Өнгөрсөн өвөл нийтийн тээвэрт болсон нэгэн хэрүүл олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Дал эргэм насны тэтгэврийн өвгөн ба 30 орчим насны бүсгүй хоёрын хэрүүлд хэн нь "ялагч" болж чадаагүй. Яагаад гэвэл аль алиных нь буруу. Бас аль алиных нь зөв байлаа. Залуучууд бүсгүйг өмөөрч, харин ахмадууд түүнийг буруутгав. Энэ бол манай Монголын нийгмийн нэг үзэгдэл.
"Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна". Ийм нэг зүйр үг бий. Энгийнчилбэл, өмнөх үеэ хүндлэхгүй бол эргээд чамайг залуу үе чинь ойшоохгүй гэсэн утгатай. Сүүлийн үед залуучууд өмнөх үеэ эрс үгүйсгэх, "хөгшчүүл зайгаа тавиад өг" гэх хандлага гаргах нь бий. Мэдээж, бүх залуучууд тийм биш. Гэхдээ улс төрд ийм хандлага ихэвчлэн ажиглагддаг. Залуучуудад эрч хүч, хүсэл эрмэлзлэл, шинэ мөрөөдөл бий. Харин ахмадуудад туршлага, чадвар бий. Хоёуланг нь хослуулж байж л нийгэм урагшаа хөгжинө. Товчхондоо, өчигдөргүй өнөөдөр байхгүй, өнөөдрөөс маргааш эхэлдэг гэсэн үг. Гэхдээ ахмадуудаа эсвэл залуусыг буруутгах гэсэнгүй. Тэднийг холбох гүүр бол Залуучуудын холбоо. Учир нь, залуучуудын холбоо бол зөвхөн залуучуудад үйлчилдэг байгууллага байх ёсгүй юм. Мянга, мянган залуусын нэгдэл болсон тус байгууллага тэгвэл юу хийв ээ. Энэ бол хөгшин настай залуусын байгууллагад тавигдах ёстой нэг асуулт мөн.
Зарим залуус цус шингэн ч үзэл бодлын хувьд ахмадуудаасаа "ахмад" байх нь бий. Харин зарим ахмадуудын үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж байгааг харахад залуусаас илүү залуу харагдах нь ч байна. Гол нь нас бол тоо. Аливаа байгууллагын хувьд ч бас адилхан. Монголын залуучуудын холбоо өдгөө зуун насыг зооглож байна. Хүний биологийн насаар бол хөгшиндөө орно. Өөрөөр хэлбэл, залуусын нэртэй тус байгууллага нийгэм дэх оролцооныхоо хувьд ч хэдийнэ хөгширчээ. Тиймээс зуун настай Залуучуудын холбоо шинэчлэгдэх, залуужих шаардлагатай болсон байна. Өнөөгийн залуус юу хүсч байгааг мэдэрдэг хурд хүч мөрөөдөл тус байгууллагад хэрэгтэй байна.
Цаашид энэ байгууллага 150, 200 жилийг үдэх ч өнгөрснөө, ахмадуудын туршлага, залуу үеийн эрч хүчтэй эрчлүүлэн ургашлах нэг зууны шинэ үе дээрээ зогсч байна. Өдгөө 1500 гаруй салбар нэгжтэй тус холбооны V Их хурал 2015 оны гуравдугаар сарын 28-нд хуралдсанаас хойш саяхныг хүртэл залуучуудын төлөөх “зүрх” нь зогссон. Үүнээс хойш дахин сэргэсэн нь 2020 оны дөрөвдүгээр сарын 24-н. Энэ өдөр VI Их хурлаараа Үндсэн дүрмийн таван зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан нь чиг үүргээ тодорхойлж, цаашдын ирээдүйгээ зурсан өдөр байв. Үүгээрээ дахин шинэчлэлийн салхи үлээсэн юм.
Залуусын гэх тодотголтой энэ байгууллага хүнээр зүйрлэвэл 100 насны төрсөн өдөр нь энэ онд тохиож байна. Анхлан бошгыг халахаар байгуулагдаж байсан Монголын залуучуудын холбоог Д.Сүхбаатар санаачилж байв. Тэртээ 100 жилийн өмнөх өдрийг сануулбал, 1921 онд дундуур Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатарын санаачилгаар Х.Чойбалсан нарын 10 гаруй залуу цугларч “Бошгыг халах Залуучуудын эвлэл” нэрээр байгуулсан нь Монголын анхны залуучуудын байгууллага мэндэлсэн түүх энэ юм.
Төдийгөөс өдий хүртэл Монголын залуучуудын холбоо хөлд орохдоо бүдэрч, хэлд орж, өсч томроод залуу насны эрмүүн хүсэл тэмүүллээр алдаж онож явсан бараан бас гэгээлэг өдрүүд олон бий. Алдах тоолондоо хат сууж, туршлага хуримтлуулж, онох бүртээ өнөөдрийн бидний гишгэх газар, үгээ хэлэх эрх чөлөөг олоход асар их хувь нэмрээ оруулсан хүндэлж хайрламаар залуучуудын гэх тодотголтой, ахмад байгууллага. Гэсэн ч залуусгүйгээр цаашдын ирээдүйг төсөөлөхгүй.
Тэгвэл залуус бид Монголын залуучуудын холбооны алдаанаас юуг ойлгов? Хэдийгээр үеийн үед залуусын үзэл санаан дор оршин тогтнож ирсэн ч улс төрийн эрх ашиг, намын хараат байдал залуусын үнэт зүйлийг уландаа гишгэлсэн нь тэдний дуу хоолой тасрахад хүрсэн нь 2000-аад оны үе.
Ийм боловч цаашид улс төрөөс хараат, залуусын дуу хоолой болж мянга мянган жилийн ойгоо угтаж, алдаа оноогоо дэнслэх учиртай. Өчигдөр бидний ахмад үе, өнөөдрийг бүтээж байгаа залуус бид ч бас өнгөрснөөс суралцаж маргаашийг бүтээхэд өчигдөр болно. Залуусын "ад үзээд" буй ахмадууд өнөөдрийг бүтээсэн шиг өнөөдрийн залуус ирээдүйг бүтээнэ. Төрийн бүхий л шатны байгууллагад үргэлжлэх залгамж халаа, ахмадуудын туршлага, залуусын эрч хүчийг нэгтгэх нь салбар салбарт хэрэгтэйг байгааг сануулъя.
Холбоотой мэдээ