Уул уурхайн төрийн өмчит компаниуд цар тахлын үед хамгийн их ачаа үүрч байна

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

Уул уурхайн төрийн өмчит компаниуд цар тахлын үед хамгийн их ачаа үүрч байна

Уул уурхайн төрийн өмчит компаниуд цар тахлын үед хамгийн их ачаа үүрч байна

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад, тэр тусмаа улсын төсөвт ирж буй ачааллыг бууруулахад Эрдэнэт, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй төрийн өмчит компаниуд 2020 онд голлох үүрэг хүлээжээ. Энэ онд ч мөн адил эдгээр компани бүсээ чангалж, төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө махийж таарах нь. Тэд төсвийн алдагдал болон өр зээлийн дарамтаас гарахад, цар тахлаас үүдэлтэй нийгмийн зардлыг санхүүжүүлэх ачааны хүндийг үүрч байна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр иргэн, аж ахуйн нэгж болгоны цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг бүрэн хариуцсан.

Тэгвэл “Эрдэнэс Монгол” компани иргэн болгонд энэ хавар 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлж, тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг нэг удаа төлж, зээлгүй ахмадуудад сая төгрөгийн тусламж үзүүлсэн. 300 мянган төгрөгийн гарал үүсэл нь “Оюутолгой” компани юм билээ. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс “Эрдэнэс Монгол” эзэмшдэг.

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараасан. Үүнийг эхлэл төдий гэж хэлж болохоор. Учир нь, баялгийн эзэн болох санаачилга энэ засгийн үед илүү биеллээ олж, Ерөнхийлөгчийн зүгээс ч тодорхой дэмжлэг үзүүлэхээр байгаа. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд 14 жилийн түүхтэй. 2007 онд тус компани Засгийн газрын 266 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан. Стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулахаар компанийн түүхэн хөгжил нь эхэлсэн. Тэгвэл өнөөдөр төрийн өмчит компани алдагдалтай бус ашигтай ажиллаж, зөв менежментийн үр дүнд хэрхэн тэлж, цар хүрээ нь өргөж байгааг бодитоор үлгэрлэж явна. Үүний жишээ бол “Эрдэнэс силвер ресурс”. Мөн л тус компанийн охин компанийн нэг нь.

Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн үр ашигтайгаар удирдан чиглүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн баталгаа болсон валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож байна. Дараагийнх нь “Эрдэнэс Алт ресурс”. Хөрөнгө оруулалт татах, шинэ орд илрүүлэх геологийн хайгуулын судалгааны ажил нь хэдийнэ эхэлжээ. Тодруулбал, Баянхонгор аймагт хоёр ч талбайд эрлийн ажил эхэлсэн байна.

Стратегийн орд газруудын үндэсний нэгдэл болох “Эрдэнэс Монгол”-ын хувьд өргөжиж, үйл ажиллагаагаа төрөлжүүлж, эрдэс баялагтаа суурилсан гадаадын томоохон группын түвшинд хүрэхээр зорьж буй. Манай хойд, урд хөрш мөн адил ийм амбиц өвөртөлж, төрийн өмчит компаниудаа бойжуулж, бодлогоор дэмжиж байна. Холын Америк, бидэнтэй ижил уул уурхайн бизнес эрхлэх Канад, Австрали ялгаагүй л өөрсдийн баялагтаа эзэн суух, эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэхээр зорьж байна. Монгол тэдний нэгэн адил.

“Эрдэнэс Монгол” компанийн хувьд сүүлийн хоёр жил дараалан эдийн засгийн чадавхаа сайжруулж, зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлжээ.  Өөрөөр хэлбэл, компанийн засаглалд тодорхой ахиц дэвшил гарсан байна. Компанийн ашигт ажиллагаа ч нэмэгджээ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд “Эрдэнэс Монгол”-ын үүрэг оролцоо өндөр бөгөөд уул уурхайгаас гадна эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг тус нэгдэл хөдөлгөж, олон тулгуурт эдийн засгийн бааз суурийг бий болгохоор ажиллаж байгаа юм.

Ашиглалт олборлолтоос боловсруулах үйлдвэрлэлд үйл ажиллагаагаа амжилттай шилжүүлж буй “Эрдэнэс Монгол”-ын хувьд төрийн өмчит компанийн засаглалыг шинэ бөгөөд шилэн, нээлттэй, ил тод болгосон. Үүгээрээ уламжлалт ойлголтыг эвдэж, уул уурхайг зөвөөр олон нийтэд таниулах ажлыг үйлдлээрээ харуулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Үндэсний эдийн засгийн томоохон тоглогч “Эрдэнэс Монгол” Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран ажиллаж, засаглалын үр ашгийг дээшлүүлэх, компанийн чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд оны өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард санамж бичиг байгуулж байлаа. Тэгвэл Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс 2021 оны Байгалийн баялгийн засаглалын индексийг өнгөрсөн долоо хоногт танилцуулж, уул уурхайн салбар “хангалттай” үнэлгээгээ хадгалсан хэмээн онцлов. Гэхдээ нэг тааруу мэдээ дуулгасан нь төрийн өмчит компаниудад хаягласан байлаа. Төрийн өмчит компанийн засаглал зөвхөн Монголд бус бусад улс орнуудад ч тулгамдсан сэдэв хэвээр байна. Үүнд Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет гээд нэрлэж болохоор. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах нь ихээхэн ярвигтай бөгөөд нэг удаа өргөс авах мэт хийх төдий ажил биш билээ.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж