ДАНИЙН ШИГШЭЭ ЕВРОД ТҮРҮҮЛЭХ ГУРВАН ШАЛТГААН
Алдах зүйлгүй
Данийн шигшээ баг тэмцээний өмнө түрүүлэх багуудын тоонд нэрлэгдэж байсангүй. Тэдний тэмцээнд түрүүлэх магадлал 5 хувиас доош байсан. Одоо тэдний түрүүлэх магадлал ерөнхийлөн үзвэл 25 хувь болон өссөн байна. Харин хиймэл оюун ухааны аналист таамаглалаар 8.4 хувь хэмээн тооцоологдож байгаа ажээ.
Энэ мэт одоог хүртэл өрсөлдөгчид дундаа сул баг хэмээн нэрлэгдэж буй нь хүлээлтийг бууруулж байна. Энэ нь тамирчид ч амар бөгөөд ямар нэг алдах зүйлгүй гэсэн сэтгэлзүйтэй тоглож байгааг харуулна. Данийн хувьд одоо энэ шатнаас хасагдсан ч харамсах зүйлгүй. Бусад багууд хөгжөөн дэмжигчид, мэргэжилтнүүд, хэвлэл гээд олон талаас өндөр хүлээлтийг авч буй учраас чухал шатны тоглолтуудад нягтрах аюултай. Харин Данийн талаас бэлдсэн зүйлсээ, тактикаа, ур чадвараа тултал гаргаж, сэтгэлзүй талаас чөлөөтэй тоглох боломжтой. Тэр ч утгаараа өмнөх шатуудад харагдаж байсан чанартай тоглолт дахин гарах магадлал өндөр юм. Хэрвээ тэгж чадвал одоогийн үзүүлэлтээр тэд тэмцээнд түрүүлэхийг үгүйсгэх арга алга.
Хана хэрэм мэт хамгаалалт
Англи, Данийн багууд хоёр үзүүлэлтээр үлдсэн дөрвөн багаас хамгийн сайн хамгаалалттай гэдгээ нотлон харуулж байна. Англичууд одоогоор нэг ч гоол алдаагүй байгаа бол даничууд нийт Еврод оролцсон багуудаас хамгийн цөөн удаа хаалгандаа оновчтой цохилт алдсан байна. Нийт 24 удаа л Данийн хаалга руу бөмбөг чиглэсэн нь тэдний хамгаалалт эсрэг багийн довтолгоог ажиллуулахгүй байгааг илтгэнэ. Тоглолтуудад илт давуу ялалт авч байгаагаас гадна эсрэг багаа довтлуулахгүй, хаалганд цохих боломжийг олгохгүй байна гэдэг маш том онцлох статистик юм.
Эриксений хүч
Даничуудын амжилт чанартай тоглолтоос нь гадна сэтгэлзүй гэдэг нь тодорхой буй. Тэмцээний эхлэлийг багийн гол тоглогч Кристиан Эриксений гунигт үйл явдлаар эхлүүлсэн нь тэдний энэ тэмцээний хувь заяаг өөрчилсөн гэхэд хэлсдэхгүй. Багийн лидер тоглогчийн хүнд байдалд сэтгэлзүй хэцүү эхлүүлсэн даничууд хоёр хожигдолтойгоор хэсгийн шатаа эхлүүлсэн. Харин гурав дахь тоглолтоос багийн анд Эриксений биеийн байдал нь дээрдсэнээр Даничуудын сэтгэлзүйн сэргэлт эхэлсэн. Сэтгэлзүй нь дээрдсэн даничууд алдах зүйлгүйгээр үндсэн тоглолтоо гаргаж эхэлсэн бөгөөд Эриксений төлөө өндөр амжилт үзүүлнэ гэсэн бодол нь тэднийг ийм төгс тоглолтыг үзүүлэхэд түлхэц үзүүлсэн гэж харж байна. Энэ бодол шат ахих тусам улам хүчирхэгжиж, даничууд улам хүчтэй болсоор байгаа. Одоо харин хоёрхон шат үлдлээ.
ТҮРҮҮЛЭХГҮЙ ГУРВАН ШАЛТГААН
Өрсөлдөгчид
Даничуудыг сайн байгааг үгүйсгэхгүй ч үлдээд байгаа багууд дундаа түрүүлэх магадлалаар арай бага гэж тооцогдож байгаа. Итали 2018 оноос хойш хожигдоогүй, англичууд нэг ч гоол алдаагүй, испаничуудын довтолгоо гоолыг урсгаж байгаа зэрэг фактууд Данийн эсрэг байна. Мэдээж эдгээр фактуудтай тулах Данийн эерэг фактууд олон байгаа ч Европын топ лигүүдийн топ тамирчид олонтой багийн эсрэг Дани бүгдээс нь илүү гарч түрүүлнэ гэдэг магадлалын хувийг багасгаж байна.
Анхны хүчтэй учраа
Английн шигшээ баг Данийн хувьд эвгүй өрсөлдөгч болж байна. Түрүүлэх магадлалаар Италийн ард жагсаж буй англичууд энэ удаагийн Еврод дэндүү нягт тоглолтыг үзүүлж буй. Шийдвэр гаргалтын эрх мэдэл зөвхөн дасгалжуулагчийн гарт байгаа мэт, хувь хүний дураараа шийдвэр зөвхөн Харри Кэйн, Рахим Стэрлинг гэсэн одуудаас нь л гарч байгаа гэхэд болно. Багаараа жигдэрсэн, тактик сайтай, нягт, нэг ч гоол алдахгүй байгаа Английн эсрэг Дани дэндүү хүнд тоглолтыг хийнэ.
Даничууд энэ шат хүртэл бут ниргэлтүүд хийсээр ирсэн ч үлдээд байгаа багуудаас харьцангуй сул багуудтай тоглож ирсэн. Ялалт авсан багууд нь ОХУ, Уэльс, Чех. Одоогийн нягт учраатай харьцуулвал хожиж болох багууд байсныг онцольё.
Туршлагагүй довтлогчид
Данийн довтлогчид онцгой байгааг үгүйсгэх аргагүй. Поулсэнг эзгүйд Долбэрг хоёр удаа гараанд гараад 3 гоол хийв. Дамсгаард тэмцээний туршид өндөр формтой тоглож байна. Залуу довтлогчдын хурд, ирээдүй зэргээ харуулан Данийн амжилтын гол хүчнүүдийн нэг болж буй. Гэхдээ чухал тоглолтуудад туршлага муутай залуу тоглогчид өмнөх шатны тоглолтоо үзүүлэхгүй байх тохиолдол бий. Тиймээс Данийг хөдөлгөж буй гол хүч энэ сул талаасаа болж ажиллахгүй бол Английн нягт хамгаалалтыг нэвтлэх боломж үүсэхгүй болов уу хэмээн имээж байна.
Холбоотой мэдээ