Чуулган: АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2021.07.07-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

Posted by News.mn on Wednesday, July 7, 2021

18 : 03
2021-7-7

АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо

АТГ-ын дэд даргыг томилох тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Г.Азжаргалын намтрыг хараад сууж байна. Эргүүлийн цагдаа байхаас мэргэжлээ дээшлүүлээд явж байгаа юм байна. АТГ-ын дарга З.Дашдаваа санал болгосноор нээлттэй сонсголоор УИХ-д орж ирж байна. Даргатайгаа баг болж ажиллаж, шударга үйлсийн төлөө ажиллахаар орж ирж байгаад амжилт хүсье. З.Дашдаваа даргаас асууя. Таныг томилоход бид асууж байсан. АТГ сүүлийн жилүүдэд үндсэн гол үүргээ умартаж улс төрчид эсвэл өрсөлдөгчид нэгнээ намнах, олон нийтийн сүлжээгээр “нүцгэн мэдээ”-г өөгшүүлээд баахан юм болдог л доо. Сүүлийн үед АТГ дорвитой ажил хийж байгааг харж байна.

ЭРХЭЛСЭН КОМИССАР Г.АЗЖАРГАЛ:

-АТГ-ын хуулиар хүлээсэн нэг үүрэг нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх. Энэ бол тэргүүлэх чиглэлийн ажил мөн. Урьдчилан сэргийлэх ажлынхаа мэдээллийн түгээлтийг сайжруулна гэж бодож байна. АТГ урьдчилан сэргийлэх ажлыг хүүхдүүд, бүх насны иргэдэд контент хэлбэрээр хүргэдэг. Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавьж байна. Төрийн зөвшөөрөл цахимжиж ил болох ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:

-Г.Азжаргалаас асууя. Орон нутагт авлига цэцэглэж байна. АТГ-ын дотоод хяналт шалгалтыг Авлигын эсрэг хуульд зааснаар газрын даргын бүрэн эрхэд байдаг. Дотоод хяналт шалгалтын газар юу хийдэг юм. Ямар шалтгааны улмаас АТГ-т шалгуулж буй хэргүүд усанд хаясан чулуу шиг алга болдог юм бэ. АТГ өөрөө авлигаас ангид байж чадах уу. Авлигаас хараат бус байж чадах уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:

-Томилгооны сонсгол хийсэн. Өөрийнх нь намтар, ажлын туршлагаас үзэхэд энэ хүн хариуцлагатай албыг хаших шалгуурыг хангасан гэж ойлгож байна. Сүүлийн жилүүдэд АТГ цагаан захтнуудын хэргийг шалгахад тодорхой ахиц гаргасан. Томилгооны сонсгол хийж нэр дэвшигчээс олон хариулт авсан. Асуултаас бултсан байдал ажиглагдаж байсан. Үнэнийг ярьж хуульд баримтлагдан ажиллах ёстой. Улс төрийн албан хаагчид мөнгө угаах, авлига албан тушаалын хэрэгт зарчмын өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Г.Азжаргалыг дэмжиж байна. Нөгөөтэйгүүр АТГ Засгийн газрын мэдэлд орлоо. Хамгийн их авлигатай газар төрийн өмчит компаниуд байдаг. Тухайлбал, "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой" гэх мэт компаниуд бий. "Эрдэнэс Тавантолгой"-г онцлон хэлмээр байх. Дарга нар өөрийн хувийн өмч шигээ ханддаг. Сүүлд захирлаар нь очсон залуу туйлж байх шиг байна даа.

ЭРХЭЛСЭН КОМИССАР Г.АЗЖАРГАЛ:

Нэгдүгээрт, төрийн өмчит хувьцаат компаниудтай холбоотой гомдол шалгагдаж байгаа. Тухайлсан хэрэг ярьж болохгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

АТГ анх удаа томилгооны сонсгол хийж АТГ-ын дэд даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж байгаа нь АТГ-д маш том дэвшил болж байна. АТГ сүүлийн үед ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж байгаа нь сайшаалтай байна.

Ийнхүү АТГ-ын дэд даргыг томилох УИХ-ын тогтоолыг баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Г.Азжаргал Эрүүгийн төлөөлөгчөөс эхлэн мерит зарчмаар ажиллаж, байгууллагадаа зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүнийг АТГ санал болгож, анх удаа УИХ-ын нээлттэй сонсголыг давлаа. Г.Азжаргал ОХУ-ын дотоод хэргийн их сургуулийг төгсч, АНУ-ын холбооны мөрдөх товчооны үндэсний академийг төгссөн. Удам дамжсан хуульч хүн" гэдгийг тодотголоо. Ийнхүү Байнгын хорооноос АТГ-ын дэд даргыг томилох асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтад 67 гишүүн оролцсоноос 48 гишүүн дэмжиж 71.6 хувийн саналаар дэмжигдлээ. Гишүүдийн олонх саналыг дэмжсэн тул АТГ-ын дэд даргыг томилох тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо. Уг тогтоолыг долдугаар сарын 7-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

17 : 54
2021-7-7

АТГ-ын дэд даргыг томилох тухай хэлэлцэж байна

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох зохицуулалттай.

Түүнчлэн тус газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэснийг баримтлан тус шаардлагуудыг хангаж буй Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Гаваасүрэнгийн Азжаргалыг дэвшүүлэн томилох саналыг танилцууллаа.

Нэр дэвшигч нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, яс үндэс халх. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй, ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.

Эрхэлсэн комиссар Г.Азжаргал нь 2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газар 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.

17 : 32
2021-7-7

Улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна

2021 оны Улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед УИХ-ын Төсвийн байнгын хорооноос эрүүл мэндийн ажилтнуудын шаардлагад хариу тайлбар гаргаснаа Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлэхээр болжээ.

Эрүүл мэндийн сайдын төсвийг: 2019 онд 939.9 тэрбум, 2020 онд нэг их наяд 8.6 тэрбум, 2021 онд 742.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн.

2021 оны төсвийн тодотголын хүрээнд үүн дээр нэмж Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулах зорилгоор нийт 241.2 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 493 тэрбум нийт 735 тэрбум төгрөгийн нийт санхүүжилтийг тусгасан. Энийг өөрсдөө зохицуулаад шийдэх боломжтой. 2011 онд 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталж өгсөн. Одоогоор хоёр их наядын төсөвтэй болж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Үүн дотор: 2000 ор дэлгэхэд шаардагдах 110 тэрбум төгрөг, резидент эмч нарын цалин 3.7 тэрбум, улаан бүсэд ажиллаж буй 13 мянган эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг, Эрүүл мэндийн салбарын нийт 19.5 мянган ажилтанд нэг удаа нэг сая төгрөгийн урамшуулал, судалгаа, шинжилгээ хийхэд 2.4 тэрбум төгрөг, заавар, зөвлөмж мэдээлэл, иргэдэд мэдлэг олгоход 6.6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын цахим системийг сайжруулахад гурван тэрбум төгрөг зарцуулах зэрэг санхүүжилт багтсаныг УИХ-ын дарга уншиж танилцуулав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

15 : 09
2021-7-7

Эмч ажилчдын цалинг гурван саяд хүргэхээр тохиролцсон

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Эмч эрүүл мэндийн ажилтнууд суулт хийгээд найм хонолоо. Эрүүл мэндийн ажилтны цалинг нэмэх асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Төсвийн тодотголоо хэлэлцүүлгийн аль ч шатнаас буцаан татах боломж байгаа. Эмч нарынхаа тэмцлийг үл ойшоох юм бол хүмүүсийн амьдрал хэцүүднэ. Цалинг нь дэмжихгүй бол цар тахал хүндэрнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Үйлдвэрчний эвлэлтэй өчигдөр хэлэлцээр хийсэн. 2021 оноос  хэрэгжиж эхлэх эрүүл мэндийн салбарын шинэтгэлийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилттэй тогтолцоо руу орсон. Эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлснийхээ  хэрээр санхүүжилтээ авна. Хэдий чинээ олон иргэнд үйлчилнэ, төдий чинээ санхүүжилт нэмэгдээд улмаар ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Үйлдвэрчний эвлэлтэйгээ хэлэлцээд цаашид цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, дундаж цалин гурван сая төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллая гэдэгт хэлэлцээр хийж гарын үсэг зурсан. Эхнээсээ эхлээд эмнэлгүүд цалингаа нэмэхээ илэрхийлсэн. ГССҮТ ажилчдынхаа цалинг 20 хувиар, ХӨСҮТ 20-30 хувиар, нэмж байна. Энэ жилийн хоёрдугаар хагас жилд халдварын нөхцөл байдал дээрдмэгц, үндсэн тусламж үйлчилгээ нэмэгдэхийн хирээр цалингаа нэмэх бүрэн боломжтой гэж харж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Төсвийн тодотголоо дуусгаад энэ асуудал бандан тас болно. Эмнэлгүүд цалин нэмэх асуудлыг тус бүртээ шийдэж байгаа гэдэг нь худлаа. Тэр бол шаардлагыг зогсоох гэсэн оролдлого. Төсвийн тодотголдоо 500 тэрбиумыг ЭМД-санг санхүүжүүлэх зарчмын саналыг АН-ын бүлгээс гаргасан. Бусдаар Нийгмийн даатгалын сангаас эмч нарын цалинг нэмэгдүүлнэ гэдэг огт хэрэгжихгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:

-Төсвийн тодотголыг УИХ-ын дэгийн тухай хуулиар бид хэлэлцсэн. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг гүйцэтгэлээр нь хийхээр оруулж ирсэн. Цар тахлын үед бусад өвчнийг эмчилдэг эмч нарын ачаалал буурсан байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдэд зөвхөн Covid-19-ийн өвчлөлтэй холбоотой ачаалал нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм билээ. Энэ бол зохицуулах боломжтой асуудал байсан. Дараагийн асуудал нь төрийн бусад албан хаагчаа яах юм. Эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлээ эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмаа бүрэн гүйцэд ашиглаад яв. Түүнийг ашиглаагүй байж НДС-ийн нийт мөнгөний дөрөвний нэгийг нь ашиглачхаад мөнгө нэмж өг гэдэг байдлаар хандах нь буруу гэж бодож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР:

-Цар тахлын улмаас эмнэлгийн оргүй, ажиллах хүнгүй болох эрсдэл бодитой нүүрлэж байна. Судалгаанаас авч үзвэл 30 мянган гаруй хүн энэ салбарт ажиллаж байна. Дунджаар 600 мянгаас нэг сая 200 хүртэлх төгрөгийг тэд гар дээрээ авч байна. Онцгой ачаалалтай ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санаа ёс суртахууны бодит дэмжлэг болж чадахгүй нөхцөлтэй байна. Илүү, цаг бусад хөлсөө цаг хугацаанд нь олгодог байх хэрэгтэй байна. Энэ удаад цалинг хоёр дахин нэмэгдүүлэх зохицуулалт хийж байгаа гэж ойлголоо. Цаашдаа багц арга хэмжээ аваач ээ. Зөвхөн цалин хөлс биш, ажлын байрны ахуйн хэрэглээ, байр унаа зэрэг багцаар нь шийдэх хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Сонгуульд зориулж төсөв батлаад тархи толгой угааж байгаад ийм болчихлоо. Үүний цаана ард иргэдийн амьдрал цадигаа алдлаа. Хүмүүсийг тэнэг гэж бодоод байгаа юм уу. Цалин хаана нэмсэн юм. АН-ын бүлэг тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоё гэж байсан. Ч.Хүрэлбаатар сайхан юм яриад огцроо биз дээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:

-Монгол Улсад вакцин оруулж ирэх чиглэлээр бүх боломжоо шавхаж ашигласан. Миний хэлснийг гуйвуулаад улс төр хийгээд байгаа юм уу. Гурван чиглэлээр вакцин авчирсан. Энэ сувгийг бид тултал ашигласан. Монгол Улс вакцинжуулалтаар дэлхийд тавдугаарт орсон байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Ч.Хүрэлбаатараа та Сангийн сайдаар нэлээн удаан ажилласан. Юм ойлгох юм болов уу гээд хэллээ. Тэрбум 400 мянган хүнтэй БНХАУ халдвараар ямар байна вэ. Хоёр дахь тунг хэн хоцроосон юм. ДЭМБ-ийн бүртгэгдээгүй вакцин оруулж ирээ биз дээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:

-Монгол Улсад ковакс хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека, Файзер вакцин оруулж ирээд явж байна. БНХАУ-ын Синофарм вакциныг бид худалдаж авсан. Спутник вакциныг оруулж ирэх талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд уулзахад юу гэж тайлбарласан бэ гэвэл “Орос өөрсдөө иргэдээ вакцинжуулж чадахгүй байна. ОХУ-д үйлдвэрлэж буй вакцинаа Монгол Улсад нийлүүлж чадахгүй гэдгээ хэлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: 

-Эмнэлгийн салбарынхны цалинг сайжруулах талаар өмнөх Засгийн газар бодитой ажил хийсэн. Өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг гүйцэтгэлээр санхүүжилтээ авах боломж одоогоор гарахгүй болов уу. Энэ дээр ЭМЯ зөв тайлбарыг эхнээс нь өгөх нь зүйтэй. ЭМД-ын санг энэ ондоо шавхчихаар, үлдэгдлийг нь улсын төсвөөс татаас авдаг сан болох вий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-Бухын доод талыг харж үнэг турж үхнэ гэж. Гүйцэтгэлээр санхүүжих ажиллагаа нь зөв гэж дэмжиж байгаа. Гэхдээ анхан шат, дунд шатанд хэрэгжихгүй байгааг харсаар байгаад анхан шатны эрүүл мэндийн салбарынхан сөхөрч уналаа. Энэ дээр арга хэмжээ аваач ээ. Ямар бодлого барих юм бэ. Сангийн яамнаас эрүүл мэндийн салбарынхны жилд цалинд зарцуулж буй мөнгөн дүнг тодорхой хэлээч ээ.

14 : 49
2021-7-7

“Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх нь тодорхой”

УИХ-ын чуулганы хуралдаан /07.07/

УИХ-ын чуулганы хуралдаан /07.07/

Posted by News.mn on Tuesday, July 6, 2021

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Эрүүл мэндийн даатгалын санг нэмэх зэрэг эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт цалин урамшуулал нэмэх, тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхтэй холбоотой төсвийн тодотгол хийх гээд эцэслэн баталж байна. Өчигдөр эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл, салбарын сайдтай нь уулзаж, шийдэлд хүрсэн. Хамгийн гол нь мэдээлэл байхгүй байна. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхэд эдийн засгийн болон эрх зүйн нөхцөл байдал санхүүжилтийг бид шийдсэн. Эмнэлгийн удирдлагууд төсөв захиран зарцуулагч нар гүйцэтгэлээ зөв үнэлээд явбал бидэнд өөр асуудал байхгүй. Эмнэлгийн дарга нар өөртэй нь ойр ажилладаг хүмүүсийнхээ гүйцэтгэлийг илүү үнэлдэг. Гэтэл шударга хэрнээ сайн ажилладаг хүмүүсийн үнэлэмж нь дутуу байгаа нь эмч нарыг жагсахад хүргэсэн. Долдугаар сарын 1-нээс эхлээд ЭМД-ын санд бидний суулгаж, өгсөн хөрөнгө мөнгөний хүрээнд цалинг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ бол бүрэн бололцоотой гэдгийг салбарын сайд хэлсэн. Тиймээс цалин хоёр дахин нэмэгдэх нь тодорхой болж байгаа. Хэрвээ ЭМЯ, эмнэлгийн дарга нар дээрх тохиролцоог мөрдөхгүй бол хариуцлага тооцно.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль эцэслэн батлагдлаа.  

17 : 46
2021-7-6

Өнөөдөр чуулганаар юу хэлэлцэх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /07.07/ 14.00 цагаас эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж