мастер гэж эрдэж амь насаа алддаг. Гэтэл усанд ам гарч болдоггүй гэж  хуучны үг учиртай. Иргэд болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болж амь насаа алдаж байна.

Холбоотой мэдээ

18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоожээ

18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоожээ

Нөгөөтэйгүүр, цар тахлын үед ажиллаж, амьдарч байгаа учраас тухайн зорчих гэж буй аймаг, сумдыг судалж, урьдчилан зөвшөөрлөө авах хэрэгтэй. Тухайлбал, аймаг сумдаар дамжин өнгөрч болно. Харин хулгайн замаар зорчиж болохгүй. Засгийн газар, Улсын онцгой комисс хот хоорондын замыг хязгаарлаагүй. Гэхдээ хязгаарлалт тогтоосон аймгуудын асуудлыг харгалзаж үзэх хэрэгтэй. Замын айлуудтай хавьтал болохгүй аялж зугаалах нь чөлөөтэй байгааг хэлье. Иргэд агаар салхинд гарахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах ёстой. Тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгслийг өөрт хэрэгтэй зүйлсийг багтаах хэрэгтэй. Татлага олс, ослын тэмдэг, галын хор бусад хэрэг болох зүйлээ сайтар базаагаарай.

ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ОРХИСОН ЭЦЭГ ЭХЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга:

-Усанд осолдсон хүүхдүүдийн шалтгаан нөхцөлийг судлахад эцэг эхийн хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас болж байна. Ийм эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. Иргэдийн хувьд сэрэмжлүүлэг, мэдээлэл гэж үл тоодог. Гэтэл "Хэрэв миний хүүхэд усанд эндчихвэл яах вэ" гэж өөр дээрээ бодох  нь чухал байна. Асуудалд ач холбогдол өгөх хэрэгтэй. Хүүхдэдээ хараа хяналт тавиагүй бол эцэг эхэд хуулийн хариуцлага тооцдог. Үүнийг ч иргэд анхаарах ёстой.

АЯЛЛЫН БҮС НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС АХИУ ХУР ТУНАДАС ОРНО

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын инженер С.Саранцацралт:

Ус цаг уурын урьдчилсан мэдээллээр, долоо, наймдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна. Мөн энэ сарын эхний 10 хоногийн мэдээгээр Ерөө, Онон, Орхон, Онги гол үерийн түвшинг 5-15см давж эргээ хальсан, урд Тамир, Хойд Тамир, Хөгшин Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Халх гол, Хэрлэг голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна. Тиймээс

  • Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж