Евро 2020 драма: Даничуудын түүхэн хэлхээ

Хуучирсан мэдээ: 2021.07.06-нд нийтлэгдсэн

Евро 2020 драма: Даничуудын түүхэн хэлхээ

Евро 2020 драма: Даничуудын түүхэн хэлхээ

Хэсгийн эхний тоглолтдоо багийнхаа лидер Эриксенийг алдаж олон хөлбөмбөг сонирхогчдыг шоконд оруулаад байсан баг бол Данийн шигшээ. Уг үйл явдлын дараа хөлбөмбөг сонирхогчид тэднийг хагас шигшээ байтугай хэсгээсээ гарч чадахгүй хэмээн таамаглаж байсан юм. Гэвч тэд таамгийг эвдэж өөрсдийгөө хэр ирээдүйтэй, хүчирхэг баг болохыг батлан харуулаад байна. Тэгвэл бид та бүхэнд Данийн шигшээ багийг Европын аваргад хэрхэн оролцож байсан тухай сонирхолтой түүхийг хуваалцая.

60 жилийн түүхт хөлбөмбөгийн ЕАШТ-д эрт хүчээ үзсэн шигшээ баг бол Даничууд юм. Тэдний хувьд өмнө нь есөн удаа уг тэмцээнд тоосоо өргөж байжээ.

Анхны Европын аварга

Хамгийн анх 1964 оны Европын Аваргад орж хагас шигшээд шалгаран Зөвлөлт холбоот улс, Унгарын шигшээ багуудад хожигдон дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүлж байв. Үүний дараа тэд дөрөв дараалан тивийнхээ аваргын урьдчилсан шатаа давж чадалгүй нутагтаа үлдсээр байлаа. Ингээд яван явсаар тэд 20 жилийн дараа буюу 1984 онд Францад болсон Еврогийн аваргаар эргэн ирсэн юм. Хоёр арваны дараа дахин тивийнхээ аваргад хүч үзэхээр болсон тэд тухайн тэмцээний битүү морьд хэмээн нэрлэгдэж байлаа. Тэд хэсэгтээ  Франц, Бельги, Югославын шигшээ багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд хөлбөмбөг сонирхогчид тэднийг хэсгээсээ шалгарахгүй хэмээн таамаглаж байв. Гэвч тэд дөрвөн оноотой Францыг дагаж хасагдах шат руу орсоноор олон хүмүүсийн хараанд өртөж эхлэв. 

Ингэснээр хагас шигшээд Испаний шигшээ багтай учраа таарч тоглолт маш сонирхолтой боллоо. Тоглолтын 7 дахь минутанд Испаний хаалгачийн дутуу хаасан бөмбөгийг Данийн хагас хамгаалагч Лерби нэмж өшиглөн эхний гоолыг оруулж тоглолтыг илүүрхэж эхлэв. Хамгаалалт сайтай аль аль баг довтолгоогоо гүйцэтгэж чадалгүй явсаар 67 дахь минутанд Македагийн цохилтоор тоглолтын харьцаа 1:1 болон тэнцэж улмаар чөлөөт цохилтоор тоглолт шийдэгдэхээр болов. Харамсалтай нь Данийн довтлогч Элкиар Ларсен чөлөөт цохилтоо алдаж Испаний шигшээд хожигдон гуравдугаар байр эзлэн нутаг буцав. Тухайн тэмцээнд Францын шигшээ баг нутаг дээрээ манлайлан аваргын цомыг өргөж байлаа. 

Данийн азгүйтэл

Дөрвөн жилийн дараа 1988 онд Даничууд ахин даагаа нэхэхээр Германыг дайлаар мордов. Тэд Итали, Испани, Германы шигшээ багуудтай нэг хэсэгт орж үхлийн хэсэг бүрдүүлж байв. Гэвч хэсэгтээ нэг ч хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгаж ирэх Европын Аваргыг хүлээх болсон юм.

Үнсгэлжингийн үлгэрийн эзэд

Ийнхүү тэд 1992 онд  Шведийг зорьж Европын аваргад өрсөлдөхөөр болов. Тэд хэсэгтээ зохион байгуулагч орон Швед, Франц, Английн шигшээ багуудтай орж үхлийн хэсгийг бүрдүүлж байлаа. Сонирхолтой нь хэсгээс Швед, Данийн шигшээ багууд гарч Франц, Английн шигшээ багууд мултарч байсан нь тэмцээн эхнээсээ гэнэтийн үйл явдлаар дүүрэн эхэлснийг илтгэх биз ээ. Тэд хэсэгтээ нэг хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсоноор хагас шигшээд шалгарсан юм. 

Европын топуудыг ардаа үлдээсэн Даничуудын хасагдах шатны эхний учраа нь Алтан үеийн Нидерландын шигшээ байлаа. Харин  Данийн шигшээ баг том өрсөлдөгчидтэй нүүр туллаа гэж сүрдсэнгүй эхнээсээ нягт нямбай тоглолт үзүүлэв. Тэд тоглолтын эхний хагаст Хэнрик Ларсен дубль хийж тоглолтын турш тэргүүлж байсан ч  Нидерландчууд эцсийн мөчид 86 дахь минут дээр Райкард гоол оруулан тэнцүүлсэн юм. Тоглолт ч дахин гоол ороогүй өндөрлөж чөлөөт цохилтоор хэн нь аялалаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэхээр болж байв. Даничууд  ямар ч алдаа мадаггүй төвөгхөн таван чөлөөт цохилтоо амжилттай гүйцэтгэв. Харин нөгөө талаас алдарт Бан Бастен тохиолдлоор чухал цохилтоо алдаж Даничуудыг финалд шалгарах үүд хаалгыг нь нээж өгсөн юм.

Ийнхүү тэмцээнийг одтой эхлүүлсэн Данийн шигшээ баг финалд хүчирхэг Германы шигшээтэй нүүр тулахаар болов. 38000 фанатуудын нүргээн дунд 1992 оны Европын Аварга Шалгаруулах тэмцээний финалын тоглолт эхэлсэн бөгөөд удалгүй 18 дахь минутад Жон Иенсен гоол оруулж Данийн шигшээ тэргүүлж эхлэв. Тоглолтын эхний хагас ийнхүү өндөрлөж, хоёрдугаар үе ч эхэллээ. Гоол оролгүй тоглолт үргэлжилсэээр 80 дахь минутад Ким Вилфорт гоолдож хоёр онооны зөрүү үүсгэжээ. Ийнхүү Даничууд хүсэн хүлээсэн анхны Европын Аваргын цомоо өргөх мөч ойртсоор байв. Герман ч гоол оруулж амжилгүй тоглолт дуусч 1992 оны хөлбөмбөгийн Европ тивийн аварга Дани хэмээн цоллогдох болов. Үнсгэлжингийн үлгэрийн эзэд болох Евро 1992-ын шидэт домог Данийн шигшээ багтай холбоотой нэгэн түүхийг та бүхэнд хуваалцая.

Мэдээж домог гэхийн учир нь нэгэн уярам түүхтэй холбоотой. Тэр жил иргэний дайн дэгдсэний улмаас Югославын шигшээ Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасуулж, оронд нь Данийг оролцуулах гэнэтийн шийдвэр гарч байв. 

Тухайн үед шийдвэрийг тулгаж хэлсэн тул дасгалжуулагч нь ийш тийш утасдаж тамирчдаа цуглуулах гэж аргаа барсан бөгөөд бэлтгэл хийх ч цаг тэдэнд байсангүй.  Тэртэй тэргүй хэсгээсээ ч гарахгүй гэж бодсон хөлбөмбөгчид нь бүр тэмцээнд оролцохоос татгалзаж, дасгалжуулагч нь “Зүгээр л талбайд гараад бөмбөг өшиглөөд өгөөч. Яаж ийж байгаад хэсгийн тоглолт дуусгаад хүссэн газар руугаа тарцгаана биз” хэмээн гуйж гувшжээ. Хамгийн том хүндэтгэх шалтгаантай хөлбөмбөгчин нь Ким Вилфорт. Тэрээр цусны хорт хавдраар өвдсөн 7 настай охиноо эмнэлэгт сахиж байв. Гэвч охин нь “Аав аа, та Европын аваргад оролц л доо. Би таныг зурагтаар гарахыг хармаар байна” гэж гуйсан тул Ким шигшээ багтаа тоглосон гэдэг. 

Даничууд Англитай тэнцэж, Шведийг хожсоны дараа охины бие муудсан тул, багийнхан нь Францтай тоглохыг Вилфорт эмнэлгийн зурагтаар өвчтнүүдийн дунд суугаад үзэхэд хүрчээ. Францыг 2:1-ээр хожиж хэсгээсээ гарахад эмнэлэг даяар уухай хадаж, хөөрч баяссан охин нь “Та тэнд байвал би илүү их баярлана. Дараагийн тоглолтод очно гэж надад амла!” гэсэн тул Вилфорт тухайн үеийнхээ дэлхийн шилдэг баг Нидерландтай хийх тулаанд оролцохоор Швед рүү нисчээ. 

Ван Бастен, Райкард, Гуллит, Бергкамп зэрэг оддын цуглуулга болсон багтай Даничууд үндсэн цагт тэнцэж, пеналт цохив. Хэзээ ч алддаггүй Ван Бастен алдаж цохисоны дараа хайртай охиноо үхлийн саварт булаалгахын даваан дээр яваа, бүх талаараа ядарч гуньсан Вилфорт бөмбөгний ард ирэв. 

Тэрээр хорт хавдраар өвчилж үсээ хусуулсан хүмүүс эмнэлгийн зурагтын өмнө цугласныг нүдэндээ харж, тэдний дунд охин нь чичрэн суугааг үзэх шиг болжээ. Тэрээр “хэрхэн өшиглөснөө санадаггүй, харин бөмбөгийг тэдний төлөөх залбирал гэж төсөөлснөө л санадаг” хэмээн хожим нь ярьсан байдаг. Ингээд Вилфортын зүүн хөлний цохилтоор гоол орж Данийн шигшээ баг финалд шалгаран үлдсэн юм.

Итгэмээргүй хожлын дараа Вилфорт ахиад л гэр рүүгээ нисчээ. Гэвч эрх охин нь “Финалд та заавал тоглох ёстой. Та гоол хийх юм бол би эдгэнэ” гэж аавыгаа загнасан аж. Шувтаргын тоглолтод Германы хаалганд хийсэн Вилфортын үлгэр домог шиг гоол гэвч охины насыг уртасгасангүй. Европын аваргын цом өргөсөн гайхалтай ялалтынхаа дараа эмнэлэг рүү яаран буцсан эцэгтээ Лине охин “Миний аав чадлаа! Миний аав мундаг! Над шиг азтай охин байхгүй!” гэж хэлээд амьсгал хураасан гэдэг.

Данийн уналтын үе

Үүний дараа тэд 1996 оны Европын аваргад Португал, Хорватын шигшээ багуудтай нэг хэсэгт орж нэг хожил, нэг тэнцээ, нэг ялагдлаар мултарч байв. 2000 оны Европын аваргад ч мөн ялгаагүй хэсгээсээ гарч чадаагүй бөгөөд хэсэгтээ нэг ч хожил авч чадаагүй гэх муу амжилттайгаар гэрлүүгээ буцаж Данийн хувьд маш том уналтад ороод байлаа.

Итгэлийг алдсан Даничууд

Харин 2004 оны Евро дээр Данийн фэнүүд маш өндөр хүлээлт үүсгэж байлаа. Учир нь Ян Дал Томассон, Эббэ Сэнд, Мартин Лаурсен, Рене Хэнриксен тэргүүтэй бүрэлдэхүүний хувьд тун боломжийн учир хөлбөмбөг сонирхигчид магадгүй хагас шигшээд хүртэл явна ч гэж таамаглаж байлаа. Тэрээр хэсэгтээ Швед, Болгар, Италийн шигшээ багуудтай нэг хэсэг болон нэг хожил, хожигдол, тэнцээгээр хэсгээсээ хоёроор шалгарч тухайн үед маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан Чехийн шигшээ багтай хасагдах шатанд учраа таарсан юм. Харамсалтай нь Чехийн довтлогч Милан Барош ээлжит сайн тоглолтоо үзүүлж дубль хийснээр Данийн шигшээ баг энэхүү Евро дээр ахин мултарсан юм.

Тэд түүх бүтээж чадах уу

Ингээд 2012 онд хэсгээсээ мултарч, 2016 онд урьдчилсан шатаа ч давж чадаагүй хөлбөмбөг сонирхогчдын хэл амны бай болоод байлаа. Ийнхүү нэр төрөө сэргээхээр энэ жилийн Еврог зорьж ирсэн ч хэсгийн эхний тоглолтод багийн лидер, амин сүнс болох Эриксенээ алдаж тэдний хувьд хэсгээсээ гарахаас улдаар Эриксений биеийн байдал нь тэдэнд маш чухал байлаа. Олон ч сэтгүүлч, аналистүүд тэднийг сэтгэлээр унаж, тоглолтодоо анхаарж эхлэх ээ больж хэсгээс гарахгүй болов уу хэмээн таамаглаж байлаа. Гэвч бүх зүйл эсрэгээрээ болж тэдний сэтгэл зүй өмнөхөөсөө хэд дахин сэргэж Эриксений гэмтэл Дамсгаард, Долберг гэх мэт шигшээ багийн залууст маш том боломж олгож өөрсдийгөө батлах орон зайг гаргаж өгөв. Хэсгээсээ ч гарахгүй гэж дүгнэж байсан Данийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтодоо Оросыг 4:1, хасагдах шатны шөвгийн 16-д Уэльсийн шигшээ багийг 4:0-ээр хожиж Еврогийн түүхэнд хоёр тоглолтод дараалан дөрвөн гоол оруулсан анхны баг болоод байна. Улмаар шөвгийн наймд Чехийн шигшээ багийг 2:1-ээр хожсоноор хагас шигшээд үлдээд байна. Тэднийг энэ хүртэл явна гэж тийм ч олон хүн төсөөлөөгүй биз ээ. Тэд хагас шигшээ шатанд энэ тэмцээний топ багуудын нэг болох хүчирхэг Английн шигшээ багтай нүүр тулах юм. Уг тоглолт өнөө шөнө 03:00 цагт Английн Уэмблей цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд тэднийг түүх бүтээх эсэхийг өнөө шөнө бид харах болно.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж