Шатахууны үнэ нэг л шөнийн дотор ямар ч хэл чимээгүй нэмэгдэж талх, сүүгээ хүчрэхгүй иргэд хоногийн хоолоо танахад хүрчээ. Хэдийгээр баяр тэмдэглэхгүй гэж Засгийн газраас мэдэгдсэн ч наадамчин олны хөл, шатахууны үнийн өсөлт томоохон зах худалдааны төвөөс эхлээд захын гэр хорооллын жижигхэн мухлагт ч үнийн хөөрөгдлийг бий болгосон байна.
Хүнсний захуудаар очиж үйлчлүүлэх боломжгүй захын хорооллын иргэд “Их юм авах биш энэ хавиасаа цуглуулсан нь амар. Дараа нь зээлээр авахад ч байнга үйлчлүүлдэг гээд таниад хүүхдийн мөнгө буух хүртэл харж үздэг” гэцгээнэ. Хотхон, хорооллын дэлгүүрийн үнэ адилхан ч хэрэглээ тэс өөр болохыг худалдагчид хэлж байв. Тухайлбал, Дарь-Эхийн уулзвараар хойш өгсөөд хүмүүсийн хөдөлгөөн ихтэй гудамжаар оров. Нэг гудамжинд ойролцоо гурван дэлгүүр байх бөгөөд хаалга бүрийнх нь үүдэнд хавь ойрын хүмүүсээс хандив өгөхийг шаардсан хүмүүсийн хэлдгээр "бөбөчид" сууцгаана. Аагим халуунд нимгэн хувцасласан, амны хаалтгүй тэдгээр хүмүүст архины үнэр нэвт шингэжээ. Тэдэнд хоногийн хоолноос илүү хоёр хундага архи олоод уух нь чухал. Харин бусад хүмүүст өнөөдрийн авсан цалингаа дараагийн сар хүртэл хэрхэн зарцуулах вэ гэдэг нь толгой гашилгана.
"Өрийн дэвтэр зузаарч, талх, боорцог 500 төгрөгөөр нэмэгджээ"
Шатахууны үнэ нэг л шөнийн дотор нэмэгдэж талх, сүүгээ хүчрэхгүй иргэд хоногийн хоолоо танахад хүрчээ. https://news.mn/r/2450818/
Posted by News.mn on Tuesday, July 6, 2021
ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ 1400 ТӨГРӨГ БАЙСАН ТАЛХ ӨНӨӨДӨР 1700 ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Хүнсний дэлгүүрт орж ирсэн 40 орчим насны хоёр эмэгтэй ярилцаж байгааг сонсов.
-Хоёулаа нөгөө хэдэд юу авах вэ. Нүд нь бүлтэлзээд хүлээж байгаа олон ширхэгтэй боорцог авах уу?
-Харин тийм ээ. Пээ, энэ талх 1700 төгрөг болчихсон байна. Хэд хоногийн өмнө 1400 төгрөг гэж байсан шүү дээ. Тэр гэрийн боорцог хүртэл 3200 байсан чинь 4100 төгрөг болчихсон байх юм. Дэлгүүрээс наймаа хийж ч чадах аа болих нь ээ гэв. Худалдагч хариуд нь талх, боорцогны үнэ нэмэгдээд хоёр хонолоо. Урдаас ирдэг түүхий эд нь тасалдсан, гурилын үнэ нь өссөн гээд үйлдвэрүүд үнээ гэнэт л нэмсэн. Бид бол хардаг ашгаа л харж байгаа. Түүнээс дампуурах гээд илүү 100 төгрөг нэмсэн зүйл огт биш. Харин ч манайх үйлдвэрээс нь авдаг. Захаас бараагаа авдаг бусад дэлгүүрт илүү үнэтэй зарагдаж байгаа гэв.
Шатахууны үнэ нэмэгдэхэд хүнсний үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүний татан авалтад саад учирсан, ачаа тээврийн зардал нэмэгдсэн гэх шалтгааныг андахгүй. Цаг хугацаа нь таарсан уу, баяр наадмыг далимдуулж ашиг хонжоо харсан уу ямартай ч энэ удаагийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 50-100 төгрөгийн нэмэгдлээр хэмжигдсэнгүй.
Тухайлбал, Өгөөжийн боорцог 500-600 төгрөгөөр захуудад нэмэгдэлтэй үнээр ирж, захаас татан авалт хийдэг дэлгүүрүүдэд ойролцоогоор 1000 төгрөг нэмэгдсэн ханшаар зарагдах болжээ. Энэ талаар тус компани “Боорцог, талханд шаардлагатай орц, найрлагын үнэ нэмэгдсэн. Мөн Covid-19 гээд ачаа тээврийн хөлс өмнөх үеэс хэд дахин нэмэгдсэн учир нэмэгдэл зардлуудыг шингээж бүх төрлийн гурилан бүтээгдэхүүний үнийг 50-500 төгрөгөөр нэмсэн” гэдэг тайлбар өглөө.
Мөн бусад үйлдвэрийн боорцог, талх ч 200-400 төгрөгөөр нэмэгдсэн байна. Зөвхөн гурилан бүтээгдэхүүн гэлтгүй гурил, будаа, элсэн чихэр, гоймон гээд өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос килограмм тутамдаа 300-500 төгрөг нэмэгджээ.
Бөхийн өргөө, зүүн дөрвөн зам, натур гээд төвийнхний зорин очиж үйлчлүүлдэг Баянзүрх захад наадмыг угтсан олны хөдөлгөөн тасрахгүй харагдлаа. Худалдагчдын зүгээс өнгөрсөн долоо хоногоос хүнсний бараа бүтээгдэхүүнүүд 50-200 төгрөг нэмэгдсэн. Жил бүр наадам дөхөж ирэхээр барааны үнэ өсдөг. Худалдан авагчдын тоо ч харьцангуй нэмэгдэж байна.
Цар тахал гээд тор тороор хүнс авдаг хүн байхгүй болсон. Харин бензин нэмэх мэдээлэл гараад талх, нарийн боовны үнэ 400-600 төгрөгөөр өссөн.
Тэр дундаа үйлдвэрийн боорцог, талхны үнэ гэнэт нэмэгдсэн. Одоо ч тэгээд нэг уут боорцог, цайны сүүнээс өөр амттан авдаг хүн өдрийн од шиг болж дээ хэмээн ярих хүнсний худалдагчийн яриаг хажуунаас нь дэмжих хүн олон байлаа.
"ХҮНСЭЭ ЦУГЛУУЛЖ БАЙГАА ИРГЭДЭД ХҮНД ДАРАМТ БОЛЖ БАЙНА"
ИРГЭН Д.БАЯРАА:
-Шатахууны үнэ нэмнэ гэхээр бүх газрууд үнээ нэмчихдэг. Барааны татан авалт хийгээгүй байсан ч худалдагчид нь үнээ нэмчихнэ. Үүнийг нь хянадаг, хэлдэг, болиулах газар монголд байдаггүй. Ард иргэдэд маш хүндрэлтэй байна шүү дээ. Сард 370 мянган төгрөгийн тэтгэвэр авна. Түүгээрээ хоол хүнсээ авчих гээд л хичээх юм. Даанч барааны үнэ долоо хоногоор биш 3, 3 хоногоор л өсөөд байна. Дэмий л худалдагчдыг загнахаас өөр гавьсан зүйлгүй. Ард иргэд бол үнэндээ сөхөрч байна. Хүнсээ цуглуулж байгаа бидэнд маш том дарамт үзүүлж байна гэж харж байгаа.
ИРГЭН Ө.БАТБАЯР:
-Төр засгаас иргэдийнхээ аж амьдралыг сайжруулна, орлогыг нэмэгдүүлнэ, зах зээлийн шударга өрсөлдөөнтэй болно гэж худал амлалт өгдөг. Гэхдээ саяны жишээ л тийм зүйл байдаггүй, үлгэр гэдгийг нотоллоо. Бензиний үнэ 300 төгрөг өслөө гэдэг шийдвэр шөнө гараад л маргааш өглөөнөөс бүх дэлгүүрийн барааны үнэ өссөн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь хянаж чаддаггүй. ТҮЦ жижиг цайны газруудаар явж хяналт шалгалт хийснээс зах, худалдааны төв хүнсний дэлгүүрээр явж шалгалтаа зохион байгуулахыг хүсч байна. Иргэдийн эрх ашгийг чухал гэдэг хэрнээ өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөхөд тайлбар ч хийхгүй байна гэдэг нь буруу гэж бодож байна.
"ҮНЭ ЦААНААСАА Л НЭМЭГДСЭН ГЭДЭГ ГАНЦХАН ТАЙЛБАРТАЙ СУУДАГ"
ХУДАЛДАГЧ Б.ЦЭЦЭГМАА:
-Манайх захын гэр хороололд байрладаг учраас цөөн хүн үйлчлүүлдэг. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн өрийн дэвтэр гэж урт жагсаалттай дэвтэр бий. Худалдан авагчдынхаа өдөрт үйлчлүүлэх тоог мэддэг учраас түүндээ тохируулаад л өдөр бүрд нь татан авалтаа Нарантуул захаас хийчихдэг. Үнэ өссөн ч иргэд үглэж байгаад л авч байгаа. Гэхдээ барааны үнийг би зохиомлоор нэмээгүй болохоор тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна. Бараа авч байгаа газраасаа асуухаар цаанаасаа л нэмсэн гэдэг тайлбар өгдөг. Тэгээд нийтээрээ нэмчихсэн болохоор тоодоггүй. Зун болсон чинь хүмүүс амраад орж ирэх хүнгүй болсон. Үүдэнд чихэр горьдох хүүхдүүд шиг л дэлгүүрээр орж, гарах хүмүүсийг ажиглаж 500 төгрөг өгчих, заа яахав ядаж 300 төгрөг өгчих гээд хэдэн хүн л байнга суудаг. Бүр дасал болчихсон.
Худалдагчдын хэлж буйгаар ундаа, талх, нарийн боов, будаа, гоймон, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүний үнэ шатахууны үнэтэй уралдаж нэмэгдсэн гэдгийг онцолж байв.
ШӨХТГ ОДОО Л ХЯНАЛТАА ТАВЬЖ, ШАЛГАЛТАА ХИЙГЭЭЧ!
Шатахууны үнэ нэмэх сургаар л барааны үнээ нэмдэг нь наймаачдын гэм биш зан. Гэхдээ зөвхөн худалдаачдыг ч буруутгах аргагүй. Үйлдвэрлэгчээс эхлээд үнийн хөөрөгдөлд хариуцлага тооцох газар Монгол Улсад дутмаг байдгийн илрэл. Бензин 300 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ түүнийг нугалж нэмэгддэг жишиг тогтоод удаж буйг иргэд хэлж байна.
Монголд үнийг хянадаг цорын ганц байгууллага байдаг. Тэр нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар. Гэвч энэ байгууллагыг иргэдийн эрх ашгийн төлөө үнийн өсөлттэй холбоотойгоор дорвитой дуугарч байсныг мэдэх хүн ховор.
Covid-19 халдварын тархалт нэмэгдэж, халдвараар өвчлөх, хүндрэх хүмүүсийн амь өдөр ирэх бүрт үнэгүй болж байгааг иргэд илэрхийлж байна. Цалин хөлсөө бодсон ч, цаашдын аж амьдралаа харсан ч талх, боорцогны үнийг гэнэт 500 төгрөгөөр нэмнэ гэдэг нь анхаарал хандуулах асуудал. Иймд хэрэглэгчийн төлөө ажилладаг ганц байгууллага нь хүндээ хүрсэн шийдвэр гаргаж, үнийн хөөрөгдөлд яаралтай хяналт шалгалт хийхийг иргэд шаардаж байна.
Холбоотой мэдээ