Сүүлийн үед залуучууд валют, хувьцаа арилжаалж, криптовалют худалдан авч хөрөнгөө эргэлдүүлж, их ашиг олохыг эрэлхийлэх болжээ. Тэгвэл үүнтэй яг ижил аргачлалаар Германы хөлбөмбөгийн Боруссиа Дортмунд баг ирээдүйтэй, авьяаслаг залуу хөлбөмбөгчдийг бага үнээр аваад эргүүлэн өндөр үнээр бусад багуудад зарж, үлэмж ашиг олж байна.
Ойрын жишээ л гэхэд Боруссиа Дортмунд 2017 онд Английн Манчестер Ситигээс Жэйдон Санчог найман сая фунтээр худалдан авч байв. Харин хэдхэн өдрийн өмнө Санчог Манчестер Юнайтед багт 73 сая фунтээр зарлаа. Ашиг нь 65 сая фунт.
Монголчуудын хэлдгээр моринд нүдтэй гэдэг шиг Боруссиа Дортмундад ирээдүйтэй залуу тоглогчдыг эрт илрүүлэх, таних чадвартай чадварлаг скаутууд олон бий. Тэдний нэг нь Свен Мислинтат. 11 жилийг Дортмундад өнгөрүүлсэн “Очир алмазан нүдэт” хочит тэрбээр олон гайхалтай залууг олж илрүүлсэн. Жишээлбэл, Польшоос Роберт Левандовскиг, Францаас Пьер-Эмерик Обамеянг, Усман Дембеле хоёрыг, Японоос Шинжи Кагаваг, Германаас Матс Хуммельсийг тус тус авчирч байв. Одоо эдгээр тоглогчид бүгд тив дэлхийд танигдсан одод.
2006 онд Боруссиа Дортмунд багийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, дэлхийн хэмжээний од тоглогчийг худалдан авч чадахгүй болсон учир залуу тоглогчдын эрэлд гарахаас өөр сонголтгүй болжээ. Энэ үед тус багт аналист хийж байсан Свен Мислинтат багийн скаутын албан тушаалд томилогдож, дэлхийгээр хэрэн хэсч тоглогчид олж ирэх үүрэг хүлээв.
Түүний олж авчирсан тоглогчдын үнийн мэдээлэл
Нэр | Худалдан авсан үнэ | Зарсан үнэ | Ашиг |
Пьер-Эмерик Обамеянг | 11.7 сая фунт | 57.4 сая фунт | 45.7 сая фунт |
Усман Дембеле | 13.5 сая фунт | 112.5 сая фунт | 99 сая фунт |
Шинжи Кагава | 350 мянган евро | 16 сая евро | 15.6 сая евро |
Матс Хюммелс | 27.5 сая фунт | 31.5 сая фунт | 4 сая фунт |
Роберт Левандовскиг Байерн Мюнхенд үнэгүй алдсаныг эс тооцвол Свен Мислинтатын авчирсан тоглогчид бүгд өндөр үнэд хүрч, багтаа ашиг оруулсан гэдэг нь харагдаж байна. Хэрэв тухайн үед Левандовскиг зарж чадсан бол зах зээлийн ханш нь 50 сая евро байлаа.
Скаутуудаас гадна Боруссиа Дортмундын залуучуудын багийн дасгалжуулагчид үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Тэд скаутуудынхаа олж ирсэн залуу тамирчдыг дэлхийн хэмжээний од болоход нь тусалж, арчилж торддог. Энэ талаар тус багийн залуучуудын багийн ахлах зохицуулагч Ларс Рикен “Бидний хийж, бүтээж буй зүйлс санаандгүй байдлаар эсвэл тохиолдлоор болоогүй. Бид супер оддыг худалдан авах бус бий болгох зорилго стратегитай. Усман Дембеле, Пьер-Эмерик Обамеянг хоёр анх манай багт ирэхдээ супер одод байгаагүй. Бид тэднийг супер од болтол нь хөгжүүлсэн юм. Энэ л манай багт чухал. Манай цэнгэлдэхийн уур амьсгал ч үүнийг нэг шалтгаан нь. Тамирчид, фэнүүд бие биенээ мэдрэх боломжтой. Фэнүүд маань ч үүнийг бэлэг гэж хардаг. Сүүлд л гэхэд хэдэн сайн залуу тоглогчид эгнээндээ элсүүлсэн. Холанд одоо 19 настай, Жо 17 настай. Тэднийг манай багт байгаад баярлаж байна” хэмээн ярьжээ.
Боруссиа Дортмунд үргэлж хурдтай тоглогчдыг багтаа элсүүлэхийг илүүд үздэг гэнэ. Энэ талаар Ларс Рикен “Техник, ур чадвар мэдээж чухал. Мөн хурдан шаламгай байдал, хурд хэрэгтэй. Манай үндсэн багийн тоглогчид бүгд хурдан. Хэдэн сарын өмнө бид хилийн чинадаас 17 настай нэг хүүг багтаа урьж бэлтгэл хийсэн юм. Харамсалтай нь, тэр хангалттай хурдан байж чадаагүй учир түүнийг нутаг буцаасан. Үүнээс гадна сэтгэл зүй чухал. Залуу тамирчид ачаалалтай байдаг. Тэд хичээлдээ явна, бэлтгэлээ хийнэ, шигшээ багтаа тоглоно. Долоо хоногт л 70-80 цаг завгүй гүйнэ шүү. Тэд ийм л багаасаа ачаалал даах чадвартай болж, сэтгэл зүйгээ сайтар бэлдэх хэрэгтэй. Бид ерөнхийдөө өөрсдийн хүүхдийн академиасаа болон ойролцоох хотуудаас залуу тамирчдыг дээш нь гаргах зорилготой байгаа. Мэдээж хилийн чинадад авьяаслаг залуу хүү байвал эрсдлийг нь үүрч, багтаа авчирна. Гэхдээ бид ихэвчлэн Америк, Англи эсвэл Испаниас 17, 19 настай залуу тоглогчид авчрахгүй байхыг илүүд үздэг” гэв.
Мөн тус баг залуу тамирчдынхаа нийгмийн асуудалд анхаарч сургууль болон ар гэрт нь асуудал гарвал зохицуулахыг хичээдэг аж. Бүр бэлтгэлийн бааз дээрээ хүртэл нийгмийн ажилтантай гэнэ.
Боруссиа Дортмундын фэнүүд “шар ханаараа” алдартай. Тус багийн зүгээс 2005 оноос хойш тамирчдаа 12 дугаартай тоглохыг хориглосон бөгөөд Боруссиа Дортмундын фэнүүд талбай дээрх 12 дахь тоглогч гэдэг утгаараа фэнүүдийнхээ дугаар болгосон аж.
Одоогийн байдлаар Боруссиа Дортмундын зараад буй хамгийн үнэтэй тамирчид.
Нэр | Худалдан авсан үнэ | Зарсан үнэ | Ашиг |
Усман Дембеле | 13.5 сая фунт | 112.5 сая фунт | 99 сая фунт |
Жэйдон Санчо | 8 сая фунт | 73 сая фунт | 65 сая фунт |
Кристиан Пулисич | үнэгүй | 57.6 сая фунт | 57.6 сая фунт |
П.Обамеянг | 11.7 сая фунт | 57.4 сая фунт | 45.7 сая фунт |
Генрих Мхитарян | 24.8 сая фунт | 37.8 сая фунт | 13 сая фунт |
Марио Готзе | 19.8 сая фунт | 33.3 сая фунт | 13.5 сая фунт |
Матс Хуммельс | 27.5 сая фунт | 31.5 сая фунт | 4 сая фунт |
Абду Диалло | 25.2 сая фунт | 28.8 сая фунт | 3.6 сая фунт |
Илкай Гюндоган | 5 сая фунт | 24.3 сая фунт | 19.3 сая фунт |
Пако Алькасер | 18.9 сая фунт | 20.7 сая фунт | 1.8 сая фунт |
Юлиан Вайгль | 2.3 сая фунт | 18 сая фунт | 15.7 сая фунт |
Нийт | 156.7 сая фунт | 494.9 сая фунт | 338.2 сая фунт |
Наймаанд алдаж, онох үе бий. Ийм үе Боруссиа Дортмундад ч гарч байсан. Тодруулбал, Евро-2020 тэмцээнээр од болоод буй Шведийн Александр Исак гэх 21 настай хүүг Дортмунд ердөө 15 сая еврогоор зарж байв. Гэтэл одоо түүний зах зээлийн үнэ 40 сая евро болжээ. Мөн Италийн шигшээ багийн довтлогч Чиро Иммобилег 11 сая еврогоор зарсан. Харин одоо түүний үнэлгээ 38 сая евро.
Боруссиа Дортмундын нөөц дундрах болоогүй. Тэдэнд 130 сая еврогийн үнэлгээтэй, 20 настай Эрлин Холанд, 55 сая еврогийн үнэлгээтэй, 18 настай Жуд Беллингем, 38 сая еврогийн үнэлгээтэй, 18 настай Жованни Рейна, 18 сая еврогийн үнэлгээтэй, 16 настай Юссуфа Мукоко тэргүүтэй дараагийн үе нь бэлэн байна.
Нэр | Худалдан авсан үнэ | Одоогийн үнэ | Ашиг |
Эрлин Холанд | 20 сая евро | 130 сая евро | 110 сая евро |
Жуд Беллингем | 23 сая евро | 55 сая евро | 32 сая евро |
Жованни Рейна | үнэгүй | 38 сая евро | 38 сая евро |
Юссуфа Мукоко | үнэгүй | 18 сая евро | 18 сая евро |
Зөв хөрөнгө оруулалт хийж, од болох чадавхтай тамирчдыг эрт илрүүлж чадсан нь Боруссиа Дортмундын амжилтын нууц. Цар тахлын үеэр дэлхийн томоохон хөлбөмбөгийн багууд алдагдал хүлээж, өр нь нэмэгдэж, тамирчдаасаа цалингаа хасахыг хүсч байхад Дортмунд ердөө 43.9 сая еврогийн алдагдлыг өнгөрсөн жил хүлээжээ. Энэ нь багийн ерөнхийлөгч Ханс-Йохим Ватзкег уурлуулсан бөгөөд учир нь тус баг 2011-2019 онуудын хооронд үргэлж ашигтай ажиллаж байжээ.
Та бүхний сайн мэдэх Барселонагийн өр 273 сая евро, Интер Миланы өр 277 сая евро, Ювентусын өр 335 сая евро, Манчестер Юнайтедын өр 450 сая евро, Тоттенхэм Хотспурын өр 589 сая евро.